Г.Алтан: Ш.Батхүүгээс 60 тэрбум төгрөгөөр худалдан авсан “Олон овоот”-ын лицензүүд Монголбанкны барьцаанд хураагдсан
“Алтжин” группийн захирал Г.Алтантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-“Стандарт” банкинд төлсөн Эрдэнэтийн 40 сая ам.долларыг Ш.Батхүүгийн хөрөнгийг зарж төлүүлэх ёстой гэж Засгийн газраас мэдэгдсэн. Гэтэл бас “Олон овоот”-ыг Ш.Батхүү танд бэлэглэсэн гэж яриад байна. Та үүнд хариулт өнгө үү?
-“Олон овоот гоулд” ХХК-ийг би 2011 оны арваннэгдүгээр сард 60 тэрбум төгрөгөөр авсан. Худалдах, худалдан авах гэрээ болон 60 тэрбум төгрөгөөр авсан тооцоо нийлсэн акт бий. Тухайн үед долларын ханш 1000 гаруй төгрөг байсан нь 60 сая ам.доллараар авсан гэсэн үг юм.
-“Олон овоот гоулд” ХХК-ийн лицензүүд одоо таны мэдэлд байдаг гэсэн үг үү?
-Ц.Мянганбаяр,Ш.Батхүү нар Голомт банкнаас 30 сая ам.доллар, Зоос банк, Анод банкнаас 120 тэрбум төгрөг, Хадгаламж банкнаас 67 тэрбум төгрөгийн зээлийг тухайн үед авсан байдаг. Эдгээр зээлийг төлөөгүй тул дээрх дөрвөн банк бүх лицензийг барьцаалсан. Одоо лицензүүдийг Монголбанк хураасан байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас “Олон овоот гоулд” ХХК-д байгаа бүх техник тоног төхөөрөмж, нэг ширхэг хадаасыг хүртэл бүгдийг нь битүүмжилсэн байдаг. Банкуудаас авсан зээлээс гадна бусад компаниудад ч мөн олон тэрбумын өртэй. Намайг “Олон овоот гоулд” ХХК-ийг авахад тус компани нийтдээ 346 тэрбум төгрөгийн өртэй, тухайн жилийн ашиг орлогын мэдээгээр (-67 тэрбум) төгрөгийн алдагдалтай ажилласан байсан. Би энэ компанийг авангуутаа бүх үйл ажиллагааг нь зогсоохоос өөр аргагүй байдалд орсон. Мянганбаярын ашигт малтмалын нөөцөөр хамгаалсан тайлангаар 25 тонн алт байгаа гэсэн боловч мөн чанартаа алт нь байхгүй, нэмээд хайгуул хийж байж нөөц тогтоох шаардлагатай болсон. Тийм ч учир өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь тэг зогсолтын байдалтай байна.
-Танай орд газарт шохойны нөөц байдаг уу?
-Шохойны орд газар байдаг. Тэгэхдээ хайгуул хийгдээгүй учраас хэр хэмжээний нөөц байгааг би ч мэдэхгүй. Шохой Монголын уудам нутагт хаа сайгүй л байдаг юм даа.
-Танай шохойн ордыг 10 сая ам.доллараар худалдаж авъя гэхэд та 100 сая ам.доллар гээд өгөөгүй гэдэг нь үнэн үү?
-Хайгуул хийгдээгүй, нөөц нь тогтоогдоогүй ордыг юун 10 сая доллараар авах вэ, нэг төгрөгөөр ч авах хүн олдохгүй. Нэг төгрөгөөр ч хамаагүй энэ шохойн ордыг минь авчихвал бусдад төлөх 346 тэрбум төгрөгийн үүрэг тэр хүнд шилжиж миний өр мундаг нимгэрэх нь, тийм ээ.
-Та тэгээд ийм их өртэйг нь мэдсээр байж яагаад 60 тэрбум төгрөгөөр худалдаж авсан юм бэ?
-Мянганбаяр луйвар, залилан хийж 25 тонноор нөөц батлуулсныг би ч мэдээгүй, зарж буй Батхүү ч мэдээгүй. Үгүйдээ 25 тонн биш юм аа гэхэд 10 тонн алт гарна гэж хатуу итгэлтэй байсан. Тийм ч учир Батхүү алтандаа хүрэх зорилготой 67 тэрбум төгрөгөөр хад цөмлөн багахан хорооллын хэмжээтэй доош 105 метр нүх ухаж байхав дээ. Тэр хадыг өрөмдөнө, тэсэлнэ, тээвэрлэнэ. Би ч гэсэн үгүйдээ 10 тонн алт байдаг юм бол ухаад өрийг нь төлөөд Батхүүгээс авах ёстой мөнгөө олоод авна гэж найдсан хэрэг.
-Одоо та “олон овоот”-ыг эргэлтэд оруулж, хайгуул энэ тэр хийе гэвэл болохгүй гэсэн үг үү?
-Доошоо 105 метр ухаад юу ч байхгүй нь тодорхой болсон. Хайгуул хийнэ гэдэг бол үндсэндээ сохроор тэмтчээд байх хэрэг. Хайгуул бол асар өндөр өртөгтэй ажил. Би тэгээд нэмж мөнгө хаях уу. Юун худалдан авах.Хайгуул хамтарч хийе гэсэн санал ч ирдэггүй.
Үргэлжлэлийг ЭНД-ээс уншина уу
URL: