“60 тэрбум”-ын гэх хэргийн хөөн хэлэлцэх хугацаа энэ сарын 9-нд дуусна

 650-1570165850712-1533288248maxresdefault-(1)

Нийслэлийн прокурорын газраас Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйлийн 82.1 дэх хэсэгт зааснаар “Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах” гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Ц.Сандуйд 16-20 жилийн ял төлөвлөсөн бөгөөд хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 9-р сарын 26-ны өдөр товлогдсон ч  түүний өмгөөлөгч өөр газар шүүх хуралтай гэдэг шалтгаанаар шүүх хурлыг 10-р сарын 7-ны өдрийг хүртэл хойшлуулсан байдаг.
“60 тэрбум”-ын гэх схемийг хэрэгжүүлэхийг завдсан гэх Нийслэлийн МАН-ын дарга асан Ц.Сандуй, “Шинэ Монгол хаад” ХХК-ийн захирал А.Ганбаатар нарын гэм буруутай эсэхийг тогтоох үйл явц сунжирсан нь хөөн хэлэлцэх хэлэлцэх хугацааг дуусгахаар зэхэж буйтай холбоотой байж магадгүй гэх хардлагыг дагуулаад байна.
Учир нь “60 тэрбум”-ын схемийг танилцуулж, хэрэгжүүлэхээр тохирсон өдөр нь 2014 оны 9-р сарын 9-ний өдөр. Тэгэхээр энэ сарын 9-ний өдөр тус хэргийг үйлдсэнээс хойшхи таван жил болж хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахаар байгаа юм.
Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл тоолох заалттай.
Тэгэхээр тус хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тун удахгүй дуусна. Магадгүй тус хэргийг прокурор, шүүх рүү сая шилжүүлдэг нь хөөн хэлэлцэх хугацааг нь дайруулж, хаах зорилготой ч байж мэдэх юм.

Үндсэндээ бол АН-ын лидерүүдтэй холбогддог хэргүүд яг ийм шат дамжлагаар хэрэг нь удааширч эцэстээ хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч хэргийг хэрэгсэхгүй болгодог жишээнүүд олон нийтэд ил болоод буй. Тодруулбал Нийслэлийн засаг дарга асан Э.Бат-Үүл түүний хүү Б.Чулуудай нарын хэрэг шүүхэд очсон ч мөн л тодорхойгүй шалтгаанаар өнөөдрийг хүртэл хойшлон удааширч байгаа. Мөн АН-ыг засгийн эрх барьж байх үед сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар нарт холбогдох Эрүүгийн хэргийг 2018 оны 9-р сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон.

Эрүүгийн хэргүүд тэр дундаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглан үйлдэгдсэн гэгддэг томчуудын хэрэг энэ мэтээр хэрэгсэхгүй болдог зарчмаар “60 тэрбум”-ын гэх Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хэрэг ч хөөн хэлэлцэх хугацааг хүлээж байх талтай гэх хардлага нийгэмд үүсээд байна.
Иймд Ц.Сандуй нарын энэ сарын 7-ны өдрийн шүүх хурал олны анхаарлын төвд эрхгүй оров.

http://www.sonin.mn/news/politics-fb-bot/105645


URL:

Сэтгэгдэл бичих