Бодлоор биш бодлогоор эдийн засгаа өөд нь татъя

15694603015d8c104dce60bГүйцэтгэх засаглалын тэргүүний хийх ажил, барих бодлого уг нь тодорхой. Эдийн засгаа өөд нь татах бодлогын шийдэл гаргаж том төслүүдээ хөдөлгөсөн шигээ сууж байвал Ерөнхий сайдтай ярих юм байхгүй. Сайн ажиллаж байна гэж толгой дохисон шигээ суухад асуудал алга.  Гэтэл манай Ерөнхий сайд нэг л биш ээ. Байсхийгээд хурган дарга нараа дуудаж загнадаг, эсвэл эдийн засгийн хамаг ачааг нуруундаа үүрсэн уул уурхайн лицензийг хомроглож цуцалдаг нөхөр л шаргал ордонд тухалж байна.  Эдийн засгаа аврах, өөдлүүлэх гэхээс илүү нураах, сүйтгэх чигийн алхам хийх боллоо. Мань эрийн энэ сүржин төрх, сүртэй аяг улстөрчийнх нь хувьд  рейтингээ өсгөх ашигтай байж болох ч улс орны эдийн засагт жинхэнэ дайсагнал болж байна. Бизнесүүдийг боомилсон шийдвэр их гаргаж байгааг онцлохгүй орхиж болохгүй. Бизнесийг боомилох хэрээр ажлын байр багасч, тэр хэрээр орлогогүй иргэдийн тоо өсдөг гэсэн том эрсдэл бий.

Ер нь аль ч улсад эдийн засгийн бодлого нэгдүгээрт тавигддаг. Эрх баригч намууд нь эдийн засгаа бүхэлд нь хараад, зөв шийдэл гарц гаргалгаа гаргаж урагшилдаг. Харамсалтай нь эрх барьж байгаа МАН-д тийм алсын хараа алга. МАН засгийн эрх атгасан 2016 оноос хойш эдийн засагт тэр гээд хэлчихээр бодлогын зөв шийдэл харагдсангүй. Харин эдийн засгаа унагах чигийн үйлдлүүд л их хийлээ. Хамгийн тод жишээ нь эдийн засгийг нуруундаа үүрсэн уул уурхайн салбар явуулсан бодлого. Салхитын тусгай ажиллагаа, Оюу толгой тойрсон үл ойлголцол, Таван толгойгоос хэн илүүг идэх вэ гэсэн тэмцэлдээн гэж ирээд жагсаавал багагүй урт жагсаалт гарна.  Сүүлд гэхэд л лиценз цуцлалтыг хомроглож хийлээ. Цаашид ч лиценз цуцлалт үргэлжилнэ гэж хөмсгөө зангидаж суугаа, манай Ерөнхий сайд.

Сүүлийн үед өрнөж буй сэлэм эргүүлэлт, поп шийдвэрүүдийг ажиглахад нэг л зүйл тодорхой байна. Манай улсад эдийн засгийн урт хугацааны бодлого, алсын хараа гэж алга. Нэг нам нь гарч ирээд нөгөө намынхаа эхлүүлснийг үгүйсгэдэг, хэн нь илүү  идэх вэ гэсэн уралдаан нам хооронд, бүр цаашилбалд нам дотор хүртэл хүрээгээ тэлсэн болохоор эдийн засаг урагшлахгүй, хөрөнгө оруулалтын орчин сайжрахгүй байна.

Ерөнхий сайд мундаг эдийн засагч ч юм уу, бизнесийн амьдралыг гадарлаж, доторлодог хүн байх албагүй л дээ. Дажгүй хөгжиж яваа улсуудыг анзаарах нь ээ Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь эдийн засгийн зөвлөхүүдээрээ салбартаа гялалзсан нөхдийг урьж авчраад ажиллуулж байгаа харагддаг. Сүүлийн жишээ гэхэд л АНУ-ын ерөнхийлөгч Трамп байна. Бизнесийн ертөнцийн хамаг мундгуудын үгийг сонсч, бодлого шийдлээ гаргаж явна.  Тийм учраас улсынх нь эдийн засаг өнгөлөг, гэгээлэг яваа.  Гэхдээ Ерөнхий сайдын зөвлөхийн асуудал эдийн засгийн урт хугацааны бодлого шиг нэгдүгээрт тавигдахгүй. Хорь, гучдугаар асуудал. МАН эдийн засгийн холч хараагүй байлаа гэхэд ядаж Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх бизнес, хөрөнгө оруулалтаа гадарладаг байвал сэлэм эргүүлэлтийн тоо цөөрөх магадлал бий. Уг нь Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхөөр ажиллаж байсан Н.Энхбаяр салбараа мэддэг, хөрөнгө оруулалтын орчноо мэдэрдэг, эдийн засгийг макро төвшинд харж чаддаг чадварлаг мэргэжилтэн. Гэтэл саяхан түүнийг Хүрэлбаатараар сольчихсон. Эрүүл мэндийн яаманд ажиллаж байсан гэдгийг нь л олон нийт хальт хульт гадарлах нөхөр ийм албан тушаалд оччихоор юу ярихав.  Ер нь тэгээд Ерөнхий сайдын эргэн тойронд эдийн засаг доторлодог байтугай гадарладаг нь ч алга.

Худалдааны дайны зөрчил хэчнээн хугацаанд үргэжлэх нь тодорхой бус байгаа ийм үед, дэлхийн санхүүгийн зах зээлийн ирээдүйд гутранги таамаг давамгайлсан өнөө цагт, доллар олж ирдэг эрдсийн зах зээл яах нь тодорхойгүй байхад Ерөнхий сайд маань энэ янзаараа сэлэм эргүүлээд байвал хэцүү. Нэг хоёр жилийн дараа бондын төлөлт гэж том даваа бий.  Ийм өндөр эрсдэлтэй үед эдийн засгаа дажгүй авч явахын тулд ухаалаг шийдэл, мэргэн бодлого хэрэгтэй байна даа.

http://www.zaluu.com/read/3dbdbae8c


URL:

Сэтгэгдэл бичих