Монголчууд даяаршлаас муу муухай бүхнийг нь шингээж байна

7132B978-0965-44D2-BCB7-641B6BC91D42Монгол даяарчлагдаж  байна гэж хөл хөөрцөг болдог хүмүүс бий. Сайн ч юм уу, муу ч юм уу, бүү мэд. Дээхнэ Москва найтаахад Монгол ханиадаг гэсэн үг байлаа. Тийм л хамааралтай байсан хэрэг. Одоо тэгвэл тэр хамаарал  хил хязгаараа хэдийнээ тэлсэн. Дэлхийн санхүүгийн хямралыг дагаад жижигхэн Монгол хормойн салхинд нь дэрвээд хөлд нь чирэгдэнэ.

Судлаачид  даяаршил нь улс гүрнүүдийн бүрэн эрхт байдлыг хязгаарлахад хүргэдэг бөгөөд энэ үйл явцын дүнд сул дорой, бага буурай улсууд хамгийн их хохирогчид болдог гэж тэмдэглэжээ. Бас даяаршил буюу жижиг улсыг тээрэмдэн хаях их аян гэж нэрлэсэн байх юм. Их л том сэдэв, өргөн хүрээтэй онолын асуудал юм шиг байна.

Харин амьдрал дээр монголчууд даяаршлаас аль болж бүтэхгүй бүхнийг нь шингээж аваад байх шиг харагддаг.

Даяаршлаас Монголд нутагшиж буй хамгийн аймшиг бол хар  тамхи, мансууруулах бодисын хэрэглээ. Энэ донтолт Монголын өсвөр залуу үеийнхний дунд өвсний түймэр лугаа тэлж байна. Цагдаагийн ерөнхий газар/ЦЕГ/-ын харьяа Хар тамхитай тэмцэх газрын мэдээллээр энэ оны эхний есөн сарын байдлаар 193 хэрэгт 330 хүн холбогдон шалгагдсаны 11 нь хүүхэд аж.

1990-ээд оноос өмнө хар тамхи, мансуурах донтох тухай ойлголт байдаггүй байлаа. Энэ талдээр монголчууд үнэхээр айдасгүй амар амгалан аж төрж байсан нь үгүйсгэшгүй үнэн билээ. Харин “Хүйтэн дайн”-ы дараагаас эхэлсэн даяаршлаас Монголд үлдэж  хоцорч буй  базаахгүй  жишгүүдийн түрүүнд  хар тамхины хэрэглээ цохьж явна. Хар тамхины хэрэглээ цаашид үндэстэн дамнасан сүлжээ болж, мафижвал Монголын төр хүчин мөхөстөж мэднэ.

Даяаршлалаас үлдэж буй өөр нэг  нөлөөлөл гэвэл монголчууд, ялангуяа өндөр мэргэжил боловсролтой залуучууд  гадаадад олноороо гарч, хөдөө орон нутгийнхан төв суурин газар бараадаж хэт  төвлөрлийг үүсгээд байна. Үр дагавар нь  эх орны хязгаар нутаг эзэнгүйрч,  тэр орон зайд гадаадын явуулууд суугуул иргэдээс ч илүү эрх ямба эдэлж, дураараа дургиж байгааг шонхорын наймаа, зээрийн ан, зөвшөөрөлгүй алт олборлож буй гадаадын иргэдийн жишээнээс харж болно.

Хилийн цаана эх хэл, уламжлалт соёл ахуй, өв түүхээсээ холдсон шинэ залуу үеийнхэн чигээрээ харийн иргэд болж цөөхөн Монголоо цөөрүүлж байна.

Телевиз, интернет, мэдээ мэдээлэл даяаршиж, үүнээс үүдэн  монголчуудын үнэт  зүйл, уламжлалт соёл зан заншил улам бүр бүдгэрч, өнгө мөнгөний хорвоо өнөөгийн Монголын төрхийг илэрхийлж байна.

Даяаршлын “буян”-аар  Монгол улс ДНБ-ийнхээ хэмжээнээс хоёр дахин их гадаад өртэй болоод байна.  Тэр дундаа урд хөршөөс зээлсэн мөнгө уул овоо шиг  болж байна. Энэ нь эргээд газар нутгийн бүрэн байдалд  нөлөөлөх вий гэсэн болгоомжлол бий. Санхүү, өр зээлийн  колоничлолын үнэр  нэгэн цагт сэвэлзвэл яана.

Хаа тэртээ ертөнцийн нөгөө хязгаарт дуулддаг байсан ДОХ-ын халдвар  Монголд хэдийнэ орон зайгаа эзэлж, залуу үеийнхэн маань  баар цэнгээний газар, дэн буудлаар “туг” дэрвүүлж явдаг болжээ.

Бид нэг иймэрхүү янзаар л даяарчлагдаад байх шиг харагдах юм.

Г.Тулга

Zaluu.com


URL:

Сэтгэгдэл бичих