200 саяыг “залгисан” шар зураасыг тоож байгаа жолооч алга
Ачаалал ихтэй дөрвөн уулзварт өнгөрсөн оны 10 дугаар сараас эхлэн дөрвөлжин шар тэмдэглэгээг хийсэн. Уг нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 15.22-т “Уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч (уулзвар нэвтрэх давуу эрхтэй буюу зөвшөөрсөн гэрэл дохио асаж байгаа эсэхээс үл хамааран) уулзвар руу орохыг хориглоно” гэсэн заалт бий. Шар тэмдэглэгээ хийх шаардлаггүй, замын хөдөлгөөний дүрэмдээ уулзвар руу түгжрэлтэй үед орохыг хориглосон заалттай.
Гэвч иргэд энэ дүрмээ мөрддөггүйгээс уулзварууд дээр ачаалал үүсдэг учир 200 сая төгрөг зарцуулж шар тэмдэглэгээ хийсэн гэдгийг албаныхан онцолж байсан. Тодруулбал, шар тэмдэглэгээ болон түүнтэй уялдаж ажиллах камер зэрэгт нийт 200 сая төгрөг шаардлагатай болж, нийслэлийн Засаг дарга санхүүжилтийг шийдвэрлэсэн байдаг.
Тухайн үед иргэд хэрэггүй зүйлд 200 сая төгрөг зарцууллаа гэж эсэргүүцэж, шүүмжилж байсан ч холбогдох албаныхан нь “Ачаалал ихтэй уулзваруудыг шараар тэмдэглэж, хөдөлгөөнийг зохицуулснаар түгжрэл буурахаас гадна дөрвөн замын уулзварт замын цагдаа гэрлэн дохиотой зэрэгцэн зохицуулалт хийх шаардлагагүй болно. Гэрэл дохио солигдох үед шар тэмдэглэгээн дээр зогсч байгаа жолоочийг хяналтын камер ашиглан илрүүлж, торгуулийн хуудсыг гэрийнх нь хаягаар илгээнэ. Ингэснээр замын уулзварт хөндлөн урсгалаас орж зам хаах, түгжрэл үүсэх асуудлыг арилгана” гэх тайлбарыг өгч байсан юм.
Энэ үйл явдлаас хойш нэг жилийн хугацаа өнгөрчээ. Тиймээс бид шар тэмдэглэгээг хийснээр ямар өөрчлөлт гарсан талаар сурвалжлахаар Багшийн дээдийн болон “Цэцэг” төвийн уулзварыг зорилоо.
Шар тэмдэглээг хийснээр замын хөдөлгөөний ачаалал 70 гаруй хувиар буурна, замын цагдаа гэрлэн дохиотой зэрэгцэн зохицуулалт хийх шаардлагагүй болно гэж тухайн үед албаны хүмүүс онцолж байсан ч уулзвар орчимд ачаалал буурсан зүйл харагдсангүй. Яг л урьдны адил түгжирч, машинууд нь шар зураасан дээрээ зогсож, замын цагдаа нь гэрлэн дохиотойгоо зэрэгцэн зохицуулалт хийж байлаа. Түүгээр ч зогсохгүй өнөөх үнэтэй шар зураас нь бүдгэрч, арилж байгаа дүр зураг харагдав.
Өөрөөр хэлбэл, шар тэмдэглэгээ хийсэн дөрвөн уулзварын хоёр дээр нь очиход нөхцөл байдал яг адилхан нүдэнд үзэгдэх үр дүн, өөрчлөгдсөн зүйл байхгүй байлаа. Шар тэмдэглэгээтэй байсан ч жолооч нар Замын хөдөлгөөний дүрмийг мөрдөлгүй, түгжрэлтэй уулзвар руу үхэн хатан дайрч, бусад чиглэлээ түгжрүүлсээр л байна. “Цэцэг” төвийн уулзвар орчимд 10 гаруй минут зогсоход аль аль чиглэлд хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар шар зураасыг огт тоохгүй байгаа нь харагдсан.
Тиймээс бид, шар тэмдэглэгээ хийснээр өдгөө ямар үр дүнд хүрч, хэчнээн хүнд хариуцлага тооцсон талаар Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс тодруулахад, “Замын хөдөлгөөний дүрмийн 15 дугаар бүлэг 15.2 дахь хэсэгт ”уулзварыг бүрэн гүйцэд нэвтрэн гарах боломжийг хязгаарласан түгжрэл, саатал бий болсон үед жолооч уулзвар руу орохыг хориглоно” гэж заасны дагуу зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчид хариуцлага тооцох ажлыг 2019 оны эхнээс зохион байгуулсан. Улмаар Улсын багшийн их сургууль, Байгалийн түүхийн музей, Цэцэг төв, Цаг-уур гэсэн 4 уулзварт шар шугамын тэмдэглэгээ хийж, камер суурилуулах, тохируулах, программ хангамжийн ажил хийх, турших зэрэг ажлыг хийж дуусган энэ оны дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дээрх уулзваруудад зөрчил гаргасан тээврийн хэрэгслийн эзэмшигчид хариуцлага тооцож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 2524 зөрчилд хариуцлага тооцсон байна. Тухайн уулзваруудад өдөрт 400 орчим зөрчил бүртгэгддэг ба 100 орчимд нь хариуцлага тооцдог. Учир нь өдрийн ихэнхэд нь тухайн уулзварууд цагдаагийн зохицуулалтаар зохицуулагддаг тул цагдаа зохицуулж байгаа үеийн зөрчилд хариуцлага тооцох боломжгүй байдаг” гэв.
Шар тэмдэглэгээн дээр зогссон тохиолдолд хэдэн төгрөгөөр торгож байгаа талаар Тээврийн цагдаагийн албанаас тодруулахад, “Одоогоор ачаалал ихтэй дөрвөн уулзварт шар тэмдэглэгээг хийсэн байгаа бөгөөд замын хөдөлгөөний үед тээврийн хэрэгсэл уг тэмдэг рүү орж зогсохыг хориглосон. Хэрэв уг тэмдэг рүү орж зогссон зөрчлийг камерын тусламжтайгаар илрүүлж хуулийн дагуу 20 мянган төгрөгөөр торгож байгаа. Шар тэмдэглэгээ рүү орж зогсох зөрчил нэг үеэ бодвол харьцангуй гайгүй болсон ч баяр ёслолын үе болон өглөө оройд ажил цуглах, тарах үеэр үүссэн замын ачаалалтай холбоотойгоор зөрчил бүртгэгдэж байна” гэсэн юм.
Шар тэмдэглэгээ хийснээс хойш ердөө л 2524 зөрчилд хариуцлага тооцсон гэдэг дэндүү онигоотой тоо. Худлаа хэлсэн хүнд нэг өдөрт л шар тэмдэглээтэй 4 уулзварт 2000 зөрчил гарч байгаа. Угтаа шар тэмдэглээ хийж байгаа нэрийдлээр татвар төлөгчдийн олон сая төгрөгийг “салхинд хийсгэж” байхаар Замын хөдөлгөөний дүрмээ мөрдүүлэх байсан юм. Аль хэдийнэ 200 саяыг залгисан шар зураас цаашид хэдэн ч төгрөг “зажлах” юм билээ, хэн мэдлээ. Учир нь будаг нь арилахаар дахин дахин будаж, сэргээнэ.
А.ОД
URL: