“Бэгдү” констрашн оршин суугчдыг нар харах эрхгүй болгох нь
Газар өмчлөл, хот төлөвлөлтэй холбоотой асуудал өдөр бүр иргэдийг залхаасаар. Хүүхдийн тоглоомын талбай байгуулна хэмээн иргэдийг сэнхрүүлж, барьсан байрандаа оруулчихаад эцэс сүүлд нь “Төлөвлөлт өөрчлөгдсөн. Энд барилга барина” гэх тохиолдол олон. Түүнчлэн байрны оршин суугчдыг нар үзэхээргүй болгож цонх, хаалгыг нь таглан барилга босгох гэж зүтгэх явдал газар авчээ. Үүний нэг жишээг “Бэгдү” консртакшн давтав. Тус компанийн барьсан “Бэгдү” хотхон Баянгол дүүргийн X хороо буюу “Магнай трейд”-ийн шатахуун түгээх станцын хажууханд байдаг. Эл компани 2004 онд гурван байр барьжээ. П хэлбэртэй барьсан гурван байрны баруун талд нь тоглоомын талбай барихаар төлөвлөсөн байна. Гэтэл тоглоомын талбай барихгүй байсаар оршин суугчдын бухимдлыг баржээ. Тоглоомын талбай барина хэмээн амласан энэ газарт өндөр барилга барихаар болж өнгөрсөн намар гурван шөнийн дотор л газрыг нь ухаад, кран авчраад тавьчихсан гэнэ. Тус газар 16 давхар барилга барихаар төлөвлөж байгаа аж. Тиймээс ойр хавийн оршин суугчид нь манай сонинд хандсан юм.
“Бэгдү”хотхоны баруун хойд талд “Эск инженеринг” ХХК-ийн барьсан 15 давхар 65 дугаар байр байрладаг. Тус компани ч мөн оршин суугчдаа татахын тулд дээрх газрыг “Энэ манай газар. Удахгүй тоглоомын талбай барина” гэж хэлжээ. Иргэдийн ярьж буйгаар тус талбайг “Бэгдү” констракшн, “Эск инженеринг” хоёр хувааж авсан гэдэг ч тоглоомын талбайн талаар дурсахгүй байгаа аж. Харин өнгөрсөн жил “Бэгдү”-ийнхэн гурван байрныхаа хойд талд зургаан давхар байр барьсан байна. Иргэд “Үүнийг УИХ-ын гүшүүн С.Эрдэнийн хүү захиалгаар бариулсан. Өөрөө гурван давхарт нь амьдардаг. Ер нь энд одууд амьдардаг” гэж байсан юм. Ийн хэн дуртай нь захиалж барилга бариулсаар, хүүхдийн тоглоомын талбай сураг алдарчээ. Кран зоосон талбай дээр хэрвээ өндөр барилга барьчихвал дэргэдэх байр буюу “Бэгдү” хотхоны баруун талын байрнаас нэг метр орчим зайтай байрлахаас гадна айлуудын цонхыг таглаж, нарны гэрэл харах эрхгүй болгох нь. Тиймээс иргэд тус газарт барилга бус тоглоомын талбай бариулах хүсэлтэй байгаагаа дуулгасан.
“Бэгдү” констракшны захирал нь солонгос эр байдаг бөгөөд эхнэр нь монгол. Түүний эхнэрийг хотын захиргаанд ажиллаж байсан болохоор танил талаараа газар авчихдаг байх хэмээн хардах нэгэн ч таарсан. 2008 онд “Даяар монгол” хөдөлгөөнийхөн “Бэгдү” хотхонд очиж эсэргүүцэл илэрхийлсэн боловч цагдаа нар дарамт үзүүлсэн учраас эсэргүүцлээ зогсоосон байна. Ашиг олж, баяжиж байвал иргэд ямар орчинд амьдрах хэрхэх нь хамаагүй гэдэг гадны бэртэгчин зантай хүмүүсийн хармаанд дэл сул газраа хийсээр байтал монголчууд өөрсдөө гишгэх газаргүй болох вий.
“Баялаг” хотхоны хүүхдийн талбайд очиж тоглохоор хөөгөөд байдаг”
Манай сурвалжлах багийнхан өнгөрсөн бямба гаригт тус компани захиралтай уулзаж асуудлыг тодруулахаар очсон боловч хариу өгсөнгүй. Монгол хэлээд тааруухан бололтой. “Хэн наашаа ор гэсэн юм. Ямар хэргээр яваа вэ” хэмээснээ ажилчдаа солонгос хэлээр загнаж ихэд бухимдангуй байгаа харагдав. Түүний орчуулагч нь хэлэхдээ “Энэ манай газар. Төлөвлөлтийнхөө дагуу явж байгаа. Тоглоомын талбай барих байх. Гэхдээ барилга барих эсэх нь шийдэгдээгүй. Энэ газар маргаантай байгаа” гэлээ.
Солонгос, Японд барилга барих зөвшөөрлийг нь өгчихөөд цаг тутам хяналт тавьж, янз бүрийн асуудал гарвал шууд барилгын ажлыг зогсоож, үгүй бол барихыг нь хориглодог юм билээ. Гэтэл манай улс болохоор барилга барьсных нь дараа асуудал үүсгэж шүүх цагдаа болдог. Түүнчлэн барилгын эзэд нь хүмүүсээ оруулчихаад “Бид явлаа. Өөрсдөө СӨХ байгуулаад тэр мөнгөөрөө тоглоомын талбай барь” гэж хэлдэг. Хүмүүс тоглоомын талбайнаас болоод 50-60 саяын үнэтэй байраа хаяад явахгүй нь тодорхой. Тиймээс иргэд хохироод, хүүхдээ тоглуулж, агаар үзүүлэх талбайгүй хоцорно. “Бэгдү” констракшны захирал солонгос хүн учраас өөрийн орны стандарт, хууль дүрмийг мэддэг байж таараа. Харин манай монголчуудын хэнэггүй, хайхрамжгүй, хууль дүүрмээ уландаа гишгэдэг байдлыг гадныхан ийн овжин ашиглаж, иргэдийг нь хулхидан өврөө түнтийлгэж байна.
“Бэгдү” хотхоны хажуу талын 65 дугаар байрт оршин суудаг иргэн “Манай энд хүүхэд тоглох талбай байтугай хөгшид нарлах сандал байхгүй. Манай эхнэр хүүхдээ аваад ойролцоо орших “Баялаг” хотхоны хүүхдийн талбайд ганц хоёр цаг тоглуулдаг. Гэвч тэндхийн оршин суугчид “Зай талбай бага байхад өөр байрны хүүхдүүд ирлээ” хэмээн ад үздэг гэж ярьсан. Хүүхдүүд нь хүртэл хөөгөөд тоглуулдаггүй тухай багачууд хэлж байсан. Зарим оршин суугчидтай уулзахад “Хэрэв энэ байрыг барьвал Хан-Уул дүүргийн 120 мянгатад болсон барилгын хэрэг давтагдах болно. Барьсных нь дараа нураа гэж мянга хашгираад нэмэргүй. Тиймээс барихаас өмнө тэмцэх болно. Уг нь энэ байршил нь сайхан” гэж байлаа. Харин энэ талаар тус хотхоны СӨХ-ны дарга Ю.Ганболдтой холбогдоход “Энэ угаасаа баригдах ёстой барилга. Зарим иргэн цонх хаана гээд гомдоллоод байгаа. Өөрсдөө барьсан барилгад нь орчихоод шинээр барилга бариулахгүй гэж болохгүй шүү дээ” гэсэн хариултыг өглөө. Улаанбаатарт газар хөдлөлт болбол зай мундсан мэт шахаж барьсан барилгууд бие биенээ дэрлэн нурж асуудал үүсгэх вий. Хот төлөвлөлтөө дахин харж, иргэдийн аюулгүй тайван орчинд амьдрах бололцоог хангаж өгөөсэй билээ.
Б.Аззаяа
URL: