Улирлаа андуурсан бүтээн байгуулалтууд “Уршиг” дагуулсаар
Намрын сар эхлээд хэдийн талдаа орчихлоо. Хэзээ мөдгүй өвөл цаг ирэх гээд байдаг. Өвөлжилтийн бэлтгэл ажил хөдөө, хотгүй өрнөж байна. Гэтэл гэнэт ухаан оров уу гэлтэй бүтээн байгуулалтын ажлууд эрчимжээд эхэллээ. Энд тэнд газар ухаж, нүх малтан шороо овоолж, явган болон авто замуудыг байсхийгээд хааж, гэрэл цахилгааныг хүртэл үе үе хязгаарлаад л. Хичээл сургууль эхэлж, хөдөлгөөний нягтрал нэмэгдэн, хотын замын түгжрэлд таг зогсож буй энэ үед ийм “оройтсон бороонд” олон нийт бухимдалтай байна. Зуны дэлгэр цагт хийж байхгүй, намар болохоор ухаан орсон юм шиг ухаж төнхөөд эхлэх юм гэсэн шүүмжлэл хаа сайгүй.
Хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлыг ингэж цагийг нь тулгаж, яаруу сандруу хийх нь нийгэмд хортой, нийтэд ч уршиг дагуулна. Харин богино хугацаанд ажлаа хагас хугас гялалзуулж, мөнгөө бүтнээр нь авах компаниудад л ашигтай байдаг байх.
Бүтээн байгуулалтын тендерүүд зарлагдаж, ялагч тодорч, ажил нь эхлэх гэсээр байтал зуны гурван сар нь дуусчихдаг. Бүр цаашлаад тендерт оролцоод ялагдсан аж ахуйн нэгж гомдол гаргачихвал өнөөх ажил нь шүүхийн процессыг хүлээн хоёр сар гацалтад орно. Бүтээн байгуулалтын ажлын төсөв хөрөнгө нь шийдэгдчихээд байхад зураг төсөл нь хийгдээгүйгээс мөн цаг хугацаа алддаг хэцүүхэн жишээ олон. Сонгино-хайрхан дүүрэгт л гэхэд ерөнхий боловсролын сургуулийн хоёр давхар барилга барих тендер зарлагдан ялагч нь тодорсон ч зураг төсөл огт байгаагүйгээс гурван давхар барилга барьчихсан инээдтэй, эмгэнэлтэй жишээ ч бий.
Ингээд л намрын сэрүүн наашилхаар бөөн бөөнөөрөө өвөл болохоос өрсдөг бүтээн байгуулалттай чанар, аюулгүй байдал яриад илүүц биз. Хорин жилийн өмнө тавьсан Нарны зам эвдрэл багатай байхад хоёр гуравхан жилийн өмнө “косметик” засвар хийсэн замууд нь зуны хэдэн борооны ая даахгүй урссан нь нөгөө яарвал даардгийн жишээ гэлтэй.
Зам, барилгын ажил тодорхой норм, стандарттай байдаг. Түүнийг баримтлахын тулд цаг хугацаа ч их орно. Гэтэл зунжин сул зогсчхоод намар болохоор сая нэг юм ажлаа эхэлж стандарт, технологийн дүрэм, горимыг нь зөрчин бүтээн байгуулалтын ажил хийдэг хачин жигтэй үйлдлээ хэзээ болих вэ. Тэгээд л 9 сард эхэлсэн ажлаа 10 сард дуусгаад, туузыг ч шил дараалаад л хайчилж өгнө дөө. Ийм завхарсан, ирээдүйгээ үл бодсон, хэврэг ажлуудын үр дүнд төсвийн хөрөнгө ашиггүй урссаар байгаа нь хэнд ч хамаагүй. Энэ жилийн бүтээн байгуулалтын ажлуудаас гэхэд л өнгөрсөн хагас сайны 23 цагаас бүтэн сайны 23 цаг хүртэл Таван буудлаас Долоон буудал хүртэлх авто замыг бүрэн хааж “Сэлбэ”, “Чингэлтэй” дэд бүтцийн төвүүдийг холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажлыг хийсэн. Ингээд амралтын хоёр өдөр Чингэлтэй, Хайлааст болон зуслангийн чиглэлд явахын тулд Дарь-Эх, Дамбадаржаагаар тойрч, авто замын түгжрэлд хувь нэмэр оруулсан. Зуны дэлгэр цагт хүн бүр хөдөө гадаа аялж зугаалахаар явчихсан, хичээл сургууль амарсан үед ажлаа хийж, зам хааж болоогүй л юм байх даа гэх хүмүүс олон.
Ийм томоохон гол замуудыг хааж боож байгаагаас гадна гэр хороолол, орон сууцны хорооллууд дунд зам хааж, шугам сүлжээний нүх ухаж байгаа ажлууд цөөнгүй. Түүнчлэн Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам удааширч энэ жил ашиглалтад орох боломжгүй болж байгаа, Налайхын шинэ авто зам цаг агаарын нөхцөл байдлаас гэдэг шалтгаанаар бүтээн байгуулалтын ажил нь арваад хувийн хоцрогдолтой яваа гэсэн мэдээлэл ч байгаа юм.
Мөн шинээр баригдаж буй барилгыг инженерийн шугам сүлжээгээр хангах ажлыг хоёр жилийн өмнө эхэлсэн бөгөөд ирэх аравдугаар сарын 01-нд хүлээлгэн өгөх байсан ч ийнхүү хоёр сараар хойшлогдохоор болсон аж. Газар хөлдсөн хойно инженерийн шугам сүлжээний ажил хийгдэнэ гэсэн үг. Энэ мэтээр урин дулааны улиралд назгайрч, задгайрсан ажлууд намрын сэрүү ормогц гэнэт эрчимжээд байгаа юм. Хариуцсан график төлөвлөгөөний дагуу хийдэггүй, цагийг нь тулгаж халтуурдаж, нүд хуурч сурсан компаниудыг “Хар жагсаалт”-ад оруулж цаашид тендерт оролцуулахгүй байх ёстойг ч холбогдох албаных нь хэлж байна. Цаг тухайд нь ажлаа хийхгүй байгаа энэ мэт газруудад “Ажлаа хийвэл хий, хийхгүй бол зайлцгаа” гэсэн ерөнхий сайдын үгийг дамжуулмаар.
Л.Энхцэцэг
URL: