“Орлогод нийцсэн орон сууц” төслийн 940 айлын байрыг ирэх онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна

6289

Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаа спорт цогцолбор орчимд 940 айлын “Орлогод нийцсэн орон сууц”-ны төслийн шавийг өнгөрсөн тавдугаар сард тавьсан. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан өчигдөр уг төслийн явц, хэрэгжилтийг шалгаж, газар дээр нь ажиллав.

2020 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна

Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн захирал Б.Сүхбаатар “Нийслэлээс олгож өгсөн газар дээр хувийн байгууллагууд өөрсдийн хөрөнгөөр барилга бариад тодорхой хувийг нь нийслэлд өгч байгаа. Үлдсэн хувиа зах зээлийн зарчмаар зарах юм. Байрны 1 ам метр нь 1 сая 450 мянга байхаар компанитай гэрээ байгуулсан. Сургууль, цэцэрлэг, ногоон байгууламж, авто зогсоол зэрэг бүгдийг нь нэг дор байхаар төлөвлөсөн нь давуу тал болж байгаа” хэмээлээ.

“Нийт зургаан блок 940 айлын орон сууц баригдахаас энэ жил дөрвөн блок 896 айлын орон сууц баригдаж байна. Манай компани нь Нийслэлийн орон сууцны корпораци ХК-тай хамтран өнгөрсөн тавдугаар сарын 14-нд уг төслийг эхлүүлсэн. Барилга угсралтын ажил 90 гаруй хувьтай явагдаж байна. 2020 оны хоёрдугаар хагаст ашиглалтад хүлээлгэн өгөх төлөвлөгөөтэй ажиллаж байна” хэмээн  “Дорнын их гэгээ” ХХК-ийн ТУЗ-ын гишүүн О.Одбаяр ярилаа.

Төслийн хүрээнд 12 давхар 6 блок орон сууцны барилга, 120 хүүхдийн цэцэрлэг, 180 хүүхдийн бага сургуулийн бүтээн байгуулалт сүндэрлэх юм байна.

Үүний дараа хотын Захирагчаар ахлуулсан нийслэлийн удирдлагууд Хан-Уул дүүргийн 10-р хороо, Морингийн даваа орчимд “Орлогод нийцсэн орон сууц” төсөл хэрэгжүүлэх талбайд очлоо. Нийт 129 га талбайд сургууль, цэцэрлэгээс авахуулаад төрийн бүхий л үйлчилгээг төвлөрүүлсэн орон сууцны иж бүрэн хороолол барихаар төлөвлөөд байгаа аж.

“Эхний ээлжинд бид 46 га талбайд төлөвлөлт хийж байгаа. Дэд бүтцээ бид өөрсдөө шийдэж өгнө. Төсөл хэрэгжүүлэх компаниудын сонгон шалгаруулалтаа зарлахад бэлэн болоод байна. Бид компаниудтай барьсан барилгынхаа хэдэн хувийг нь газар болон дэд бүтцийнхээ төлбөрт нийслэлд өгч, хэдэн хувийг нь хямд өртгөөр борлуулах боломжтой вэ гэдгийг нь харгалзан үзэж шалгаруулна.

Хямд өртгөөр борлуулах эрхтэй орон сууцыг түрээслээд өмчлөх хэлбэрээр иргэдэд санал болгоно. Газрын төлбөрт өгч байгаа орон сууцнуудыг энгийн түрээс болон бусад газарт газар чөлөөлөхөд зарцуулахаар төлөвлөж байгаа. Эхний ээлжийн 46 га талбай дээр төсөл хэрэгжүүлэх 15-16 компани шалгаруулна. Зарим талбар дээр компаниуд нэгдээд орж болно” хэмээн НОСК ХК-ийн захирал Б.Сүхбаатар ярилаа.

Ирэх хавраас Морингийн даваанд жишиг төлөвлөлттэй орон сууцны хороолол баригдаж эхэлнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн орон сууцны төсөл хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх, богино хугацаанд олон өрхийг орон сууцаар хангах ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна. Орлогод нийцсэн орон сууц гэхээрээ хямдхан, чанаргүй, орчин нөхцөл нь тааламжгүй газар биш хамгийн өндөр чанартай, ая тухтай амьдрах орчинг бүрдүүлсэн, нийгмийн байгууламжуудыг шийдсэн орон сууцыг хэлнэ. Түрээслээд өмчлөх боломжийг бүрдүүлж байгаагаараа орлогод нийцүүлсэн гэж байгаа.

НОСК ХК, хувийн хэвшилтэй хамтраад гэр хорооллын дахин төлөвлөлт, орон сууцжуулалтыг шинэ зохион байгуулалтаар эхлүүлж байна. Нийслэл газраа шийдэж, дэд бүтцээ татаж өгнө. Ингээд чадвартай, хариуцлагатай барилгын компаниудыг энэ ажилд оруулна. Ирэх хавраас Морингийн даваанд жишиг төлөвлөлттэй орон сууцны хороолол баригдаж эхэлнэ. Энд амины болон нийтийн орон сууцны аль аль нь байна. Морингийн даваа руу Яармаг нисэх чиглэлийн замаар ирэх ганц замтай болчихоод байгаа.

Бид шууд нисэх, Морингийн давааны замаас 22-ын товчоо руу холбох зам дэд бүтцээ давхар төлөвлөөд явна. Хотыг задлах, захаас нь хөгжүүлэх боломж бүрдэнэ. Морингийн даваа орчмын айл өрхүүд орон сууцны төсөл хөтөлбөрт хамрагдах бүрэн боломжтой” гэв

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс


URL:

Сэтгэгдэл бичих