Шунахайрал, ядуурал Монгол түмний нүүр царай болох ёсгүй
Бодит үнэн ба цаг үе хэмээх хорвоогийн хоёр аугаа хүчтэн улайрсан бух мэт ач тач мөргөлдөж олон жил тулалдав. Эцэст нь ялах л жамтай учраас үнэн яллаа. Барзгархан бүрзгэрхэн энэ л цаг үеийн баринтаг нөмрөгийг хуу татаж түмний нүдийг нээж өглөө. Монгол энэ бол манай улс. Миний эх орон, миний ард түмэн. Энэ бол миний төр засаг. Монголчууд бидний алаг зүрхний тольтод мөнхөд шигдсэн хүсэл тэмүүлэл адилхан. Монгол минь Монголоороо байгаасай гэж бид хүснэ.
Монгол минь хүмүүнлэг байгаасай гэж бас хүснэ. Монгол төр шиг төртэй байгаасай гэж бүгд хүснэ. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд, 76 түшээ, арав хорин сайд нь хүн шиг хүн байгаасай гэж олон түмэн хүснэ. Тэдгээр хүслэн бүхэн хясал дундуур туучин ямар нэгэн байдлаар хэрэгжих нь хэрэгжээд, хөсөрдөх нь хөсөрдөөд л байх шиг. Тэгтэл хулгайлъя гэвэл хулгайлж л байна гэх. Хулгайлж боломгүй зүйлийг ч хулгайлж байна. Чингээд л нийтээрээ сайн сайхан амьдаръя гэж хүсэхийн ихээр хүсэвч тийнхүү амар жимэр, сэтгэлийн сэвгүй амьдарч болохгүй байна. Эвтэй найрсаг аж төрье гэж хүсэхийн ихээр хүсэвч эвтэй байж болохгүй байна. Шударга байхыг хүсэхийн ихээр хүсэвч шударга байж брлохгүй байна. Бусдыгаа хайрлаж амьдрахыг хүсэхийн ихээр хүсэвч хайрлаж тэр бүр болохгүй байна. Өвчлөхгүй байхыг хүсэхийн ихээр хүсэвч эрүүл амьдарч болохгүй байна. Хүссэнээр болдоггүй хорвоо гэдэг хүмүүн бүхнийг ийнхүү зовоож байна. Тэгсээр байтал нэг л мэдсэн чинь яалт ч үгүй нэг сая тооны ядуу зүдүү хүнтэй болчихжээ.
Монголын тэдгээр ядуучууд тэнгэрээс унасангүй, дэлхийгээс ургасангүй. Хаанаас гараад ирэв гэвэл ардчилсан засаг төрийнхөө халуун хэвлийнээс өндөг шиг уначихжээ. Тэгвэл энэхүү ядуурал гэдэг чинь юусан билээ. Тэр бол ардчиллын хэвлийгээс төрсөн хүсээгүй үр зулзага мөн байж таарна. Манай дарга нарын тархи зүрхний үзэл санаанаас борооны дусаал шиг бөнжийж байгаад л унасан зулбатас мөн байсныг одоо бид хөгшин залуугүй цөм таньдаг, мэддэг боллоо.
Үүнээс үүдээд нэг сая ядуу хүн гэдэг долоон оронтой тооны их багын талаар эргэцүүлж ухаарах гэж оролдлоо. Түүхэн баримт эрж хайлаа. Ном судар ухлаа. Баримт олон олддог л юм байна.
Одоогийн нэг сая тооны ядуу хүн гэдэг нь зуун жилийн өмнөх Монголын бүх хүний тооноос даруй хоёр дахин олон тоо гэж түүх авга бидэнд хэлж өглөө. Мөнөөх нэг сая ядуу хүн гэдэг нь тавин жилийн өмнөх Монголын бүх хүн амын тоотой адил тэнцүү тоо мөн гэж түүх бас тодосгож ойлгууллаа. Ардчилсан хувьсгал эхэлсэн он гэж омгорхдог гучин жилийн өмнөх үеийн хүний тооны тал хувьтай тэнцүү тоо гэнэ. Ядуурсан олон түмнийг маш хямд үнээр зарцалж болдог эзэд ноёдын өнцгөөс харвал баярлахгүй ч гэсэн бас барзайж үрчигнэх биш гэх учир шалтгаан манай дарга нарт байдаг байж таарна.
Ардчилсан эрх зүйт төрийн хийж бүтээсэн ажлын нэг гол үр дүн мөн байж болох талаас нь үзвэл ийм олон ядуусыг бий болгож чадсан байгаа нь цаанаа нэгийг хэлээд байна. Хүн бүхэн л хүн шиг амьдрахын төлөө чадах ядахаараа тэмцэж байгаа өнөө үед эдгээр ядуучуудын дотор хувь хүний өөрийн буруугаар ядуурсан хүн маш цөөн байгаа. Хэдэн архичдыг эс тооцвол тийм арчаагүй этгээд байхгүй гэхэд болох биз. Тэгэхлээр ядуусын олонх нь магадгүй үнэмлэхүй олонх нь нийгмийн учир шалтгаанаар хоосорсон хүмүүс байдаг юм шиг байна.
Өөрөөр хэлбэл, хамаг өмч хөрөнгө, эд хогшил, мөнгө төгрөг, цалин тэтгэвэр, ажлын байр, мэргэжил мэдлэг, түүгээр үл барам бүр авьяас чадвар, хүн чанараа хүртэл хулгайлуулсан хүмүүс байгаа гэсэн үг. Ерөнхийдөө бол бусдын юмыг тонож амьдрах сэтгэлгүй эгэл шударга хүмүүс нь голдуу ядуурсан байгаа нь мэдээж хэрэг.
Тийм ээ, яалт ч үгүй сайхан амьдрах боломжоо хулгайлуулж алдсан хүмүүсийг л бид ядуус хэмээн харж сууна. Аргагүй юманд арга байхгүй. Монголын нөхцөлд өөрөө хулгай хийхгүй, амь амьдралаа бусдад хулгайлуулж алдахгүй төв түвшин амьдрах итгэл үнэмшил хадгалж явна гэдэг бол давагдашгүй өндөр давааг давах мэт хүнд осолтой болсон байна. Тэр байтугай дэлхий дахин шунахайрлын өмнө яалт ч үгүй хүчин мөхөсдөж өвдөг сөгдөх болсон байна. Хулгай гэдэг бол мөн чанараараа даварсан их шунал. Шунал хэмээх энэхүү тавхан үсгээс бүтсэн хагдрай богинохон үгэнд хүн төрөлхтнийг хүж дэлхийтэй нь түймэрдэн шатаах их аюул агуулагдаж байдаг юм байна. Энэ л хорвоогийн аугаа их сэтгэгч мэргэд ингэж сургасан байдаг. Хүн төрөлхтөн хөлжин баяжиж хөгжихийн төлөө шуналд хэт ихээр автагдвал сөнөнө гэж мөнөөх алдарт Освальд Швинглэр, басхүү Бердеев зэрэг эрхэм мэргэн хэлсэн байна. Одоо тэгтэл хүмүүн төрөлхтний өгөөмөр сайхан гэр орон болсон эх дэлхий минь тооно хаалга, хаяа хатавчнаасаа эхлэн шатаж байгааг дэлхийн дулаарал түвэггүй нотлоод байна. Манай Монголын тухайд хүний эрх, нийгмийн эрх чөлөөгөөр хангагдсан ардчилал зах зээлийн тавтайхан нөхцөлд амар жимэр, сэтгэл тэнүүн, сайн сайхан амьдрах гэсэн хүслийг далимдуулан ардчиллын нэр барин хулгай хийж баяжиж, хөлжих харанхуй шуналын аюул улс орныг нэлэнхүйд нь нөмрөн хүүшлээд авчээ.
Малын, халаасны, орон байрны, унаа машины, хүний хулгай гэхчилэн олон төрөл зүйлийн хулгай байдаг. Гэвч хамгийн гол аюул нь хулгайч нар өөрсдөө биечлэн очиж хийдэг энэ хэдэн хулгай төдийхөн огтхон ч биш. Хамгийн аюултай нь биеэр үйлддэггүй бичиг цаасаар төлөөлүүлэн үйлддэг төр, засгийн цагаан гартны хулгай буюу улс төрийн хулгай. Улс төрийн хулгай гэдэг нь төрийн албан ёсны хүчин төгөлдөр хууль тогтоол шийдвэрийн сүүдэрт нуугдсан төрийн ажилтан, улстөрчид болон тэдний ивээлд багтсан баян эзэд ноёдын хийдэг хулгай учраас түүнийг манай сайд дарга нарын шууд хамааралтай шунахайрал гэж үзэхээс өөр арга зам байхгүй. Энд энэхүү хулгай гэж нэрлэдэггүй хулгайн заримыг нэрлэх гэж оролдъё. Үнэ хөөрөгдөх аргаар хийдэг хулгай гэж байдаг юм байна. Түүнийг инфляц гэж нэрлэдэг. Валютын ханш хөөсрүүлж, үндэсний төгрөгийг үнэгүйдүүлэх аргаар хийдэг хулгай гэж байдаг юм байна. Түүнийг мөнгө угаах үйлдэл гэж нэрлэдэг гэнэ. Зээлийн хүү нэмэх аргаар хийдэг хулгай гэж байдаг. Түүнийг мөнгө хүүлэл гэж нэрлэдэг байна. Төрийн эрх мэдлийг дамлан худалдах аргаар хийдэг хулгай гэж бий. Түүнийг авлига, хээл хахууль гэж нэрлэдэг байна. Хөдөлмөрийн хөлсийг танах аргаар хийдэг хулгай гэж байдаг байна. Түүнийг мөлжпөг гэж нэрлэдэг байна. Ажлын байрыг цомхотгох, дотоод зохион байгуулалтыг өөрчлөх нэрээр хулгайлдаг хулгай гэж байдаг. Түүнийг арвилан хэмнэлт гэж нэрлэдэг юм байна. Цөхөж цөхөж сархад зооглож согтуурсан солиотой үеийг далимдуулж хийдэг үйлчилгээний хулгай гэж байдаг байна. Түүнийг үдшийн цэнгээн гэж нэрлэдэг юм байна. Улс төрийн хулгайн талаар миний мэддэг мэдлэг үүгээр дууслаа. Яагаад эдгээрийг улс төрийн хулгай гэж нэрлэв гэвэл төрийн хууль дүрэм журмаар зөвшөөрүүлж хийдэг албан ёсны ажил үйлчилгээ мөн байдаг учраас ингэж нэрлэлээ. Надад нэг санаа байна. Юу гэвэл авлигатай тэмцэх газар гэдэг шиг ядууралтай тэмцэх газар байгуулмаар санагдана. Түүгээр үл барам инфляц, төгрөгийн үнэгүйдэл, мөнгө хүүлэлт, ажилгүйдэл, хүний наймаатай тэмцэх газар гэж тусгай бүрэн эрхтэй хэд хэдэн томоохон байгууллага байгуулмаар байгаа юм. Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газарт эрх мэдэл, хүн хүч, зангарга гэж бараг алга. Тэртэй тэргүй зах зээлийн үл үзэгдэх гарын дохио зангаагаар ажил нь явдаг зарим салбарын яамыг татан буулгаж болно биз. Яагаад болохгүй байх билээ.
АНУ-д нэгхэн тооны хүн зовж байвал америк түмэн бултаараа зовно гэж мөнөөх алдарт ардчилсан удирдагч Авраам Линкольн гуай хэлсэн гэдэг. Ардчилсан Монголд ганц хүн ч гэсэн засаг төрийн буруугаас болж зовох ёсгүй. Хэрвээ хүн ам зовж байвал төр нь түүнийг арилгах арга хэмжээг нэн яаралтай авч зохицуулах үүрэгтэйг Үндсэн хуульд тов тодорхой заасан байдаг. Тухайлбал, хүн амын нийгмийн хөгжилд нийцүүлэн төр нь эдийн засгийг зохицуулах үүрэгтэй гэсэн заалт байдаг. Авлигатай тэмцэх газрыг тэгээд л байгуулсан байх. Энэ байгууллага увайгүй улстөрчдийн занганд хавчуулагдсанаас болж баахан сатаарсан тал бий боловч улс нийгэмд ач тус өгсөн, өгсөөр ч байна. Ямар ч атугай тийм олон тусгай газрыг байгуулахгүй юм гэхэд ямар ч гэсэн ядуурал, ажилгүйдэл, төгрөгийн үнэгүйдэлтэй тэмцэх газрыг байгуулбал ард түмэнд ач тусаа өгнө.
Харин хулгайч улс төрийн зүтгэлтнүүдэд халгаатай байж магадгүй. Ямар ч атугай шулам болтлоо зоолж таргалсан шуналын аюулыг улс нийгмийн хэмжээнд нэг мөр ойлгож нэгдсэн хүчээр тэмцдэг болмоор байгаа юм. Тэгтэл шуналтай тэмцэх байтугай шунал гэсэн үгийг шууд нэрлэхээс айдаг улс төрийн зүтгэлтэн, ялангуяа удирдах зүтгэлтэн ховор болсон байгаад гайхах сэтгэл төрдөг.
Миний багад манай нутгийн тэр үеийн малчид чоныг лус савдгийн амьтан хэмээн түүнээс битүүхэн болгоомжилж чоныг хээрийн амьтан, түжгэр цэнхэр, бор нохой, боохой, улих, нөгөөдөх, хамбага гэхчилэн өөр үгээр нэрлэдэг байсан. Түүн шиг өнөөдрийн манай улстөрчид эдийн шунал гэдэг үгнээс халширч цэрвэдэг болсон шиг байгаа юм. Хэт шунал буюу шунахай сэтгэл гэдэг бол үнэхээр аймшигтай, аюултай зүйл.
Нэрт сэтгэл судлаач Зигмунд Фред гэгч бээр шуналд автсан хүнийг эмээл хазааргүй, эмнэг догшин азаргыг зайдан уначихаад буух аргаа олохгүй яваа хүнтэй зүйрлэсэн байдаг. Францын их зохиолч О.Бальзак шунал бол лебиралист ‘‘Нийгмийн оюун ухаан” мөн гэсэн санааг дэвшүүлсэн байдаг. Бурхан шашны сургаалд түүнийг “Молом тойны намтар” туужаар дүрслэн илэрхийлэхдээ шуналтныг 18 тамын адгийн тамд суулган хашрааж байгаагаар үзүүлсэн. Аугаа их Карл Маркс бээр, “шуналт капитал гуай нь тавин хувийн ашиг олсон бол ашгаа аривжуулахын тулд хадан хясааг халзан толгойгоороо мөргөхөөс сийхгүй. Зуун хувь ашиг олох аваас төрийн бүх хууль цаазын дээгүүр туучна, гурван зуун хувь ашиг олбол хүн төрөлхтнийг дайны цусан балчигт живүүлнэ” гэж ёгтлон хэлсэн тухай бид нэг биш удаа тэмдэглэсэн билээ.
Монголын ард түмэн шуналыг шууд л шулам гэж дүрсэлсэн байдаг. Ерөөс Монголын чөтгөр шулам гэдэг ойлголт нь үндсэндээ шуналыг л хэлсэн утгатай байж болох талтай. Оросын их яруу найрагч А.С.Пушкин бээр мөнөөх “Алтан загасны үлгэр“ зохиолдоо шуналыг адайр эмгэн болгон хүнчилсэн байдаг. Наад захын эдгээр баримт сэлтээс харахад манай өнөөдрийн түвшин дэх улстөрч эрхмүүдийн шуналыг хүнчлэн харъя хэмээвэл алтан загасны үлгэрийн шуналт адайр эмгэнээр төсөөлөн харж болно. Нуруу намхан, хамар налчгардуу, шанаа нь өргөн, нүд нь хар гэхээс өөр ялгарах зүйлгүй биз.
Тэгэхлээр шунахайралтай хийх тэмцлийг зөвхөн авлигатай тэмцэх асуудлаар хязгаарлахгүй бүх талын тэмцэл өрнүүлэхгүй бол нэгэн өдөр эвдэрхий хуучин муу модон тэвшээ гунигтайхан ширтээд л сууж байх юм биш үү. Сонин, хачин юм гэж байдаг л юм байна. Би өөрийн орны сүүлийн арав хорин жилийн засаг төрийн новширсон алхайрлыг үгээр нэг зурах юмсан, чаддаг ч болоосой, даанч чадахгүй юм, яая даа байз хэмээн адгадаг байлаа. Тэгтэл юу болсон гэж санана. Надаас өрсөөд нэг танихгүй орос нөхөр аль хэдийнэ зураад тавьчихсан байдаг байгаа. Адилхан зурсан гэдэг нь бүр гайхалтай. Үнэхээр л амьд юм шиг зураад номондоо хэвлэчихсэн байдаг юм байна. Тэр үгэн зургийг гол зарим хэсгээс нь энд буулгаж сонирхуулъя. Тэд түнэр харанхуй, үл таних ойд орж, нэн осолтой бамбалзуур намгаар явж, элдвийн муусайн могой хорхойтой тааралдаж, зарим талаар зам харах гэж, зарим талаар намагт шигдэх, могойд хатгуулахын аюулаас түр хагацан сэрхийх гэж модон дээр авирч гардаг байжээ.Тэднийг дагасан хүмүүс юу хэлэхийг нь хүлээж, түрүүлж яваагийнх нь хувьд тэднийг хүндэтгэн хардаг байв…
Тэргүүний хүмүүст модон дээр суух нь таалагдав. Тэд намаг, бамбалзуур, ой ширэнгээс гарах элдэв арга замын талаар уран гоёор бодоцгооно…Тэд олны дотроос шалгарсан заримыг нь дуудаж аваачна, тэд тэнд очоод зам харах ч байхгүй, зүгээр л жимс идээд модон дээрээ сууж үлдэнэ… Тэд эхлээд нийтийн хөдөлгөөнийг тайван ажиглаж байснаа, дараа нь өөрсдийнхөө суусан модыг огтолж байгааг хармагцаа заншсан ёсоороо гуугачин ”Хөөе хөөе, бүү ийм юм хий, орхи. Өршөөж үз, бид үхвэл яана. Бидэнтэй цуг бидний дотор ямагт байсан нөгөө сайхан үзэл санаа, дээд сэтгэл, хүнлэг эрмэлзэл, яруу үгс, урам зориг, сайн сайхныг хайрлах хайр мөхнө. Орхиж үз гэм. Та нар чинь юу хийж байгаа нь энэ вэ. гэцгээнэ. Гэвч аянчид энэ сайхан үгсийг нэгэнт мянга түм дахин сонссон тул түүнийг үл хайхран ажлаа хийсээр байна. Модон дээр суугчид биеэ болон нэр төрөө аврахын тулд модон дээрээсээ бууж бусадтай хамт ажиллах нэг арга бий. Гэвч тэд ердийнхөөрөө самгардаж, юу хийхээ үл мэднэ…Тэд “Энэ чинь юу болж байна” гэж цөхрөн үглэцгээж, өөрсдийг нь хүндлэхээ байсан тэнэг олон түмнийг үр ашиггүй хараалаар булцгаана. Гэвч олон түмний зөв билээ” гэж тэнд зураглан бичсэн байна.
Өнөө үеийн Монгол орны засаг төрийн ажил амьдралын дүр зураг мөн байгаа биз. Тийм л юм чинь тийм л байлгүй яах вэ. Тэрхүү ургаа өндөр мод гэдэг нь төр засгийн бүх үе шатны ажлыг төлөөлүүлсэн зурлага байна. Тэдний хэлж байгаа үг нь манайхны олон түмний тархийг угаадаг уран жиргээ мөн байгаа биз. Энд дурдагдаж байгаа тэрхүү хүнд суртал, хоосон амлагчдын суусан тэрхүү ивээлт модыг унагах гэж хөрөөдсөөр байгаа аянчид гэдэг нь мэдээжээр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн дэмжлэг авсан мөнөөх шударга ёс, хариуцлагын хувьсгалт довтолгоон, бас Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн ажлыг эхлүүлсэн одоогийн төр засаг мөн байж магад.
Харин энэ үгээр зурсан уран дүрслэл бол өнөөдөр бичсэн үг арай ч биш. XVIII зууны дунд хэрд бичсэн үг юм билээ. Үүнийг бичсэн тэр орос нөхөр гэдэг бол Николай Александрович Добролюбов. Эл зохиолын нэр нь “Обломовын маягийн алхайрал гэж юу вэ” хэмээх алдарт зохиол. Хэрэвхүйеэ манай төр, засгийн өмнөх удирдагчид энэ үгийг мэддэг, түүнээс. санаа сэхээ авдаг байсансан бол өнөөдрийн нийгмийг амьсгаа давчдуулан цухалдуулсан энэхүү зовлон бараг байхгүй байх байсан байж таарна. Энд дурдсан “Алхайрал” гэдэг нь мөн чанартаа төр захиргааны хүнд суртал гэсэн утгыг илэрхийлсэн ёгт бөгөөд нэн оновчтой, онилсон байгаа олж туссан нэгэн зүйл нэр томьёо мөнөөс мөн буюу. “Шунахайрлын ёс сөнөтүгэй, шударга ёс мандтугай” гэсэн монгол түмний чин хүслийн ерөөлөөр нийтлэлээ цэглэе.
Хорлоогийн Цэвлээ
/Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн сэтгүүлч/
URL: