Баялгийн санг “ХУЛГАЙЧ”-даас хуулиар хамгаалъя

1570496214_7953c4efb6e21b7ad1385bcbf37e776b13fdf820

Бүх улс орон баялгийн санг байгуулчихдаг юм биш л дээ. Баялагтай орон л  үүнийг хийж чаддаг. Монгол Улс дэлхийд байгалийн баялгаараа дээгүүр эрэмбэлэгддэг. Гэвч 2008 оноос хойш өнөөг хүртэл баялгийн сан байгуулах оролдлого хийсээр ирсэн ч бүтэлгүйтсээр өнөөг хүрсэн гэж хэлж болно.

Манай улсын хувьд хамгийн анх Улсыг хөгжүүлэх сан, дараа нь 2009 онд Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг баталж, анхны баялгийн санг байгуулсан. Уг сангийн зорилго нь ашигт малтмалын орлогоос тодорхой хэсгийг төвлөрүүлж, түүнийгээ тогтвортой өсөн нэмэгдүүлэх, иргэддээ тэгш хүртээмжтэй хуваарилна гэсэн боловч хангалттай хэмжээний орлого бүрдүүлээгүй. Шалтгаан нь амлалтын дор сонгууль явуулдаг. Амлалтаа хэрэгжүүлэх нэрээр арайхийн цуглуулсан сангийн мөнгөө шавхсаар баялгийн сан нь халамжийн сан болж хувирсан. Ингэж иргэддээ их хэмжээний бэлэн мөнгө тарааснаар хуримтлал мөрөөдөл болж ирээдүйдээ өртэй үлдсэн. Монголд ийм нэг бүтэл муухан түүхтэй баялгийн сан бий.
Харин энэ удаад баялгийн сангийн шинэ хувилбар буюу хэн дуртай нь гар дүрдэг бус хэн хэрэгтэйд нь, эдийн засагт жин дарж чадахуйц төсөл хөтөлбөрүүдэд хөрөнгө хаяж түүнээс хэд дахин илүү ашиг олж буцаан сандаа төвлөрүүлэхүйц хуультай, хяналттай баялгийн санг бий болгохоор зэхэж байна.
Энэ хуулийн төслийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнээр ахлуулсан ажлын хэсэг боловсруулсан бөгөөд өдгөө УИХ-д өргөн барихад бэлэн болжээ. Уг хуулийн төсөл батлагдвал Монгол Улсын эдийн засгийн өсөлт дунд болон урт хугацаанд тогтвортой өсөх шууд нөлөө үзүүлнэ гэж эдийн засагчид харж байна.
  • Хуулийн төсөлд баялгийн сангийн орлогыг хоёр төрлөөр төвлөрүүлэхээр тусгажээ. Нэг нь стратегийн ордын ногдол ашгаас сандаа төвлөрүүлэх нөгөө нь ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг баялгийн санд төвлөрүүлэх.
Харин баялгийн санд төвлөрсөн орлогыг гурван чиглэлээр зарцуулах гэнэ.
НЭГ: Баялгийн сангийн орлогын 10 гаруй хувийг гадагшаа тогтмол орлоготой, тодорхой шаардлага хангасан үнэт цаасанд хөрөнгө оруулахаар тусгажээ.
ХОЁР: Мега төслүүд буюу улсын ДНБ-ий 10 хувь, түүнээс дээш хувийн хөрөнгө оруулалт шаарддаг том төслүүдэд  санхүүжилт хийнэ.
ГУРАВ: Оюутолгой, Тавантолгой төслийг эдийн засгийн эргэлтэд оруулахад зарцуулахаар тооцсон байна. Ийм гурван хувилбараар баялгийн сангийн орлогыг зарцуулна. Ингэхдээ зарцуулалт бүрт тодорхой шалгуур тавьж байгаа. Тиймээс улс төр, төрийн оролцоо хумигдана гэж тодорхойлжээ.
Энэ хуулийн төслийг боловсруулсан “Эрдэнэс Монгол” компанийн Хөрөнгийн удирдлагын газрын дарга Б.Батмагнай  Баялгийн санд бүрдсэн орлогоос зарцуулалт хийгээгүй тохиолдолд 2028 онд нийт 44.1 их наяд төгрөг төвлөрүүлэхээр төсөөлсөн байна. Баялгийн сан байгуулснаар сангийн орлогын 50 хувийг түгжиж, үлдсэн 50 хувийг шаардлагатай хөрөнгө оруулалтад зарцуулахаар мөн тусгажээ. Ингэснээр хөрөнгө оруулсан нийт дүнг Засгийн газрын бондын хүү (15%)-ээр өсгөж тооцвол 2028 он хүртэл 3,216.2 тэрбум төгрөгөөр сангийн орлогыг нэмэгдүүлэх боломжтой хэмээн тооцсон байна.
Баялгийн сантай холбоотой өөр нэг хуульд өөрчлөлт оруулах тухай асуудал яригдаж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын иргэдэд ѳмчлүүлсэнээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой усны нѳѳц, ан амьтан тѳрийн ѳмч мѳн” гэж заасан байдаг. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай яриа халуун сэдэв болж буй энэ үед 6.2 дахь заалтыг эдийн засагчид болоод улс төрчид иргэд ч ихээхэн анхаарч байна.

Эдийн засагч Д.Жаргалсайхан “Байгалийн баялгийг АНУ, Австрали, Канад, Швед, Финланд, Шинэ Зеланд, Австри, Франц, Энэтхэг, Сингапур, Япон, Боствана, Норвеги зэрэг орнуудад Үндсэн хуулиндаа хэн нэг нь өмчлөх тухай огт заагаагүйг тэмдэглэх хэрэгтэй” гэжээ. Үүний адил манай улс ч Үндсэн хуулин дахь “төрийн өмч” гэдгийг өөрчилж одоо ба ирээдүй үеийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг баталгаажуулах, байгалийн баялгийн үр ѳгѳѳжийг Үндэсний баялгийн санд тѳвлѳрүүлж иргэн бүрд тэгш, шударга хүртээх ёстой гэж улс төрийн хүчнүүд, төрийн институцүүд байр сууриа илэрхийлж байна.
Ямартай ч “төрийн өмч” гэдэг нэр томьёог ард түмэнд ээлтэй байхаар өөрчилж баялгийн сангийн асуудлыг үндсэн хуульд оруулж чадвал хуримтлалын мөнгөнөөс хумслагчдад санаа нь байв ч  сачий нь хүрэхгүй болно. Баялгийн сангийн хуримтлалыг идэж, ууж үрэн таран хийх нүх цоорхойг тас хааж сангаа арвижуулах нь зүйтэй. Үүнд цоорхой үгүй хууль хэрэгтэй. Хулгай л хийхгүй бол баялгийн сан дорхноо өсдөг гэдгийг эдийн засагчид хэлдэг.
“Сан” бол мөнгө дутахаараа “идчихдэг” юм биш. Өнөөгийн бид ч идэж, уугаад дуусгах ёсгүй. Хурааж арвижуулаад хойч үе, ирээдүйдээ үлдээх баялаг байх ёстой” гэж судлаач Д.Ганхуяг баялгийн санг товчоор оновчтой тодорхойлсон.
Одоо үрэх биш. Ард түмэндээ бэлэн мөнгө тараах ч зөв биш.
  • Ирээдүйдээ зориулан хадгалж, хуримтлуулах, хуримтлалаараа олон салбар, мега төслийг дэмжиж баялагтай, баялгийн сантай эдийн засгийн аль ч шуурганд “ганхахгүй” ирээдүйг бэлдэх нь зүйтэй.
Баялгийн сандаа нэг наяд евро хуримтлуулж чадсан нэг жишээ нь Норвеги. Норвеги улсын эдийн засагт баялгийн сангийнх нь тусламжтайгаар ямар нэгэн хэлбэлзэл үүсдэггүй аж. Хэзээ нэгэн цагт Монгол Улс ч Норвегийн адил баялгийн сантай болохыг хэн мэдлээ.
Засгийн газар, УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар ийм л нэг жишиг сангийн менежментийг  Монголдоо нутагшуулахаар зорьж байгаа нь сайн хэрэг. Хуримтлуулж чадвал бүгд хожно. Газар доорх баялгаа одоо газар дээрх баялаг болгоё.
Иргэн баян бол улс баян гэдэг. Байгалийн баялгийг хэсэг нь хүртдэг биш иргэд бүгдээрээ хүртдэг байя.
ТӨР.МН

URL:

Сэтгэгдэл бичих