“Фаунд таун” рестораны хоолноос гэдэсний бүлгийн нян илэрчээ

6252

“Уудам Монгол эдүкэйшн” сургуулийн сурагчдын үдийн хоолыг Нийслэлийн Чингэлтэй дүүргийн “Рааш Булаг” ХХК-ны Фаунд Таун ресторанаас бэлтгэн нийлүүлж байсан. Нийлүүлэгдэж байсан хоолны дээж болоод эд зүйлсийн гадаргуугийн арчдас, ундны ус, нийтийн хоол, хоол амтлагч, хүнсний ногоо, сав баглаа боодол зэрэг нийт 42 дээжинд шинжилгээг хийхэд эд зүйлсийн гадаргуугийн арчдасны 76%-д гэдэсний бүлгийн нян-Enterobacter spp, нийтийн хоолны 33,3%-д Citrobacter spp тус тус илэрлээ.

Дээрх бичил биетэнгүүд нь байгальд өргөн тархсан, хөрс, цэнгэг ус, хүн, амьтан, шувуу, загасны гэдсэнд амьдардаг ба хоол хүнсний бүтээгдэхүүнд үржих чадвартай, дархлаа суларсан хүнд өвчин үүсгэх магадлалтай учир жирэмсэн эхчүүд болон цэцэрлэг, сургуулийн бага насны хүүхдүүдэд эрсдэлтэй бүлэгт хамаарна. Гэдэсний бүлгийн нянгаар бохирлогдсон хоол хүнс нь хүний бие организмд ходоод гэдэсний хямрал /бөөлжих, гүйлгэж суулгах…гэх мэт/, бусад эмнэл зүйн шинж тэмдгүүдийг үзүүлж болно.

Иймд үйлдвэрлэгч аж ахуйн нэгж, худалдан борлуулагч иргэд, аж ахуйн нэгжүүд нь бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдлыг хангаж ажиллах, түүхий эд бүтээгдэхүүнийг зөв сонгох, болсон болон түүхий бүтээгдэхүүнийг тусад нь тавьж ангилах, ажилчдын хувийн ариун цэврийг чанд сахих, урьдчилан сэргийлэх үзлэгт ажилчдыг хамруулах, эрүүл ахуйн зохистой дадлыг баримтлах, тоног төхөөрөмж багаж хэрэгслийг тогтмол цэвэрлэх, ариутгах, түргэн гэмтэх бүтээгдэхүүнийг тасалгааны хэмд удаан байлгахгүй байх, үйлдвэрлэлийн үе шат болгондоо дотоод хяналтыг тавьж, стандарт шаардлагыг хангаж ажиллахыг Мэргэжлийн хяналтын байгууллагын зүгээс зөвлөж байна.

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар


URL:

Сэтгэгдэл бичих