Хүнд зориулсан албан тушаал Хүзүү ороодог л юм байна

Хагархай засаг эмхэрч элэг бүтэн боллоо. 2008 оны сонгуулиас хойш олонхийн суудал авсан МАН анх удаа дангаараа засаглаж, Ерөнхий сайд С.Батболд өөрийн намынхнаар танхимаа 100 хувь бүрдүүллээ. Намынхаа бодлогоор шинэ сайд нарыг тодруулсан нь нэг талаасаа Ерөнхий сайдад сэргээш болох байх. Харин нөгөө талдаа УИХ-д 27 суудалтай сөрөг хүчнийг амь оруулсан гэдгээ Ерөнхий сайд С.Батболд өнгөрсөн долоо хоногийн улс төрөөс хангалттай мэдэрсэн. Хоёр нам хамтарч засаглаж байхад, сөрөг хүчин олонхийнхоо өвөрт 3.4 жил хоног өдрүүдийг чимээгүйхэн өнгөрөөж байхад улс төр харьцангуй тогтвортой байсан нь үнэн. Одоо сонгуулийн жил эхэлсэн, АН зургаан сайдаа татаж засгаас гарсан учраас МАН, АН-ын хоорондохь наалинхай ааш, дотроо дургүй байсан ч гаднаа найр тавьсан зохиомол харилцаа дуусгавар болж байна. Одоо үлдэж байгаа зургаан сарын хугацаанд АН сөрөг хүчнийхээ, МАН эрх баригчийнхаа үндсэн дүрд буцаад орохоос, дасахаас өөр сонголт байхгүй. Шинэ сайд нарыг томилох гэж хоёр долоо хоногийн гацаа, хэрүүл маргаан дэгдэв. Хоёр тийшээ хараад суухаараа хоёр долоо хоногийн хугацаа зарцуулдаг эрхэм гишүүд кноп дарж батлахаа болохоор ганцхан өдрийн дотор хуультай нь, сайд нартай нь “машиндаж” чаддагаа харууллаа. Хүсвэл гацааж болдог, эс хүсвэл кноп дараад бөөнддөг хуучирсан арга барил Монголын улс төрд хэдийн болтол амь бөхтэй орших юм бол доо. МАН-ынхан засгаа дангаар бүрдүүлэхдээ Тэргүүн шадар сайдын албан тушаалыг хадгалж үлдэхээр санал оруулж ирсэн нь хэрүүлийн гол сэдэв болсон. Ерөнхийлөгч МАН дангаар Засгийн газраа бүрдүүлж байгаа тохиолдолд энэ албан тушаалын хэрэг байхгүй гэж үзсэн юм. Төрийн тэргүүний энэ саналыг АН-ын бүлгийнхэн өлгөн авч улс төр хийх гол хөзрөө болгов. МАН-ынхан болохоор засгийн ажлыг намын ажлаас дэгүүр эрэмбэлсэн учраас У.Хүрэлсүх даргыгаа Тэргүүн шадар сайдад нэр дэвшүүлээд оруулж ирж байхад Ерөнхийлөгч, АН хоёр нийлж улс төр хийлээ гэж гомдоллоод л. Сайн анзаарвал Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ч, АН-ын бүлгийн гишүүд ч У.Хүрэлсүх гэдэг нэр дэвшигчийнх нь тухай ганц муу үг амнаасаа унагаагүй. Мэдээж хэрэг МАН-ыг доромжилсон нэгнийг шанаадахаас буцахгүй халуун цустай У.Хүрэлсүхээс тэд эмээгээгүй нь лав. Харин тодорхой хүнд зориулсан албан тушаалыг хадгалж үлдэх гэсэн оролдлого нь муухай харагдсан байх. Улст өрчдийн хэлж заншсанаар цөөнх нь олонхийнхоо ивээлд багтсан стандарт бус Засгийн газрыг байгуулахад АНын дарга Н.Алтанхуягт зориулж Тэргүүн шадар сайд гэсэн албан тушаал бий болгосон гэдгийг АН-ын бүлгийн олон гишүүн ил цагаан хэллээ, илчиллээ. АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр “МАН манай намын даргыг ажилтай байлгахын тулд Тэргүүн шадар сайдын албан тушаалыг бодож олсон юм” гэж барин тавин хэлсэн. Хэлсэн ч юу байхав үнэн л дээ. Өөрт нь зориулж бий болгосон албан тушаалыг чөлөөлөгдсөнийхөө дараа цомхотго гэж хэлэхэд АН-ын дарга Н.Алтанхуягт ч гэсэн хэцүү л байсан байх. Өрөөлийн намын даргад зориулсан албан тушаалыг өөрийнхөө намын генсект өгөх гэж зүтгэдэг нь МАН-ын том алдаа байлаа. Хэдийгээр Тэргүүн шадар сайдын албаа өгсөн ч Н.Алтанхуяг бол АН-ын лидер. УИХ-ын ээлжит сонгуульд намаа удирдах, ялуулах том хариуцлага нуруун дээрээ үүрч яваа улстөрч. Гэтэл сайд нарын томилгооноос болж боссон тоосонд баахан дарууллаа. Бүлгийнх гишүүдийн хэлж байгаагаар бол Н.Алтанхуягийн ажлын

байрыг МАН-аас бэлдэж өгдөг болж таарав. Засгийг богино хугацаанд бүрдүүлж өгнө гэж амлачихаад хэлсэндээ хүрдэггүй худалч нэр ч зүүж амжив. Нуухыг нь авах гээд нүдийг нь гэдэг шиг МАН-д бойкот зарлах гээд даргаараа туг тахидаг нь дэндүү ардчилалтай АН-аас л гарах улс төр биз ээ. У.Хүрэлсүхийн хувьд нэр дэвшсэн албан тушаал нь хүзүүг нь багагүй ороолоо. МАН Засгийн газрыг сонгуулийн штабаа болгох гэж байна гэсэн хардлага У.Хүрэлсүх Тэргүүн шадар сайдад нэр дэвшсэнээс үүдэлтэй хардлага байсан. Бүх шатны сонгуульд улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн дарга нь сонгуулийн ерөнхий менежерээр ажиллаж, намынхаа гал тогоог зангиддаг бичигдээгүй дүрэм үйлчилдэг болохоор ингэж хардахаас ч өөр арга байхгүй. Зүгээр л намынхаа ажлыг хийгээд явж байсан бол ингэж улстөржилтийн “бай” болохгүй ч байсан юм бил үү. Харин У.Хүрэлсүх нэрээ татаж (түүнийг татуулсан ч байж магадгүй), Тэргүүн шадар сайдын албан тушаалыг цомхотгох эр зориг гаргаж чадсанаараа нэр цэвэр үлдлээ. Ийм шийдвэр гаргааг үй байсан бол өөрт нь зориулсан албан тушаал хүзүүг нь хэдийн болтол ороох байсныг хэн ч таах аргагүй.
Б.ТҮВШИНТӨГС

URL:

Сэтгэгдэл бичих