Майнз Айвенхоу хийгээд математикийн тавдугаар үйлдлийн тухай

Математикийн дөрвөн үйлдэл дээр зэрэгт дэвшүүлэх болон түүний урвуу үйлдэл болох язгуур гаргах, логарифмчлах үйлдлүүдийг нэмээд Алгебрийг “долоон үйлдэлтэй арифметик” гэж нэрлэх нь ч бий. Зэрэгт дэвшүүлж байгаа тооныхоо суурийг олохыг зургаадугаар, илтгэгчийг олохыг долоодугаар үйлдэл гэж нэрлэдгийг уншигч та лав санаж байгаа байх.
Бага сургуульд байхад Б.Лхүндэвчоён багш маань бидэнд дараах бодлогыг гэрийн даалгаварт өгч, “ Хэсэг шувуу нисэж явахад нэг шувуу ирж уулзаад 100 шувууны амарыг ирье гэжээ. Гэтэл тэр хэсэг шувууны ахлагч, бид 100 шувуу бишээ бидэн дээр биднийг нэмээд, бидний хагасыг нэмээд мөн дахиад хагасын хагасыг нэмээд дээр нь чамайг |36+36+18+9+1|-г нэмбэл 100 шувуу болно гэжээ”, хэсэг шувууны тоог зөв олсон хүүхэд бүрт шууд онц дүн тавина гэж билээ. Нисэж яваа хэсэг шувууг Х гэж тэмдэглэн энэхүү бодлогыг алгебрийн хэлэнд буулгавал: х+х+0.5х+0.25х+1=100 гэсэн тэгшитгэл болно. Үүнийг цааш хялбарчилбал 2.75х+1=100 болж Х=36 гарна. Энгийн аргаар хялбарчилбал 100-1=99 болно. Хэсэг шувуудыг 2-т хоёр удаа хуваагаад үлдсэн ногдвор нь 9 байжээ гэж үзвэл 1+9+18+36+36 болно.
Бас нэг ийм хошин бодлого байдаг. Нэг худалдаачин 156 рублээр морь заржээ. Морь авсан хүн хэтэрхий үнэтэй байна гэж наймаа буцахаар ирэхэд мань эр худалдаачин за тэгвэл чи морины тахны хадаасыг эхнийхийг нь 0.25 копейк, хоёр дахийг нь 0.5 копейк, гуравдахийг нь 1 копейк, дөрөвдэхийг нь 2 копейк гэхчлэн өмнөхөөсөө 2 дахин их үнэ өгөх замаар 24-үүлэнг нь худалдаж авбал би морио дээр нь зүгээр өгье гэжээ. Наймаа буцахаар ирсэн нөхөр дуртай нь аргагүй зөвшөөрч хэдхэн копейкоор морьтой болчих нь гэж бодож л дээ. Энэхүү бодлогыг математик хэлэнд буулгавал ¼+½+1+2+2²+ … +2²4-3 = ? гэсэн прогресс гарах бөгөөд хариу нь 2²²-¼ = 4194303.75 копейк буюу 42.0 мянган рубль болно. Анх тохирсноор бол 269 морины үнэтэй тэнцэнэ.
Өөр нэг ийм яриа байдаг. Анх шатар зохиосон хүнийг эзэн хаан нь шагнах болж юу хүсэж байгаагаа хэл гэжээ. Ухаант эр улаан буудай авья гээд нэг хүсэлт тавьжээ. Тэр хүсэлт нь Шатрын хөлгийн эхний нүдэн дээр 1 ширхэг будаа, хоёр дахь нүдэн дээр 2 ширхэг будаа, гурав дахь нүдэн дээр 4 ширхэг будаа гэгчлэн дараа дараагийн нүдэнд өмнөхөөсөө хоёр дахин их будаа тавих замаар….64 нүдээр тооцож хишгээ хайрлахыг хүсжээ. Хаан өөөрийгөө маш их өглөгч хүн хэмээн зочиндоо тайлбарлаж ийм өчүүхэн бага шагнал хүссэнд нь гоморхож ордны түшмэдийг дуудан зочны хүсэлтийг нэн даруй гүйцэтгэх тушаал өгчээ. Хоногийн дараа шагналыг хэрхэн шийдсэн тухай шадар түшмэлээс хаан лавлахад ордны математикчид өдөр шөнөгүй сууж тооцоолсоор байгаа ч өнөө хэр эцсийн шийдийг гаргаж амжаагүй байгаа тухай хаанд айлтгажээ. Энэхүү бодлогыг Алгебрийн хэлэнд буулгавал 264-1=? гэсэн зэрэгт функц гарна. Энэ функцийг хялбарчилбал ойролцоогоор 18х1018 гэсэн тоо гарах бөгөөд шатар зохиосон хүнд өгөх буудайн ширхэг гарч байгаа нь тэр. Энд нэг тоцоо гаргахыг оролдьё. Алдсан байж болох тул уучлалт хүсье. Монгол улс 1986-1990 онд жилд дунджаар 800.0 мянган тн үр тариа хураан авсан байдаг. Үүнийг килограммд шилжүүлбэл 8х108 гэсэн тоо гарна.
Тариаланчдын ярьдгаар натур жингээр тооцвол 1000 ширхэг будаа 800 грамм болдог гэвэл 10000 ширхэг будаа 8 кг болно. Өөрөөр хэлбэл 104 ширхэг будаа 8кг болно. Тэгвэл шатрын хөлгийн 64 нүдээр тооцож гарсан будаа хэдэн кг болох вэ? Энэ тоог арвин их ургац хурааж байсан жилүүдийн дунджид хуваахад хэдэн жилийн ургацтай тэнцэх нь вэ гээд бодохоор санаанд багтамгүй тоо гарч байна. Өөрөөр хэлбэл 18х10618 сая жил гараад байдаг. Та ч гэсэн нэг тооцоод үзээрэй. Я.И. Перельманы бичсэн “Хошин математик” гэсэн номонд дээрх будааг хийх агуулахын өргөнийг 20 м, өндөрийг 4 метрээр тооцоход урт 150.000.000 км болох бөгөөд манай дэлхийгээс нар хүртлэх зайтай тэнцүү гэжээ. Ингээд бодохоор 18 сая жил гэдэг ортой л болов уу? Бас нэг ийм яриа байна. Монголын төр засгийн нэгэн босстой Ф.Ландред гэгч нөхөр бөмбөрцгийн нөгөө талд байдаг ертөнцийн диваажинд уулзжээ.
Манай хүн ч яах вэ казинодсоор байгаад байдгаа барчихсан сууж байж. Ф.Ландред мань хүнд ингэж хэлжээ. “би чамд бүхэл сарын турш өдөр бүр зуун мянган доллор авчирч өгье. Зүгээр өгөхгүй нь мэдээж. Тэгэхдээ надад өгөх зүйл тун шалихгүй. Эхний өдөр 1 цент. Хоёр дахь зуун мянгыг авчрахад 2 цент. Гуравдахь зуун мянгыг авчрахад 4 цент. Дөрөвдөх зуун мянгыг авчрахад 8 цент гэхчлэн бүхэл сарын турш өдөр бүр өмнөхөөсөө хоёр дахин илүүг төлөх болно” гэжээ. Манай хүн их баясаж, суусан газраасаа шороо атгаад босоход алт болно гэдэг л үүнийг хэлдэг байх гэж хөөрч уухайн тас зөвшөөрч гар хөлийнхөө үсгийг зурж гэрээ байгуулжээ . Эхний 20 хоногт өгөө аваагаа тооцоход 2.000.000 доллар авч ердөө 5242 доллар 88 цент буцааж өгчээ.
Харин 25 дахь өдрөөс эхлэн зуу зуун мянга167.772.16|-аар нь 28 дахь өдрөөс эхлэн сая сая1.342.177.28-аар буцааж төлөх болж гуч дахь хоногт 5.636.709 доллар12 цент төлж нэг сард нийтдээ 10.737.418 доллар 23 цент өгч, 7.737.418 доллар 23 центийн алдагдал хүлээжээ. Ийнхүү Ф.Ландредэд мэхлэгдсэнээ мэдмэгцээ нэгэн орд газарыг 30 жилээр ашиглуулахаар тохирч харийн нутагт шоронд суулгүй буцаж ирснээр Монголчууд хутга тавилгүй мах идэх, хундага тавилгүй архи уух цаг айсуй тухай “УЧИРГҮЙ ГУРВАН ТОЛГОЙ”-н үлгэр яригдах болсоор өнөөдрийг хүрчээ. Энэ бүхнийг дэмий нуршиж таны цагийг үрсэнд уучлалт гуйж Оюутолгойг тойрсон “Хувь нийлүүлэгчдийн гэрээ” гэж монголчуудын толгойг эргүүлсэн олон янзын тооны талаар өөрийн бодлыг хэлье гэсэн юм. Фредланд гэж нэг нөхөр байна.
Бодоод байхнээ морины наймаачин эсвэл мөнгө зээлдүүлсэн зальхай нөхөр лугаа манийгаа хөөрхөн дөнгөөд явж байгаа доль зохисон, улс гүрэн дамнаж залилж сурсан нэгэн бололтой. Бүхэл бүтэн тусгаар тогтносон улс гүрэн байна даа ганц хүнд луйвардуулж байгаа бол “хохь” нь гээд “Фредландын заасан замаар урагшаа” гээд хөх инээд нь хүрээд отоод сууж буй хашир хандгайнууд нэг биш байна цаана чинь. Ч.Хурц, Ж.Бямбаа, С.Авирмэд гээд монголдоо л уул уурхайг гадарладаг геологчид, эдийн засагч Н.Дашзэвэг, Б.Аюуш зэрэг докторууд, УИХ-ын зарим гишүүд энэ гэрээг шүүмжилж мөн ч их ярьж бичиж байна. Гэтэл гэрээг үзэглэсэн сайд нар, төр засгийн удирдлагууд үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг та нарт бид олгосон. Бичээд л бай. Яриад л бай гэж нөгөө” Жингэр хуцаж л байг. Жингийн тэмээ явж л байна” гэдэг шиг тохуурхаж суух шиг байна. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл маань Үндэстнийг Аюултай Байлгах Зөвлөл болчихмооргүй юмаа даа.
Одоо бид чинь тэгээд яах болж байна даа. Оюу толгойн тухай анх ярихдаа хөрөнгө оруулалтын дүн нь 3.2 млд доллар, түүний 30.0 хув 1.088 млд-ийг Монгол үлдсэн 66.0 хувь 2.112 млд-ийг Айвенхоу Майнз хариуцах болжээ л гэсэн. Удалгүй “Рео Тинто” гэдэг компани Айвенхоу Майнзын нийт хувьцааны 46.0 хувийг худалдан авахаар болж 1.472 млд доллар гаргахаар тохирчээ л гэсэн. Гэтэл энэ 1.472 млд доллар нь Айвенхоу Майнзын хариуцах ёстой 2.112 млд-аар тооцвол 69.9 хувь болоод байдаг. Ингээд бодохоор Оюутолгойд оруулах ёстой 3.2 млд-ын 46.0 хувь нь Рео Тинтогийнх, 34.0 хувь нь Монголынх үлдэж буй 20.0 хувь нь Айвенхоу Майнзынх болж байх шиг.
Хэрэв ийм бол бид Айвенхоутай биш Рео Тинтотой тохиролцох ёстой бус уу. “Гар бариад бугуй барина. Бугуй бариад нөгөөдөхийг нь барина” гэдэг шиг хөрөнгө оруулалтын дүн огцом өссөөр л байгаа. Нэрэн дээрээ 3.2 млд гэж байгаа ч нэдэр дээрээ гэрээндээ бол 4.5 млд гээд зурчихсан байгаа. Тун удахгүй 6.0 млд, их гоншигоноод байвал 9.0 млд ч болгох юм байх. Энэ юү гэсэн үг вэ? гэвэл хөрөнгө оруулалтыг бид биш тэд гардан хийх учраас хэд л гэж хэлнэ түүнд л унана гэсэн үг. Бид бүтээгдэхүүний бодит өртгийг байтугай удирдлагын зардлыг ч хянаж чадахгүй.
Удирдлагын багтай зэрэгцэн ажиллах “менежментийн баг” л гэхэд хөрөнгө оруулалтын болон үйл ажиллагааны нийт зардлын 3.0-6.0 хувьтай тэнцүү зардалтай байхаар гэрээндээ тусгасан байгаа. Энэ бол олон улсын зээл, тусламжийн хөрөнгө мөнгийг цохидог аргыг аж ахуйн нэгж дээр туршиж байгаа хэрэг. Өндөр цалинтай нэг өвөрмөгц жуулчин л нэмэгдэхээс биш ажил төрөлд тустай юм огт үгүй. Өгч авч сурсан орнуудын хувьд удирдлагын менежментийн зардал 1.0-2.0 хувиас хэтэрдэггүй гэх. Хэрэв хөрөнгө оруулалт ингэж өсвөл монголчууд бидний хариуцах ногоон 1.088 млд биш 1.53-2.04 млд, бүр 3.06 млд болж өсөх нь дөрвөн аргын тоо бодож чаддаг хэний ч хувьд ойлгомжтой байгаа.
Яг ингэх дээрээ тулбал Очирбатын Дашбалбарын хэлсэн шиг “Миний гутлыг өмсөөд намайг өшиглөв” гэгчээр бидэнд мөнгөө жилийн 9.9 хувийн хүү дээр АНУ-ын хэрэглээний индексээр нэмэгдүүлсэн дүн12.3-12.5 хувь-гээр зээлдүүлж мөнгө хүүлэх замаар үйлдвэрээ босгочихоод дээр нь нэмээд ашгийнх нь 80.0 хувийг зүгээр хүртээд сууж байх юм байна л даа. Мөн догь байгаа биз. Хэрэв та нарын оруулах хөрөнгийн хэмжээ анх тохирсноор 1.088 млд байна гэвэл Монголын эзлэх хувь 34.0 биш 24.2, бүр сүүлдээ 12.1 болж буурна гэсэн үг. Энэ тохиолдолд гэрээнд заасан 30 жилийн дотор зээлсэн мөнгөө ч төлж дуусаагүй байхад Бороо Гоульд аятай хамаг зэс,алт маань хилийн цаана гарч бид сохор зоосны ч ногдол ашиггүй харин өртэй үлдэх болж байгаа юм биш үү? Та бодол доо, гэрээнд зааснаар эхний 8 жилд ногдол ашиг хуварилахгүй. Хамгийн бага хөрөнгө оруулалт 1.088млд бодоход 12.5 хувиар бодож хүү төлөхөд жилд 0.136 млд болно. Найман жил 0.136х8-ээр бодоход нэг нугарч 1.088 млд болно. 2018 онд бид Айвенхоу Майнзад 2.176 млд долларын өр бурхны аварлаар хүүгээс хүү тооцохгүй бол шүү дээ-тэй байх болно. Ногдол ашгийг хуваарилахад эхлээд давуу эрхийн хувьцаа эдэмшигчид өрмийг нь хамна.
Энгийн хувьцаа эзэмшигчдэд хусам нь л ногдоно. Авсан зээлээ хүүтэй нь төлөөгүй байж ногдол ашиг хүртдэггүй юмаа мулгуу минь гэвэл бид юу ч хэлж чадахгүй. Ийнхүү Оюутолгой компаний ашгийг үндсэндээ Айвенхоу хүртэх “сайхан” боломжийг бид бүрдүүлж өгчээ. Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй гэдэг байхаа. Яаж ч уйлах вэ дээ 30 жилийн дараа гэхэд гэрээг баталсан УИХ-ын гишүүдийн дийлэнх нь тамд очсон байх биз.
Үлдэж байгаа үр хүүхдүүд маань л зовох байх даа. Өмнөд Америк, Африкийн дорой хөгжилтэй орнуудын байгалийн баялгийг цөлмөсөн улс дамнасан Корпорациудын өмнө хэдэн ч Баярцогт, хэдэн ч Зоригт “НУУЦ ГЭРЭЭ” тэвэрч гүйгээд жулдана л даа, могой хараад гипнозинд орчихсон хулгана шиг л болгочих нь шүү дээ. Олон улсын гэрээнд оюуны хүчин зүйл чухал болсон цаг. Харин Монголчууд бүгдээрээ тохиролцоод санаа нэгдээд хамтаараа тэмцвэл ч ялагдахгүй шүү. Одоо чинь орчлон ертөнц нээлттэй болсон цаг “Маш нууц гэрээ”-гээр том нь багаа хэмлэдэг цаг өнгөрсөн. Эхний ээлжинд “Хувь нийлүүлэгчдийнхээ гэрээ”-г ил болгочих, бүгдээрээ тойрч суугаад ярилцахад учир нь олдоно доо,олдоно.

М.Далайхүү


URL:

Сэтгэгдэл бичих