Түвд Ламын төрхтэй улс төрчид Монголд сайн сайхныг авчирах уу?
Социализмын өмнөх Монгол орны төрийг хэрэгт Богд хаанаар удирдуулсан “Том Толгой” лам нар идэвхтэй оролцож
шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж байжээ. Тодруулвал “лам“ гэсэн нэрийн доор сайн эрчүүд нууцаар үйл ажиллагаагаа явуулж бүр дайн байлдаанд ч ороход бэлэн байж. Юуных нь нөгөө шавьж, хорхой, амьтны хамар амнаас цус гаргахыг цээрлэх. Гэхдээ тэд эрх орон, тусгаар тогтнолоо хамгаалахын төлөө тэмцэж байжээ.
Өнөөгийн улс төрчид яг л түвд ламын аргаар ажиллаж байна. Харамсалтай нь тэдгээр улстөрчид Монголын сайн эрсийн аргаар биш харин Түвдийн шашинтнуудын аргаар ажиллах боллоо. Тэд найр, наадам хийж эргэл мөргөл, овоо тахилга зохион байгуулан өөрийгөө дөвийлгөн бүхий л шашний зан үйлийг ашиглаж байна.
Өөрсдийгөө төр ба шашний элч мэтээр харуулж ард иргэдийг төөрөгдөлд оруулах нь тэдний хүн чанаргүйг илтгэнэ. Саяхан Сэлэнгэ аймгаас нэр дэвшсэн УИХ-ын нэгэн гишүүн өөрийн нэртэй шинэ догшин бурхан айл болгонд тараасан нь аймаг даяараа догшин бурханд мөргөх болжээ.
Энэ юутай эмгэнэлтэй вэ? амьд хүн бурхан болно гэж байх уу? Ганцхан Сэлэнгэ аймагт ч биш баруун аймгууд ч бас адилхан. Шашны холбогдолтой эд зүйлсээр өөрийгөө сурталчилж, өрөөлийг хуурч байгаа түвд ламын төрхтэй улс төрчдийг харцгаа.
Өргөл барьц, хээл хахууль өгч авч албан тушаалд дээр дооргүй шунахайран тэмцэлдэх болжээ. Түвд ламын төрхтэй улстөрчид сүсэг, бишрэл, зөн, совин гэх мэт инстинкт болон рефлэксийн түвшинд мэдлэг боловсролоос хол юм ярьж буй нь өнөөгийн монголын улстөр хэт давжаарах нэг шалтаан болж байна шүү дээ. Эх оронд минь буглаад байгаа Түвд ламын улстөрийн гол онцлог гэвэл “бадарчин” болон “парагматик” гэсэн хоёр төрхүүдтэй .
Бадарчин төрхтэй улстөрчид худлаа ярих урлагтайн дээр мэдэхгүй боловч мэддэг мэт худлаа ярина. Чадахгүй боловч чадна хэмээн хоосон амлана. Хэн нэгнийг муулсан эсвэл дөвийлгөсөн элдэв цуу яриа гаргах нь энүүхэнд. Мянгуужингийн үлгэрийг ярих урлагт тэд дэндүү сайн суралцсан.
Нэгэнт мэдэхгүй бас чадахгүй учир яг л бадарчинтай адил. Сонгуулийн нэг тойргоос нөгөө тойрог руу хэсэн бадар барина, худал ярина. Сонгуулийн өдөр ойртох тусам санал авахын тулд бүр, айл гэрээр хэсэн, хонон өнжин хайр зарлах нь энүүхэнд. Бид энэ арга ядсан үйлдлийг нь сайн мэдэх хойно доо.
Парагматик төрхтэй улстөрчид өдөр бүр өөр өөр зүйл ярина. Тухайн үедээ хэнтэй уулзна тэр хүнд тааруулан ярьж өөртөө татан ашиглах гэнэ. Өөрийн гэсэн улстөрийн чиг шугамгүй зорьсон зорилго байхгүй. Зөвхөн нэр хүнд, мөнгө хөөсөн сувдаг сэтгэлтнүүд дараа гарах хор уршиг үр дагаврыг тооцохгүй бас хариуцлага ирнэ гэдгийг мартан зүтгэнэ. Өнөөдөр идсэнээ маргааш нь үргэлжлүүлэн дахиад л иднэ, зогсоно гэж үгүй бүр цаашилж улс эх орныхоо газар, шороог худалдана.
Харин өглөө хэлснээсээ орой буцдаг. Устган идэхийн тулд монгол хүмүүсийн хооронд яс хаяан дайсагнуулж үргэлжийн хямралд, төөрөгдөлд оруулна. Жишээ нь Таван толгойн асуудал хөндөгдөхөөр Хөшөөтийн уурхай ярьж эхэлнэ. Өөрсдөд нь ашигтай хууль гарах болхоор элдэв арга сүвэгчлэн ард иргэдийг анхаарлыг өөр зүгт хандуулна. Баяр наадмаар далимдуулан хуулиа батлахаа тэд бас мартахгүй ээ. Тэд мэдлэг боловсролоос холуур юм ярьж өргөл барьц бялдуучлал болон “бөгс долоогчдыг” олшируулдаг шүү дээ.
Монголчууд бид ардчилсан зарчмаар итгэл хүлээлгэсэн төлөөллөө сонгож парламентийг бүрдүүлдэг. Гэтэл төрийн хэргийг сул жолоодон сүүлийн 22 жил эх орны баялаг, сан хөмөргийг цөмлөн хоослоод ч сэтгэл нь үл ханаж 70-н жилийн түүхэн их бүтээн байгуулалт, хөгжлийг устгасан.
Харин оронд нь хаа сайгүй сүм хийд, суврага болон дөрвөн хөлтэй адгуусны хөшөө босгожээ. Үүнийгээ л улсын хөгжил гэж ойлгоод байх шиг. Хүний хөгжил нь хүний хөгжлийн сангийн дэвтрээр хэмжигдэх болж байна. Энэ хөгжил үү?
Түвд ламын төрхтэй улс төрчид монгол улсад мэдлэг боловсролыг хөгжүүлж, өндөр технологийн аж үйлвэрийг байгуулж чадахгүй шүү дээ? Түвд ламын төрхтэй өнөөгийн улс төрчид монгол орныг яг л паразит мэт шимж, бүхий л шимтэй, өнгөтэй өөдтэй бүхнийг сорж байна. Эдгээр хүмүүсээс салах цаг нь болжээ. Монгол орныг минь мэдлэгтэй боловсролтой улс төрчид л хөгжүүлж чадна.
Л.Болортулга
soninmn
URL: