“Памперс”-тай жаалуудын нууц амрагууд дипломат эрх, ямба эдэлдэг болсон уу?

5d8c057cddeea-КОНСУЛ АСАН Д.МӨНХ-ЭРДЭНЭ ЮУ ХЭЛЭВ-

Дипломат ажилтан гэж хэн бэ, тэд ямар байх ёстой вэ. Олон улсын эрх зүйн дагуу гадаадын улс орнууд, олон улсын байгууллага болон тэдгээрийн төлөөлөгчтэй Засгийн газраа төлөөлөн албан ёсны ямар нэгэн дипломат харилцаанд орж буй гадаад харилцааны төрийн албан хаагчийг хэлнэ. Монгол Улсын Дипломат албаны тухай хуульд Гадаад оронд суугаа Дипломат төлөөлөгчийн газрын ажилтан болон Гадаад харилцааны Төрийн захиргааны төв байгууллагын ажилтныг дипломат гэнэ хэмээн заасан байдаг. Тэгвэл албан үүргээ ашиглан, өндөр үнэтэй автомашин БНХАУ-д татваргүйгээр нэвтрүүлж байсан хүнийг дипломатч гэх үү.

Ерөнхийлөгч Х.Баттулгын 2008, 2012 оны сонгуульд голлох үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан Д.Мөнх-Эрдэнийг 2016 оны нэгдүгээр сард Засгийн газрын тогтоолоор Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суугаа Ерөнхий консулаар томилсон байдаг. Гэвч албаны нэр хүндийг унагаж, автомашин наймаалсан гэх хэргээр эргүүлэн татаад удаагүй байна.

Ийм хэрэгт хутгалдаж, хугацаанаасаа өмнө татагдсан Д.Мөнх-Эрдэнэ улсынхаа нэр хүндийг унагасан үйлдэлдээ уучлал гуйхын оронд даахалзаж, энэ бол зохион байгуулалттай гүтгэлэг хэмээн “Улаан бал” нэвтрүүлгээр омгорхож байх юм.

Дипломат ажилтан, албан хаагчид суугаа орондоо нэг удаа татваргүйгээр автомашин оруулах эрхтэй. Үүнийг дипломат асан Д.Мөнх-Эрдэнэ тун сайн мэддэг гэдгээ нэвтрүүлгийн үеэр хэдэнтээ хэлсэн. Хүн сайн мэдэхийн хэрээр арга нь нарийсдаг гэх үг бий. Ямартай ч эрхээ давуулан эдэлж, тансаг зэрэглэлийн автомашиныг удаа дараа хятад иргэдэд борлуулсан асуудалдаа сэтгүүлчийг зүхэж бухимдсаныг түмэн олноор харав.

Түүнтэй холбогдох асуудлыг эргэн санавал, тэрбээр 2016 оны долдугаар сард Монголоос авч очсон “Mersedes Benz Maybach” маркийн автомашинаа  хятадын иргэн Дэн Жанжуд шилжүүлсэн бол сарын дараа буюу наймдугаар сард нь “Range Rover” маркийн  автомашиныг Замын-Үүдийн боомтоор гаргаж, Эрээний бизнес эрхлэгч Сайзанд шилжүүлсэн гэдэг. Сүүлд оруулсан “Range Rоver” маркийн автомашиныг өөрөө хөлөглөх санаатай байсан гэдгээ хэлж байна билээ.

Гэхдээ түүний энэ үйлдэл хоёр машинаар хязгаарлагдах эсэх нь эргэлзээтэй. Учир нь, дипломат төлөөлөгчөөр очоод хагас жил ч бололгүй, 2016 оны долоо, наймдугаар сард дараалан оруулсан автомашинуудаа бусдад өгч, хөл дүүжлэх унаагүй болсон хүн энэ оныг хүртэл буюу эргүүлэн татагдах хүртлээ бүтэн 3 жилийн турш явган таваргасан гэвэл хэр үнэмшилтэй сонсогдох бол?! Эрээн хотын хил, гаалийн ажилтнууд Ерөнхий консулын зарсан автомашин хууль бус эд зүйлс болоод иргэдийг зөөдөг болсон талаар анх мэдээлэл өгсөн байдаг. Жийп зарж, хэтэвчээ зузаатгасан гэгддэг Д.Мөнх-Эрдэнэд өмнө нь УБТЗ-д 800 саяар зүтгүүр шахаж байсан гэх асуудал ч бий. Тасартлаа ууж, хятад хүний дэргэд таваг долоож байгаа бичлэг нь нэг хэсэг цахим орчны гол дуулиануудын нэг байв.

Гэвч тэр энэ бүгдэдээ жишим ч үгүй хандаж “Наадах чинь жижиг асуудал. Машин хориотой бараа юм уу. Хэрэглээ шүү дээ” гэх байдлаар тайлбар хийж сууна.

УИХ-ын гишүүн эрхэм Консул болох санал тавьж, Ерөнхийлөгчийн дэмжлэгээр энэ албан тушаалд очсон гэгддэгээ батлах мэт данагар байна. Яалтай ч билээ, 2016 онд өөрийнх нь эзгүйд Х.Баттулга өвдөг шороодчихлоо хэмээдэг их эр гэж байгаа. Ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлаар мань хүнийг урьж залан байж авчирч ажиллуулсан гэх бөгөөд магадгүй тэрбээр Х.Баттулгын ялалтын бас нэг өнгө ч юм билүү, хэн мэдлээ.

            Юутай ч “Улаан бал” нэвтрүүлэгт өөрийнхөө тухай ярихаар ирээгүй бололтой. Ам нээх бүртээ Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон түүний хүү Н.Анхбаярын ар, өврийг уудалж, чичлэв. Чухамдаа өш санаж явдаг болов уу гэмээр хэдэнтээ шавхуурдаад авсан. Дипломат ажилтан байсан гэхэд, хүү Н.Анхбаярыг нь шалдан бацаанаар дуудан эрээ цээргүй авирлангаа “Би Хууль зүйн сайдын тухай хэдэн зүйл ярья. Ц.Нямдорж сүүлийн 30-аад жил УИХ-ын гишүүнээр сонгогдохдоо 4-5 удаа Хууль зүйн сайдаар ажиллалаа. Энэ хүнийг сайд байх үед гэмт хэргийн тоо буурдаггүй. Бууруулах ажил ч хийдэггүй. Харин төрд ах, дүүгээ хахтал шахсан. Бэр болох н.Болортунгалаг нь ЗГХЭГ-ын Хүний нөөц, боловсон хүчин хариуцсан даргаар ажиллаж байгаа.  Н.Анхбаярын эхнэр нь шүү” хэмээн матах, мэдээлэх, хорсон зэвүүцэхийн алин үл болох байдлаар дайрав.

Түүнийхээр, сайдын хүү цахилгаан шатаар өгссөн, хар бор амьдрал мэдэхгүй нэгэн гэнэ. Тэрбээр “Тавин хэдэн мянган ам.доллар гэдэг 100 өрхөд гэр бариад өгөх хэмжээний мөнгө. Тэгэхэд нэг даргын хүүхэд тэр мөнгөөр гадаадад төрийн зардлаар сурж ирчихээд тэрийгээ фэйсбүүк дээрээ тавьж, би төрдөө таван жил ажиллахад миний  зээлийг хүчингүй болгосон гэж бичсэнээс нь ичсэн. Эд нар шиг залуучууд Монголыг төлөөлж гадаадад очвол хар бор ажил хийж байгаа залуусаа хамгаалж чадахгүй. Мань шиг гэр хороололд өсөөгүй учраас бидний амьдралыг мэдэхгүй. Би даргын хүүхэд болохоор нь Н.Анхбаярыг доромжилж байгаа юм биш. Харин түүний гаргаж байгаа үйлдлийг харахаар ой гутдаг. Монголын төрөөс ийм нөхдийг хаямаар байна. Н.Анхбаяр шиг нөхөд гадаад яамны нэрийг гутаадаг, иргэдийнхээ төлөө ажилладаггүй л байхгүй юу” хэмээн ундууцав.

Хамгийн ноцтой нь Ц.Нямдоржийн хүү нууц амрагаа дэд консулаар явуулсан, найз нь Европын шоронд хар тамхины хэргээр хоригдож байгаа гэх мэдээлэл. Д.Мөнх-Эрдэнэ “Т.Мөнхбатыг би танина. Тэр хүн чинь Н.Анхбаярын найз. Н.Анхбаяр ГХЯ-ны Төрийн захираа, удирдлагын газрын захирал болонгуутаа найздаа дипломат ямба өгөөд явуулсан” хэмээн тайлбарласан.

Хууль зүй, дотоод хэргийн сайдад ингэж өширхөн гомдох болсныг нь олон нийт Ламын гэгээний ойгоор зохиосон баяр наадмын морины уралдааныг нь хариуцан ажилласантай нь холбон ойлгож байна. Түүнийг энэ наадмыг зохион байгуулж байгааг мэдсэн Н.Анхбаяр аавдаа “Д.Мөнх-Эрдэнэ наадам зохион байгуулах гэж байна. Тэрийг нь бусниулаад өгөөч” гэж хүссэн юм байх. Тэр дагуу ч цагдаагийн байгууллага наадмыг бусниулсан гэнэ.

Ерөнхийдөө ТЕГ-ын дарга асан Б.Хурц шиг “Цааш нь ярих уу, яах уу” гэх байдлаар ёжилж, танил талаараа бахархсан түүний байдал, яриа хөөрөө нь Монгол Улсын дипломат алба, дипломат төлөөлөгчдийн залгамж халаа хэдийнэ тасарч, тэр хэмээн тодорхойлох эцэсгүй эрээ цээргүйчүүд энэ албанд бугласан, нөгөөтэйгүүр Хууль зүйн сайд болоод гэр бүлийнх нь ноёрхол хэрээс хэтэрсэн ойлголтыг өгөв. Өөр нэг эрх мэдэлтэн, сайд эрхэм мөн нууц амраг, хамтран амьдрагч байсан бүсгүйгээ дипломатч төлөөлөгчөөр саяхан илгээснийг олноороо шуураад, шуугиад өнгөрснийг энд дурьдая.

Товчхондоо, даварсан Давгууд эрх мэдлийн сэнтийд зайдагнаж, эцэстээ цэнхэр дэлгэцээр нууц амраг, луйвар булхайгаа дуудалцсан цаг үе ирж, ийм увайгүйчүүдийг гэр бүл, танил тал, төрөл садны хэлхээтэй нь дээрээ залж, дэргэдээс нь бөөцийлэн долоож амьдарч буй монголчууд бидний тэвчээр дэндүү эмгэнэлт байдалд хүрсний тод, торгон жишээнүүд энэ биз.

https://niigmiintoli.mn/article/26762


URL:

Сэтгэгдэл бичих