Гэр бүлийн нэр төрөө хамгаалахын тулд сошиал од дүүгийнхээ амийг хөнөөсөн эрд Пакистаны шүүх ял оноожээ
Пакистаны сошиал ертөнцийн од Кандил Балок агсны ахад өчигдөр тус улсын шүүхээс бүх насаар нь хорих ял оноосон байна.
Барууны стандартаар хэвийнд тооцогдох ч Исламын хатуу дэгтэй оронд байж боломгүй сэлфи зураг нь Пакистан даяар алдаршиж байсан Балокыг төрсөн ах нь гэр бүлийн нэр төрөө хамгаалах шалтгаанаар 2016 оны долдугаар сард багалзуурдаж амийг нь хөнөөж байв.
Аллагын дараа эмэгтэйн ах Мухаммад Васим баривчлагдсан юм. Баривчлагдсаныхаа дараа тэр дүүгийнхээ амийг хөнөөсөндөө огт харамсахгүй байгаагаа, мөн дүүгийнх нь ааш авир тэвчихийн аргагүй болсон байсныг мэдүүлжээ.
Шүүх хурлын өмнө Васимын ээж Анвар Маи хүү нь цагаатгагдана гэж найдаж байгаагаа хэвлэлд ярьж байв.
Балокын үхэл тухайн үед олон улсын анхаарлыг татаж, голдуу эмэгтэйчүүд хохирогч болдог нэр төрийн аллага нэртэй бурангуй уламжлалыг таслан зогсоохыг Пакистаны эрх баригчдаас шаардаж байжээ.
Пакистанд гэр бүлийнхнийхээ үгийг дагаагүй охид бүсгүйчүүдийн амийг шатаах, буудах, хутгалах, боох зэрэг аргаар хөнөөх үзэгдэл түгээмэл байдаг. Ийм хэргийг ойрын төрөл төрөгсөд нь үйлддэг байна.
Пакистаны хуулиар нэр төрийн аллага үйлдсэн этгээдийг хохирогчийн гэр бүлийнхний хүсэлтээр ялаас хэлтрүүлдэг.
Харин Балокын үхлээс гурван сарын дараа тус улсын парламент нэр төрийн аллага үйлдэгчид бүх насаар хорих ял оноох хувилбарыг хуулиндаа нэмж оруулсан юм.
Хэдий тийм ч эцсийн шийдвэрийг шүүх гаргах тул нэр төрийн аллага үйлдэгч нь ямар нэг хүндэтгэх шалтгаанаар цагаатгагдах боломж онолын хувьд бий.
Эх сурвалж: AFP
URL: