АТГ-аас гавьяат хуульч Б.Сарантуяаг шалгаж эхэлжээ
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай” зарлиг гаргаж нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлсэн. Авлигатай тэмцэх газраас эдгээр 17 шүүгчийг Салхитын мөнгөний ордын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа.
Энэ хэрэгт холбогдуулан Хууль зүйн ухааны доктор, Монгол Улсын гавьяат хуульч Л.Бямбааг анх шалгаж байсан. Л.Бямбаа Салхитын мөнгөний ордыг булаацалдагч Хятадын хоёр иргэний нэг талынх нь өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Түүнийг 48 цагийн хугацаатай баривчилсан ч суллагдах байсан 2019 оны хоёрдугаар сарын 24-ны өглөө Цагдан хорих 461 дүгээр ангид гэрээслэл бичин амиа хорлосон тухай мэдээлэл цацагдаж байсан.
Тэгвэл энэ хэрэгт холбогдуулан дахин нэг гавьяат хуулчийг шалгаж эхэлсэн байна. Бүрэн эрх нь түдгэлзсэн 17 шүүгчийн нэг нь Гавьяат хуульчийг шүүгч хүүтэй нь шалгуулахаар АТГ-т хандсан аж. АТГ-аас ШЕЗ-ийн зөвлөх Б.Сарантуяа болон түүний хүү нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүгч Г.Даваадорж нарыг холбогдуулан шалгаж эхэлжээ. Одоогоор шалгалтын ажиллагаа явагдаж байгаа учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг эх сурвалж мэдээллээ.
Б.Сарантуяа нь 2009 онд Монгол Улсын Гавьяат хуульч болсон.
shuud.mn
URL: