Цөмийн энергийн салбарт цүү хаяж тоглоцгоож эхэлжээ
Холын юмыг ойртуулж, ойрын юмыг холдуулагч зуун хэмээн энэ зууныг тодорхойлж болох мэт. Тухайлбал цөмийн энергийн газар гэж байдаг эсэх, тэнд ажиллагсад чухам юу хийдгийг бидний Монголчууд өнгөрсөн жилээс л хальт мульт ухаарах болсон. Өмнө нь бол орос ах нарт хэрэгтэй уран гэгчээр л тоймолдог байсан хэрэг. Өөрөөр хэлбэл эх нутгийг маань цөмийн хаягдлын оршуулгын газар болгохоор эрх мэдэл бүхий хүмүүс баримт бичигт гарын үсэг зурсан гэх дуулиан цөмийн энергийн салбарыг хүссэн хүсээгүй сонирхон харахад хүргэсэн гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Дээр нь Японд болсон цунами Фүкүшимагийн атомын цахилгаан станцад осол гаргах хэмжээнд хүрснээр олон хүн яг энэ салбарыг нүдээ бүлтийлгэн ажиж, хэрхдэг гэнэв хэмээн чихээ дэлдийлгэн сонордох хэмжээнд аваачсан.
Ерөнхийдөө өнгөрсөн онд дэлхийн хэмжээнд эрчим хүчний эх булаг хэмээгдэж байсан атомын цахилгаан станцуудын рейтинг навс унасан жил болж өнгөрсөн билээ. Тухайлбал, Герман улс 2022 он гэхэд атомын бүх цахилгаан станцаа зосоох бодлого баримталж байгаагаа албан ёсоор мэдэгдсэн. Мөн Евро бүсийн таван орон энхийн атомаас татгалзах болсноо мэдэгдэв. Гагцхүү Япон улс л эрсдэлээс үл айн эрчим хүчнийхээ 50 хувийг атомын цахилгаан станцаар хангах хөтөлбөр боловсруулж буй тухайгаа мэдэгдсэн билээ.
Мэдээж энэ мэдэгдэл энгийн иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Угаас тус улс ус, нар гэхчлэн сэргээгдэх эрчим хүчнээс цахилгаан үйлдвэрлэх бүрэн боломжтой гэж олон улс үздэг. Олон улсын байдал ийн ороо бусгаа байх энэ цаг дор манай улсад 1.3 сая тоннын нөөц бүхий ураны орд илэрсэн нь олон улсын цөмийн энергийг эрхэмлэгчдийн анхаарлыг өөрийн эрхгүй татсан. Тэр ч утгаараа уран бол орос ах нарт хэрэгтэй зүйл. Хайрт ахдаа уран олдвол өгөх ёстой гэхээс өөрийг мэддэггүй байсан монголчууд уран олборлон зарж борлуулах, цаашилбал атомын цахилгаан станц барьж, цөмийн эрчим хүч үйлдвэрлэх гэхчлэн асар том төлөвлөгөө боловсруулан дэлхийн улс орнуудтай Тунхаг бичиг байгуулах хэмжээнд хүрчихээд буй.
Дашрамд өгүүлэхэд манай улсад энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хоёр байгууллага бий. Тухайлбал, Цөмийн энергийн газар, Мон-Атом төрийн өмчит компани. Цөмийн энергийн газар өнөөг хүртэл эзэнгүй л байгаа. Өөрөөр хэлбэл даргагүй байгаа гэсэн үг. Өнгөрсөн онд Японы нэгэн өдөр тутмын сонинд хэвлэгдсэн материалаас болж мань хүн албанаасаа буусан гэж болно. Эргэн сануулахад 2008 оны сүүлээр байгуулагдсан тус газрын даргаар С.Энхбатыг томилсон.
“Монгол Улс атомын цахилгаан станцтай болох боломжтой” хэмээн мэдэгддэг мань эр цахилгаан станц барихаасаа өмнө эх нутагтаа цөмийн хаягдал булах гэсэн хэмээн буруутгагдаж,эрүүл мэндийн улмаас хэмээн учирласан ч ажлаа удаан хугацаагаар цалгардуулсан хэмээн энэ оны эхэнд ажлаас нь чөлөөлсөн. Харин Засгийн газрын 2009 оны хоёрдугаар сарын 11-ний өдрийн 45 тоот тогтоолоор байгуулагдсан Ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд төрийн оролцоог төлөөлөх зорилготой төрийн өмчит компани /ТӨК/ болох Мон”-Атомын тухайд 100 сая төгрөгийн нөөц дүрмийн сантай.
Цөмийн энергийн газрын мэдэлд байдаг тус компанийн ажил хоорондоо уялдаа холбоогүй, ажлын хэрэгжилт тааруу, бодлого, зорилтын хэрэгжилт хангалтгүй байгаа нь байгууллагуудын удирдлагатай холбоотой гэж Засгийн газар үзсэн учраас мөн л даргыг нь ажлаас нь чөлөөлсөн. Уг нь бол “Мон-Атом” ТӨК нь Монгол-Оросын хамтарсан “Дорнод Уран” компанийг байгуулж, ураны стратегийн орд газрыг эдийн засгийн үр ашигтай болгох ажлыг нэн тэргүүнд эхлүүлэх хариуцлагатай том үүргийг хүлээсэн газар. Мөн л даргагүй байгаа бөгөөд дэлхийн цөмийн энергийн салбарт гол тоглогч болох их зорилтын гол ачааг үүрэгчид гэхэд хэцүү байгаа биз.
Буруу санаагүй бол аль дивангалавт гэдэг шиг 2010 оны сүүлчээр Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд ОХУ-д айлчлал хийхдээ энэ асуудлыг баталгаажуулсан. Харамсалтай нь асуудал гацаанд орчихсон. Гацааг үүсгэгч нь Канадын “Хан ресурс” компанийн зарга. Эх сурвалжийн өгүүлснээр Олон улсын арбитрын шүүх дээр байгаа уг заргыг 2013 онд эцэслэн шийдвэрлэхээр болсон гэсэн. Эцэст нь тэмдэглэхэд уран олборлолт унац ихтэй салбар гэх ойлголт олон хүнд төрснөөс тус газрын даргын сэнтий хааны сэнтий мэт үнэд хүрээд байгаа гэх шум сонсогдоод удлаа.
Өөрөөр хэлбэл төр, түмний ажлыг түрийвчээ түнтийлгэх алтан боломж хэмээн хардаг манай зарим нэг албан тушаалтан хийгээд улстөрчид тус газрын даргаар өөрсдийн хүнийг томилуулахаар хор найруулж эхэлсэн гэх сураг дуулдаад байгаа юм. Гэхдээ уран бол нүүрс биш, Атомын цахилгаан станц гэдэг нүүрсний уурхай биш гэдгийг бодолцон уран олборлох ажиллагааг удирдан зохион байгуулах хүнээ ухаантайхан л сонгоорой гэж хэлэх байна даа. Тэгэхгүй бол хэнэггүй нь дэндэж шунал нь ассан хэнээтнүүд цөмийн салбарт цүү хаяж тоглохыг санаархаад эхэлчихлээ, цаана чинь…
З.Урнаа
URL: