Алдаагаа засах “эрхгүй” эсвэл “хүсэлгүй” Монголын төр

УИХ-ын нэр бүхийн гишүүд Оюутолгой ордыг ашиглахтай холбогдуулан байгуулсан Хөрөнгө оруулалтын гэрээний асуудлаар Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдтой уулзаж шаардлага гардуулсан. Харин Ерөнхий сайд гишүүдийг хүлээн авч уулзаад “Оюутолгой төсөл нь Монгол Улсын хөгжилд чухал ач холбогдолтой төсөл.

Тиймээс ч энэ төсөл хугацаандаа хэрэгжих ёстой, зогсоож болохгүй гэж үзэж байна. Засгийн газрын хувьд Оюутолгой төсөл, түүний гэрээний хэрэгжилтэд анхаарал тавьж ажиллах ёстой.” хэмээн мэдэгджээ. Монголчуудын найдвар болсон толгойнуудын эхлэл болох Оюутолгойн орд агзрыг ашиглах гэрээ бодит байдал дээр энэ зуунд байж болох хамгийн муу сонголт болсон гэдгийг дэлхий нийт хэлдэг. Бас ч гэж засч залруулах боломж бийг сануулдаг.

Гэвч энэ удаа Монголын төр, төрийн эрх баригчид алдаагаа засахыг хүсэхгүй байгаагаа албан ёсоор мэдэгдлээ. Эндээс нэг дүгнэлт хийж болно. Тодруулбал дээр хэлсэнчлэн Монголын төр алдаагаа засахыг хүсэхгүй байна. Аль эсвэл олны дунд яригддагчлан Монголд ашиггүй гэрээ байгуулахаа амлаж авлига хээл хахуулийг авчихсан учраас алдаагаа залруулах эрхгүй болчихоод байна… Гэхдээ монголчуудыг хэдэн жилдээ хээв нэг тэжээчих мөнгө болохуйц ашигт малтмалын асар том орд газрыг зүгээр ч нэг үрчихэлгүй өр болгосны хариуцлагыг ирээдүйд хэн нэг нь хүлээж л таарна гэдгийг хэлчихэд илүүдэхгүй л болов уу.


URL:

Сэтгэгдэл бичих