Төрийн ажил сайд нарын бус засаг даргын асуудлаас болж гацаж байжээ

АН хамтарсан Засгийн газраас гарч, зургаан яам үйл ажиллагаа явуулах боломжгүй болчихоод байхад МАН-ын бүлэг сайд нарын асуудлаар хэдэн өдөр хаалттай хуралдсан билээ.   Наанаа сайдын томилгоо ярьж байсан ч үнэн хэрэгтээ цаана нь зарим аймгийн Засаг дарга нартай холбоотой асуудал байсан гэх мэдээллийг эх сурвалж өгөв. Түүний хэлснээр бол улс орны чухал салбарууд “толгойгүй” болж, төрийн ажил гацаанд орчихоод байхад МАН-ынхан “Сайд нарын асууддаар хуралдаж байна” гэчихээд “Асуудалтай” байгаа Засаг дарга нарын оронд өөрсдийн хүнээ тавихаар эх адаггүй тэмцэл өрнүүлж суусан болж таарч байна.

Эдүгээ хэн нэг “нууц ноёнтны” командад багтахгүйгээр амжилт гаргана, мөнгө хийнэ гэдэг ойлголт байхгүй болоод байгаа билээ. Нууц ноёнтнууд багийнхаа төлөө ажиллаж, эрх ашгийг нь хамгаалахаар өөрийгөө зольж чадах хүнийг л өндөр албан тушаалд томилдог. “Нэг нь нийтийн төлөө, нийт нь нэгнийхээ төлөө” гэсэн зарчмаар ажилладаг. МАН-ынхан яг одоо фракц, фракциараа “эзэнгүйдсэн” Орхон, “эзгүйрэх” Говьсүмбэр аймгийн Засаг даргын суудалд өөрсдийн хүнээ суулгах их тэмцлийг ид өрнүүлж байгаа гэнэ. Ийм болохоор ч тэр үү, сайдын асуудал ярих гэхээр л багийн тоглолтоос шалтгаалж аймгийн Засаг даргын асуудлыг хөндчихөөд байсан гэнэ. Аймгийн Засаг ноёны суудал сайдын суудлаас дээгүүр үнэлэгдэх болсон нь сонгууль ойртсоны бас нэг дохио юм болов уу.

МАН-ынхан өнгөрсөн намар болсон Удирдах зөвлөлийн хурлаараа намын нэрийг бүс нутагт унагаж байгаа Засаг дарга нарыг халж солих асуудлыг анх гаргаж тавьсан. Нам доторхи фракциуд энэ үеэс л идэвхжин Засаг дарга нарыг огцруулах, оронд нь өөрсдийн хүнээ тавих бэлтгэл ажлыг эхлүүлсэн гэж болно. Ер нь МАН дотор фракциудын ийм тэмцэл байнга л болж байдаг гэнэ. Ихэнхийг нь маш үнэмшилтэй шалтгаанаар хийдэг ч үе, үе “азаартах” нь бий. Шүлхий өвчин гарах үеийг далимдуулан ямар ч гэмгүй Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурийг огцруулах гэж байсан явдал үүний хамгийн тод жишээ. МАН-ын фракциудын дунд ийм “арчаагүй” аргаар тэмцэлддэг явдал бараг “зарчим” болсон бололтой.

Ийм “увайгүй” ажиллагааг бүр өргөн хүрээтэй явуулахыг намын удирдах зөвлөл намрын хурлаараа албан ёсоор зөвшөөрсөн хэрэг. С.Батболд харин чуулганы хуралдаан дээр нам нь ямар нэг фракциар томилгоо хийдэггүй гэж байсан. Үнэмшил муутай сонсогдож байна лээ.

Орхоны ИТХ 28 төлөөлөгчтэйгөөс ердөө дөрөв нь АН-ынх ба бусад нь бүгд МАН-ын төлөөллүүд. Ер нь МАН орон нутгийн сонгуульд ялагдаж байсан түүхгүй. УИХ-ын сонгуульд амжилт гаргах гол “хөзөр” нь орон нутагт хяналтаа тогтоох явдал гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Тиймээс МАН-ын хувьд аймгийн Засаг даргын суудалд сайдын суудлаас илүү ач холбогдол өгдөгт гайхах хэрэггүй юм. “Сонгуулийн үеэр шавар болж мэдэх нөхдүүдийг зайлуулах” нэртэй явагдсан энэхүү кампанит ажлын эхнийх нь Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбат болсон билээ. Түүний хувьд багийнхаа эрх ашигт хэтэрхий гэмээр идэвхтэй үйлчилснээс болж хариу мэхэнд орон он солигдох мөчид огцорсон. Орхон аймгийн ИТХ-ын 28 гишүүний 24 нь МАН-ынх байтлаа ингэж шийдсэнийг “Эрдэнэт” үйлдвэрийн захирал Ч.Ганзоригийн “захиалга” гэж хардах хүмүүс ч байв. Орон нутгаас ГОК-ийн Үйлдвэрлэл эрхэлсэн орлогч дарга З.Ганбаатар, аймгийн Гаалийн газрын дарга Винтов нарыг Д.Оюунбатын оронд томилуулахаар Засгийн газарт санал оруулсан нь энэ таамгийг баталсан. Гэтэл Удирдах зөвлөл Ё.Баярсайханыг баталсан явдал фракциудын хооронд дайн дэгдэх эхлэл болжээ. Ё.Баярсайхан Удирдах зөвлөлөөс дэмжлэг авсан ч нөгөө тал хариу арга хэмжээ авсны дүнд Засгийн газраас дэмжлэг авах эсэх нь тодорхойгүй болчихоод байгаа гэнэ. Уг нь орон нутгийн саналыг сонсох ёстой байсан ч МАН-ынхан хүч түрэмгийлэн Удирдах зөвлөлөөсөө түүнийг Засаг дарга болгохоор болж байгаа нь маргааны эх үүсвэр болжээ. Говьсүмбэрийн Засаг дарга Ж.Баянмөнхийг барьсан хэрэг ч фракциудын хэн нь хүчтэйгээ үзэх, хүчирхэгжихийн төлөөх энэ тэмцлийн үр дүн байж болох талтай. Ж.Баянмөнх УИХ дахь МАН-ын бүлгийн даргын туслах байсан бөгөөд экс дарга түүнийг барьсанд хилэгнэж, АН-д элдэв үг шидсэн сураг сонстож байсан.

Ж.Баянмөнхийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн 264 дүгээр зүйлийн 264.2 /төрийн албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх/, 268 дугаар зүйлийн 268.2 /хээл хахууль авах/ гэмт хэрэгт 2012 оны нэгдүгээр сарын 23-ны өдрөөс цагдан хорьж байгаа юм. Шивээговь сумын “Илчлэг шивээ” орон нутгийн өмчит үйлдвэрийн газрыг “Менежментийн гэрээ” нэрээр өвөрмонгол найз Түмэнбаяртаа өгөхөөр зүтгэж хувьчлалын комисс болон доод тушаалтнуудаа будилуулсан хэргийг нь сөхөөд байгаа.

Цаашлаад Увс аймгийн Засаг дарга Э.Цасчихэр, Дорнод аймгийн Засаг дарга Ц.Жанлав нар ч фракцийн тэмцлийн “золиос болох” магадлалтай юм байна. Увсын Засаг дарга Э.Цасчихэр мөн дээрхтэй адил хэрэгт сэжигтнээр татагдаад байгаа билээ. Өөрөөр хэлбэл, Ж.Баян-мөнх, Э.Цасчихэр нарын хувь заяа Орхоны Засаг дарга хэн болохоос шалтгаалах болчихоод байгаа аж.

Х.Батсайхан


URL:

Сэтгэгдэл бичих