Ирэх жил 43.0 тэрбум төгрөгөөр сонгууль явуулна
Хэрэв сонгууль хуучин янзаар хугацаандаа болбол ирэх 2020 онд УИХ-ын ээлжит сонгууль, мөн Орон нутгийн сонгуультай.
УИХ Сонгуулийн тухай хуулийг намрын чуулганаараа хэлэлцэх товтой байгаа. Дараагийн сонгуулиас наанадаж 6 сарын өмнө Сонгуулийн хуулийг хэлэлцэж баталсан хууль журамтай учир 2019 ондоо багтааж батлана гэсэн үг.
Ингэснээр одоо хүчин төгөлдөр байгаа Сонгуулийн нэгдсэн хуулийг тус тусад нь салгаж УИХ-ын болон орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн сонгуулийг тусдаа хуулиар зохицуулахаар зорьж байгаа.
Засгийн газар 2020 оны улсын төсвийн төслөө удахгүй УИХ-д өргөн барина. Сангийн сайдын өчигдөр /2019.09.26/ танилцуулсан 2020 оны улсын төсвийн танилцуулгаас харахад ирэх оны төсөвт нийт дүнгээрээ 43.0 тэрбум төгрөг төлөвлөжээ. Ингэхдээ УИХ-ын ээлжит сонгуулийг 20.5 тэрбум төгрөгөөр явуулах бол Орон нутгийн сонгуульд 16,6 тэрбум төгрөг төсөвлөжээ.
Харин сонгуультай холбоотой цагдаа, улсын бүртгэл зэрэг бусад зардалд нийт дүнгээрээ 5 тэрбум гаруй төгрөг шаардлагатай хэмээн үзжээ.
URL: