18 килограмм алтны хэргээр Монголбанкны гурван ажилтанд эрүүгийн хэрэг үүсгэв
Монголбанкнаас экспортолсон алтны сорьцыг өөрчлөх замаар өөрсдөдөө ашиг унагаж байсан алба хаагчдыг цагдан хорьсон гэх мэдээлэл гараад байгаа билээ. Эл хэргийг анх Монголбанкныхан илрүүлж, цагдаагийн байгууллагад хандсан гэх мэдээлэл ч бий. Энэ талаар албаны эх сурвалжаас тодрууллаа.
-Монголбанкнаас алт алдагдсан гэх мэдээлэлд албан ёсны хариулт өгөхгүй юу?
-Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс болон УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэг мөрдөх хэлтэс Монголбанк хамтраад алт хулгайд алдагдсан хэргийг шалгаад эрүүгийн хэрэг үүсгэсэн. Түүнчлэн энэ хэрэгт дээрх газруудаас хамтарсан ажлын хэсэг томилогдон, ажиллаад шалгалтын ажил үргэлжилж байна.
-Хэчнээн хэмжээний алтыг ямар замаар гаргасан байдаг юм бол. Энэ хэрэгт хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байна вэ?
-Манай улсаас алтыг цэвэршүүлэх зорилгоор гадаадад гаргадаг. Ингэхдээ 2003-2011 оны хооронд гаргаж байсан алтнаас байнга тодорхой хэмжээгээр дутаж байсан нь эхний байдлаар тогтоогдоод байна. Энэ найман жилийн турш нийт 18 килограмм алт дутагдсан нь илэрсэн. Одоогийн байдлаар энэ хэрэгт холбогдуулан гурван хүнийг шалгаж эхлээд байна.
-Стандартчилал хэмжилзүйн газраас хүмүүс шалгаж байна гэсэн мэдээлэл бий?
-Стандартчилал хэмжилзүйн газраас энэ хэрэгт холбогдуулан ямар ч хүнийг шалгаагүй. Харин Монголбанкны Эрдэнэсийн сангийн ажилтан, албан тушаалтнуудыг шалгаж байна. Энэ хүмүүс гадаад улсад алтыг авч гараад цэвэршүүлдэг. Ингээд эргэж оруулж ирэхдээ тодорхой хэмжээгээр дутаадаг, авч гарсан алт нь эргээд жиндээ хүрдэггүй асуудал удаа дараа гарч байсан нь илрээд байна. Өмнө нь цагдаагийн байгууллагаас энэ төрлийн алт дутагдсан хэргийг удаа дараа шалгаж байсан. Харин энэ удаагийн 18 килограмм алт дутагдсан хэрэг бол 2003-2011 оны хооронд хийсэн нэгдсэн дүн гэсэн мэдээллийг өглөө.Тэрбээр цааш нь хэлэхдээ “Гэхдээ энэ хэргийг дөнгөж шалгаж эхлээд байна.
Цааш нь холбогдох газруудад шапгалт явуулна. Дахин нэмж хэн нэгнийг шалгахыг үгүйсгэхгүй гэсэн юм. Одоогоор ажил үүргийнхээ хуваарийн дагуу дээрх хүмүүс шалгагдаж байгаа аж. Ам.долларын ханш өндөр байгаа энэ үед 18 килограмм алтыг мөнгөн дүнгээр нь тооцоож үзвэл нэлээд их тоо гарах юм. Дэлхийн зах зээл дээрх алтны үнийн өчигдрийн ханшаар тооцож үзэхэд л 20 кг алт нь 1.2 сая ам.доллар буюу 1.6 тэрбум төгрөг болж байгаа юм.
М.ӨНӨРӨӨ
URL: