Үнэгүй олсон ардчиллаа “үнэтэй” гэдгийг ойлгоогүй 30 жил
Ардчилал хэрхэн мөхдөг вэ. “Өмнө нь Төрийн ордон руу нүргэлсэн танкууд чиглэж, ардчилал нэг л өглөө цэргийн хүчээр нуран унадаг байсан. Харин XXI зуунд энэ үйл явц алгуурхнаар өрнөж, ардчиллын бүтэц, бүрэлдэхүүн аажим аажмаар нурж, ард иргэдэд үйлчлэх учиртай төрийн институциуд эрх баригч намын хэрэгсэл болж, нийгэмд тэгш бус байдал үүсэх, сөрөг хүчнийхнийг шийтгэх, айлган сүрдүүлэх байдлаар өрнөнө. Ихэнхдээ чимээгүй, үл анзаарагдам үргэлжилдэг тул яг энэ өдөр ардчилал үгүй боллоо гэж хэлэхэд хэцүү. Гэвч та нэг л өглөө босохдоо ардчилал үгүй болсныг ухаарах болно” гэж Тhe New York Times сонины саяхны дугаарт нийтэлжээ.
Монгол Улс ардчилалд хөл тавьсны 30 жилийн ойг тэмдэглэж буй энэ өдрүүдэд ойн баяр ёслол гэхээсээ илүү Монголын ардчилалд дээрх аюул нүүрлээд байгаа юм биш үү гэдэгт үнэлэлт, дүгнэлт өгөх нь цагаа олсон хэрэг гэж бодно.
200 орчим жил дарлуулсан манжийн колоничлолоос чөлөөлөгдсөний дараах зурвас үеийг эс тооцвол монголчууд дахин 80 жилийг ЗХУ-ын хараан дор өнгөрөөсөн. Гэвч социалист систем гэдэг зассанаар сайжирдаг нийгмийн бат бэх тогтолцоо биш байж. Боломжит нөхцөлийг ашиглаж эрх чөлөөгөө олж авах гэсэн монголчуудын арга ухаан ч хэрсүү байж. 1990-ээд онд дэлхийн олон оронд өрнөсөн өөрчлөн байгуулалтын давалгааг Монголдоо өрнүүлж, Польш, Чех, Зүүн Герман, Болгар зэрэг орныхтой адил ард нийтийн эсэргүүцэл тайван замаар амжилтад хүрч, өнөөдрийн ардчилсан тогтолцоонд шилжээд 30 жил болж буй орны нэг нь Монгол. Зарим оронд коммунист дэглэм цус урсгасан хатуу ширүүн тэмцлийн дүнд нуран унасан байдаг. Тиймээс монголчууд ардчиллыг оготны хамраас ч цус гаргалгүй, үнэгүй олж авсан гэж тодотгодог.
Ардчилал бидэнд юу өгсөн бэ. Олон намын тогтолцоо бий болж, сүсэг бишрэлийн эрх чөлөөгөө олж, үг хэлэх, хэвлэн нийтлэх чөлөөт хэвлэлийн эх суурь тавигдаж, ардчилсан сонгуулиар төрийн эрх барих парламентаа бүрдүүлж, бие даасан гадаад бодлого хэрэгжүүлж, гадаад орон руу зорчих, бизнес хийх, өмчтэй байх боломж бий болсныг онцлон дурддаг. Энэ нь ч үнэн. Жам ёсны эдгээр өөрчлөлт, ололтуудтай зэрэгцээд олон сорилт Монголын ардчилалдалд хэдийнэ тулгарч эхэлжээ. Хүний эрх, эрх чөлөө, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, эвлэлдэн нэгдэх зэрэг ерөнхий үзэл санааг ардчиллын баримжаа болгодог байсан монголчууд хариуцлага, шударга ёсыг ардчилсан тогтолцооноосоо нэхэх болоод удаж байна. Товчхондоо, Монголын ардчилалд тулгараад буй гол бэрхшээл, сорилт нь улс төрийн намуудын төлөвшил, улстөрчид болон төрийн өндөр албан тушаалтнуудын хариуцлага, ёс зүй, улс төрийн соёлоос шууд хамаарах болоод байгаа юм. Хамгийн болж бүтэхгүй байгаа бүх зүйл улс төрийн хүрээнээс л гардаг. Бусад улсад хэрэв улстөрчид л ороод бужигнуулчихгүй бол иргэд, аж ахуйн нэгжүүд нь хийх ёстойгоо хийж, хөгжин дэвжиж байна. Улстөрчид хувийн хэвшлийн бизнесийг булааж, төрийн алба нь аливаа зүйлийг хийх эрх чөлөөгөө эдлэх ёстой иргэддээ хүнд суртал гаргаж, хясан боогдуулж байна. Харин эндээс авлигын үндэс тавигдаж, ил тод, нээлттэй байх ардчиллын нэг зарчим бүдгэрч байна.
Өнөөдөр Монголын нийгэм яагаад ийм их бухимдалтай, ардчилсан тогтолцоогоо буцаах хэмжээний эргэлзээ үүсчихэв ээ гэдэг нь дараагийн асуулт. Монголд ядуурал маш их байна. Гэхдээ засаглалын асуудлаас болж энэ ядуурал бий болоогүй, зөвхөн хүмүүст олдож байгаа боломж нь л тэр. Хүмүүс тэгш бус боломжийг эдэлж байна. Тухайлбал, эрх мэдэл, мэдээлэлд ойр хэсэг нь илүү боломжийг эдэлж байгаагийн хамгийн том жишээ бол ЖДҮ-гийн хэрэг. Уг дуулиан мандах үед “Ийм сайхан нөхцөлтэй зээл байдаг юм уу” гэж гайхшаа барж, нийгмээрээ цочирдсон нь тэгш эрх, тэгш боломжийг олгох ардчиллын бас нэгэн зарчим гээгдсэний баталгаа гэхээс өөр юу хэлэх вэ.
Сонгох, сонгогдох эрхээ бүрэн дүүрэн ашиглаж байна уу гэвэл бас л үгүй. Тэр тусмаа улс төрд орох, сонгуульд нэр дэвших эхний шалгуур нь хөрөнгө мөнгөний хэмжээгээр шийдэгдэж байгаа өнөө үед хэн илүү мөнгөтэй нь иргэдэд танигдаж, хэн их мөнгө тараасан нь улс төрд дээшээ гарч байна. Өөрөөр хэлбэл, Монголд ардчиллын зарчим аажим аажмаар бүдгэрч буй. Нийгмийн тэгш бус байдлын тогтолцооны энэ хямралаас болоод Монголын улс төр популизмаар амьсгалдаг болоод удаж байна. Улстөрчид, бүр төрийн зарим институцийн төлөөлөл нь санаатай, санамсаргүйгээр иргэдийн санаа бодлыг төөрөгдүүлж, худал амлалт, хий хоосон тунхаглал ярьсан “поп улстөрчид” болон тодорсоор. Орлогын хэт зөрүү, баян ядуугийн хоёр туйл популизмыг бойжуулдаг хөрс болдгоос хойш олон нийтэд таалагдаж л байвал юу ч хийж, юугаа ч худалдахад бэлэн болжээ, Монголын улстөрчид. Гэхдээ популизмыг гааруулж, ардчиллаа алдсаны төлөөс нь хэтэрхий үнэтэй байдгийн жишээг хоёр хоногийн өмнө Монголд ирж лекц уншсан Венесуэл улсын иргэн, судлаач Александра Панзареллигийн үг нотолно. “Боловсрол төвтэй улс төр” ТББ-ын зохион байгуулсан уг лекцийг Хотын захирагч асан Э.Бат-Үүл нээж хэлэхдээ “Венесуэл улсын инфляц өнөөдөр хоёр сая хувийг давсан. Манай улсыг ч ийм хувь заяа хүлээж байна” хэмээснийг энд тодотгоё.
Газрын тосны нөөцөөрөө дэлхийд тавдугаарт бичигддэг тус улсаас өдөр бүр 2000 хүн дүрвэж буй бөгөөд өнөөдрийн байдлаар 5.4 сая иргэн эх нутгаа орхин гарсан нь Сирийн дүрвэгсдийн хэмжээнд хүрчээ. Хойд Америк дахь ардчиллын үлгэр жишээ болж байсан тус оронд Уго Чавес гэх хүн төрийн эрхэнд гарснаар ардчилал нурах эхлэл болсон гэдэг. Тус улсын төрийг голлон барьж байсан хоёр нам дотроосоо ялзарч, улс төрийн ямар ч чадамжгүй болсон. Популист амлалт, тархи угаалтаар ард түмнээ хуурсаар, цэрэг, улс төр, эдийн засгийн бүх эрх мэдлийг өөртөө аажмаар төвлөрүүлсэн Уго Чавесийн дарангуйлал өнөөдөр түүний дүү Мадуро Чавесаар залгамжлан оршин тогтносоор буй. Венесуэлийн эдийн засгийн тогтвортой байдлыг хангадаг гол хүчин зүйл болох газрын тосны мөнгийг зөвхөн популизмынхаа кампанит ажилд зарцуулж байснаас Венесуэл улс уй гашуу, ядуурал гуйланчлал, үхэл өлсгөлөнгийн цөл болоод байгааг Александра Панзарелли хэллээ. Өөрөөр хэлбэл, бидний үнэгүй олсон гэж ярьдаг ардчиллаа алдвал ямар их үнэ төлдгийн нотолгоо энэ. Энэхүү нийтлэлийг бичиж суух зуур нийгмийн сүлжээнд Хонконгийн эрх чөлөө, ардчиллын төлөө тэмцэгчид ардчилсан улс орнуудын туг далбааг барин жагссан талаарх мэдээлэл гарсныг харлаа. Ямар ч байсан Монгол Улс ардчилсан, тусгаар тогтносон, бүрэн бүтэн улс хэвээрээ л байгаа юм байна. Харин одоо ардчиллаа хамгаалах нь л чухал байна.
Б.Энхжаргал
Засгийн газрын мэдээ
URL: