МАН засгийн ажлыг бодлогодоо нийцүүлэн шинэ томилгоондоо шуурхайлав
МАН дангаараа засгаа бүрдүүлж, дутуу сайд нараа бөөн юм болж байж нөхөн томилов. Ингээд Ардын намын Засгийн газар шинэ бүрэлдэхүүнээрээ өчигдөр анх удаа хуралдах шиг боллоо. Шинэхэн сайдууд ч ажлаа шуурхайлан авчээ. Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр гэхэд л өчигдөр яамандаа очоод сайд нарын дэргэдэх зөвлөлөө хуралдуулсан гэнэ. Улстөржсөн яамыг цэвэрлэнэ, салбарын ажлыг МАН-ын бодлогод нийцүүлнэ гэх мэтийн үзэл сурталжсан зүйл ярьсан дуулдана. Тэр байтугай аль нэг намын удирдах албан тушаалтан суух эрхгүй сайд нарын зөвлөлийн хурлыг МАН-ын нарийн бичгийн дарга Я.Содбаатар “хянасан” сурагтай.
Монгол Улсын яам, агентлаг, төрийн албыг Ардын намын аппарат болгон хувиргах ажил үүгээр эхэлж байгаа бололтой. Тэгэхээр энэ Засгийн газар Монгол Улсын Засгийн газар бус МАН-ын, С.Батболдын өмчийн Засгийн газар болж байх шиг байна.
Тиймээс МАН дараагийн томилгооныхоо эрэлд нэгэнт гарчээ. Тэднийг зургаан яамны дэд сайдын онгорхой суудал хүлээж байна. Удирдах зөвлөл нь өнөөдрөөс хуралдаж томилгооны асуудлаа ярилцаж магадгүй. Урьдчилсан байдлаар бол Ардын намынхан дэд сайдуудын суудлыг аль хэдийнэ тоочиглочихсон, өөрөө өөрийгөө сайд болгочихсон төсөөлж яваа байлгүй. Зарим нь сайд болох гэж үнэн сэтгэлээсээ зүтгэж байгаа байх. Ямартай ч одоо сонсогдсоноор Гадаад харилцааны дэд сайдад Г.Тэнгэр гэдэг залуугийн нэр яригдаж байгаа юм байна. Тэр бол Ардын намын үнэнч гишүүдийн нэг. Тиймдээ ч МАН-ын Гадаад харилцааны хэлтсийн даргаар найман жил ажиллаж байгаа гэвүү. Элдэв дарга даамлын суудал нэхэж, амбицлалгүй намын ажилд тэвчээртэй зүтгэсэн түүнийг албан тушаалаар шагнах цаг болсон гэж МАН-ынхан үзэж байж болох л юм.
АН-аас Хамтарсан Засгийн газарт орж ажилласан ганц эмэгтэй сайд бол Боловсрол, соёл, шинжлэх ухааны дэд сайд Ч.Куланда. Түүний халааг Ардын намын шинэ сайд авах нь мэдээж. Энэ суудалд очих магадлалтай хүн нь алтны магнат Нямтайширын хүү Номтойбаяр гэнэ. “МАК” компанийн захирал аав нь хүүгийнхээ өмнөөс намд тэрбум төгрөг хандивласан нь үр дүнгээ өгөх биз. МАН-ын залуучуудын холбооны дарга нар дэд сайдын суудал горилж байгаа тухай яриа таамаг эртнээс хэвлэлийн хуудаснаа үзэгдэж байлаа. Гэвч энэ таамгийг холбооных нь Ерөнхийлөгч тас цохиж залуучууд сайд болох шуналгүй яваа гэдгийг нийтэд зарлаад авсан юм. Дарга нь ийм мэдэгдэл хийсэн ч Н.Номтойбаяр хувь хүнийхээ амбицыг дарж чадсангүй юу, ямартай ч дэд сайдын суудал руу зүтгэж байгаа дуулдана.
Дараагийн дэд сайд бол Зам тээвэр, барилга хот байгуулалтын яаманд очих ёстой. Монголын дэд бүтэц, бүтээн байгуулалтын хамаг ажлыг нугалах үүрэгтэй энэ яаманд Ардын намынхан Б.Цэнгэл гэгч эрхмийг тавих магадлал өндөртэй гэнэ. Авто тээврийн газрын даргаар ажиллаж байсан тэрээр Сонгуулийн хуулийн дагуу өнгөрсөн нэгдүгээр сарын 1-ээс өмнө ажлаа өгсөн билээ. Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны хэлстийн даргын ажилтай н.Баянмөнхийг тушаал дэвшүүлж, дэд сайд болгох яриа МАН-ынхан дунд байна. Мэргэжлийн хүнийг сайд болгох санаатай нь энэ юм болов уу.
Сайдын нөхөн томилгооны үеэр эмэгтэйчүүддээ боломж олгоогүй Ардын нам энэ удаа дэд сайдуудын суудалд бүсгүйчүүдийнхээ төлөөллийг оруулах бодолтой байгаа аж. Угийн геологич мэргэжилтэй н.Гарамжавыг Эрдэс баялаг, эрчим хүчний дэд сайдын албан тушаалд тавих сонирхол бий гэнэ. Тэрээр шатахууны үнэ нэмсэн хэрэгт уначихаад байгаа Б.Ариунсангийн оронд уг салбарыг авч явах магадлалтай юм байна. Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн дэд сайдад н.Идэрмаа, Б.Ундармаа нарын хүүхнүүдийн нэр дуулдаж байгаа юм. УБЕГ-ын дарга асан Л.Мөнхбаатар ч энэ ажлыг хийх боломжтойд тооцогдож байгаа юм байна. Улсын бүртгэлийн ерөнхий газрыг бас ч үгүй цэгцэнд нь оруулчихаад соигуульд өрсөлдөхөөр ажлаа өгсөн хэмээн түүнийг намынхан нь үнэлж байгаа юм байх. Дэд сайдууд хэн хэн болох тухай таамаг төдий яриа ийм байна. Чухамдаа эцсийн шийдвэрийг МАН-ын Удирдах зөвлөл гаргах учраас тэр үед дэд сайдуудын нэр тодорхой болох биз ээ.
Ардын намынханд тулаад байгаа өөр нэг үйл явдал бол мэдээж Бага хурал нь. Сүхбаатар жанжны төрсөн өдөр буюу ирэх хоёрдугаар сарын 2-ны өдөр хуралдахаар тэд товлочихоод байгаа юм. Хэрвээ сая МАН-ын генсек У.Хүрэлсүх тэргүүн шадар сайд болчихсон бол энэ удаагийн Бага хурлаар шинэ Ерөнхий нарийн бичгийн даргаа сонгох байлаа. Хэнээр генсекээ тавих тухай таамаглалууд ч МАН-ынхны дунд хөвөрч байсан юм. Одоогийн нарийн бичгийн дарга Я.Содбаатар энэ суудалд суух магадлал ихтэй гэж байсан ч түүнд дургүй хэсэг нам дотор нь бишгүй байж. Зарим нь түүнийг У.Хурэлсүхийн дайнд хүрэхгүй гэж чамлаж байхад, нөгөө талд нь дэмжих нэг хэсэг байсан сурагтай. Энэ нь дотоодын хагарал үүсгэж, Ардын намыг дахин хоёр хувааж ч мэдэхээр байсан гэнэ. Генсекийн суудалд очих хүний өөр нэг хувилбар нь С.Баяр байв. Гэвч түүнийг Ерөнхий нарийн бичгийн дарга болбол намаасаа гарна гэсэн бодолтой гишүүд ч бишгүй байсан гэх. Ямартай ч тэргүүн шадар сайдын албанд АН цэг тавьснаар МАН-ын асуудал намжив бололтой.
Шинэ ерөнхий нарийн бичгийн даргын талаар ярихгүй нь ойлгомжтой болсон МАН-ын Бага хурал мэдээж дангаараа Засгийн газраа байгуулж, эрх баригч нам болсон тухайгаа ярилцах гэнэ. Мэдээж хаяанд ирээд байгаа сонгуулиа хэлэлцэх бололтой. Сонгуульд өрсөлдөх сонирхолтой нөхдүүд нь квотоосоо хэтэрчихээд байгаа тул тойрог, мандатын хэрүүлээ цэгцлэх нь дамжиггүй биз ээ.
М.Цэцэг
Тус мэдээллийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.
ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН
URL: