О.ЭРДЭНЭБУЛГАН: БИ БАРИЛГА БАРЬДАГ ХҮН, 26 БАЙР ХУДАЛДАЖ АВАХ УУ?
- Лиценз олгосон нь 2016 онд юм билээ. Гэтэл би 2014 онд огцорсон хүн шүү дээ -
Францын компаниас 1.2 сая евро авлигад авч, 26 байр худалдан авсан дэд сайдын тухай мэдээлэл олны анхааралд байна.
АТГ-аас өнгөрсөн өдрүүдэд зохион байгуулсан Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний хурлын үеэр “… Дэд сайдаар ажиллахдаа хайгуулын лиценз гаргаж өгснийхөө хариуд Францын компаниас авсан 1.2 сая еврогийн хахуулиараа 26 байр худалдан авсныг санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дүнд бүгдийг битүүмжилсэн… ” гэх мэдээлэл агуулсан илтгэлийг Монголын талаас прокурорын байгууллагаас тавьжээ. Хэвлэлүүдийн мэдээлж буйгаар энэ хэргийн эзэн Шинэчлэлийн Засгийн газрын үед Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган гэж байгаа юм. Үүнийг батлах гэсэн мэдээллүүд УИХ, Засгийн газрын түвшинд ч өнгөрсөн хугацаанд яригдаж байсан билээ.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Францын нэг компани Монголд хөрөнгө оруулалт хийхдээ яамаар нь дамжуулж нэг сайдад 1.2 сая евро өгсөн байна. Энэ нь Францад шалгагдаж байгаа юм байна. Энэ мэдээллийг миний таньдаг франц хүн надад егсөн” гэж хэвлэлд ярьсан бол ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн зургаадугаар сарын 6-ны өдрийн УИХ-ын чуулган дээр “Тэр 1.2 сая еврогийн авлигатай холбогдсон хүн бол өмнөх Засгийн газрын үед ажиллаж байсан дэд сайд О.Эрдэнэбулган” гэж мэдэгдсэн. Олон улсын хурал дээр жишээ болгон татагдсан уг хэрэг одоо ямар шатандаа яваа талаарх мэдээлэл тодорхойгүй байна. Монгол Улсад Францын цөөн тооны компани уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг.
Тэр дотроо хамгийн том нь ураны хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулдаг “Арева” компани гэгддэг. Дэд сайдад егсөн авлигын хэрэгтэн нь “Арева” компани гэсэн мэдээллийг ч хэвлэлүүд бичиж эхлээд байгаа. Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулганы талаарх асуудал энэ удаа хөндөгдөж байгаа юм биш. Түүнийг өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд АТГ-аас албач тушаалаа урвуулан ашиглаж улсад их хэмжээний хохирол учруулсан гэх хэргээр баривчилж байв. Тухайн үед Шинэчлэлийн Засгийн газар Монгол банкнаас мөнгө гаргаж, аж ахуйн нэгжүүдэд шилжүүлсэн. Ингэхдээ шатахууны үнийн өсөлтөөс хамгаалахын тулд шилжүүлсэн хөрөнгийн зарцуулалттай холбоотойгоор шалгаж эхэлсэн гэж тухайн үед яригдаж байсан бол уран наймаалцсан хэрэгтэй холбогдсон гэсэн мэдээллийг хууль хяналтын байгууллагын эх сурвалжууд албан бусаар мэдээлж байсан юм.
Францын компаниас 1.2 сая еврогийн авлигыг Монголын төрийн албан хаагчид өгсөн шалтгаан нь юу байсан. Ялангуяа авлигын мөнгөөрөө 26 байр худалдаж авсан гэсэн мэдээлэлд олон нийт ихээхэн анхаарч байгаа. Тэгвэл О.Эрдэнэбулган 2012-2014 оны хооронд Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байжээ. Түүний тухайн жилүүдийн ХОМ-ийг харахад 2012 онд түүний жилийн нийт орлого 13.4 сая байсан бол 2013 онд 20.4 сая болж өсжээ. Харин мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүдийн нийт орлого 2012 онд 38 сая байсан бол дараа жил нь 179.6 сая болж өссөн харагдаж байв.
Тэрбээр эхний жил нийтийн орон сууц хоёрыг эзэмшдэг гэж мэдүүлсэн бол 2013 онд нэг болж буурсан байв. Гэхдээ түүний үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ эрс өссөн нь анхаарал татахаар байгаа юм.
Тодруулбал, 2012 онд хоёр орон сууцтай, түүнийх нь үнэлгээ 445 сая гэж тэмдэглэсэн бол 2013 онд нэг орон сууцтай болж, үнэлгээ нь 972.1 сая гэжээ. Түүнээс гадна “Сепхеюс групп лимитед” ХХК-д хувь эзэмшдэг гэж ХОМ-тээ мэдүүлсэн байдаг ажээ.
Олон нийтийн дунд шуугиан тариад байгаа 1.2 сая еврогийн авлига, 26 байрных нь асуудлаар О.Эрдэнэбулгантай холбогдож дараах мэдээллийг тодрууллаа.
-Таныг Францын компанитай лиценз наймаалцаж 1.2 сая еврогийн авлига авч, түүгээрээ 26 байр худалдаж авсан мэдээлэл тархаад байна. Энэ явдал үнэн үү?
-Би барилга барьдаг хүн. Жишээ нь, 26 байр худалдаж авсан байх уу. Дэд сайд лиценз олгох нь байтугай огт үүрэггүй байх.
Тэр олгогдсон лиценз гэдэг нь 2016 оны асуудал юм байна. 2014 онд би огцорсон хүн шүү дээ. Тэгэхээр би албан тушаалаа ашиглах ямар ч боломжгүй.
Нотлогдохгүй байх. Энэ бол улс төрийн асуудал.
-Гэхдээ үүнийг олон улсын хурал дээр ярилаа шүү дээ?
-Хууль хяналтын байгууллага ажлаа хийж байгаа энэ үед би ийм тийм гэж яриад байх нь зохимжгүй.
Энэ сэвэлт хийж байгаа сайт, мэдээллийн байгууллагуудыг хууль хяналтын байгууллагад өгч нэр төрөө сэргээлгэнэ.
-1.2 сая еврогийн авлигын хэрэгтэй холбогдуулж таныг хууль хяналтынхан дуудаж байцаасан, эрүүгийн хэрэг үүсгэсэн явдал гарсан уу?
-Тийм юм огт байхгүй.
Б.ЭНХЗАЯА
Эх сурвалж: dnn.mn
|
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
ЭНЭ ХҮНИЙГ ЗҮГЭЭР БАЙЛГАВАЛ ЯАСАН ЮМ ВЭ