Худалдааны дайнаас үл шалтгаалан Ази дэлхийд тэргүүлнэ

Худалдааны_дайнаас_үл_шалтгаалан_Ази_дэлхийг_тэргүүлнэ_1Олон жилийн турш өрнөдийн ажиглагчид ба хэвлэлийнхэн Азийг ирээдүйд асар их боломжтой бүс нутаг гэж хардаг байв. Харин одоо цаг нь нэгэнт ирж, ирээдүй таамгаас түргэн биелсэн тул дэлхий дахин бодлоо шинэчлэх шаардлага тулгарлаа. Сүүлийн 30 жилийн хамгийн анхаарал татсан өрнөл бол шинэ тутам Азийн хэрэглээний тэлэлт, дэлхийн худалдаа, капитал, авьяас, инновацын эргэлтэд орж ирсэн явдал юм.

Үнэхээр ч интернэтээс эхлээд тансаг хэрэглээг Азигүйгээр төсөөлөх аргагүй. Харин Ази цаашдаа яаж тэргүүлэх бол гэдэг асуулт үүсэж байна. Мэдээж олон янзын хэл, соёл, шашин шүтлэгтэй орнуудыг нэг шалгуураар хэмжих боломжгүй. Эдгээр үндэстнүүд засаглалын хэлбэр, эдийн засгийн систем, хүний хөгжлийн үзүүлэлтээр эрс ялгаатай. Нэг хүнд ногдох дундаж орлого Непалд 849 ам.доллар бол Сингапурт 57714. Энэ бүсэд эртний балгас, суман галт тэрэг, хөдөөгийн буйд тосгон, тэнгэр баганадсан барилгуудын аль аль нь бий.

Энэхүү зүймэл даавуу мэт бүс нутаг эдийн засаг ба нийгмийн бүхий л үзүүлэлтээр урагшилж байна. 2000 онд Ази дэлхийн ДНБ-ий гуравны нэг хүрэхгүйг гаргаж байсан бол (худалдан авах чадварын тэнцлээр) 2040 онд 50 хувьд хүрнэ. Мөн үед дэлхийн нийт хэрэглээний 40 хувийг эзлэх таамаг гарчээ. Ази зөвхөн эдийн засгийн дэвшилд хүрээд зогсохгүй хүний хөгжлөөр үлэмж урагшилж, наслалтаас эхлээд бичиг үсэг, интернэт хэрэглээнд ахиц гарлаа.

Бүс нутгийн хөгжил хэдэн зуун сая хүнийг ядуурлаас гаргаад зогссонгүй орлогын бүх түвшний хүмүүсийн амьдралын ст андартыг дээшлүүлжээ. Хотжих үйл явц өсөлтийг дэмжиж, боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээний үүд хаалгыг нээлээ. Гэхдээ ядуурлын түвшин, бодит хөгжлийн сорилтууд хэвээр буй. Огцом өсөлтийг үл харгалзан орон сууц, дэд бүтэц хийгээд бусад үйлчилгээний хөгжил хүмүүсийн хэрэгцээнээс хоцорч байна. Тэгш бус байдал, байгаль орчны эрсдэлийг шийдэхийн тулд бүс нутагт илүү оролцоотой, тогтвортой өсөлт шаардагдана.

МкКинзийн дэлхийн хүрээлэнгийн сүүлийн судалгаанд хөгжиж буй 71 улс хамрагдсаны дотроос 18 нь ДНБ тогтвортой өндөр өсөлттэй байгаа. Сүүлийн 10 жилд Азийн хэд хэдэн орон дундаж орлоготой, зарим нь бүр өндөр хөгжилтэй улсын тоонд шилжлээ. Энэ нь бүс нутгийн үйлдвэржилт, хотжилтыг харуулахын сацуу хэрэглээ, бүтээмжийн өсөлт, хувийн секторын ахицыг илэрхийлдэг. Уг судалгаанд 43 улсыг хамарсан аж үйлдвэрийн 23 салбарын сүлжээ болон дэлхийн худалдааны өөрчлөлтийг авч үзжээ.

Эдгээр өөрчлөлтийн төвд Ази байгаа бөгөөд эндхийн компаниуд олон жилийн турш уг өөрчлөлтийг хөтлөх төлөвтэй байна. Сүүлийн 10 жилд дэлхийн үйлдвэрлэлийн гарц нэмэгдсэн боловч хил дамнасан худалдаа 5.6 хувиар буурсан. Энэхүү уналт худалдааны маргаан буюу зайлшгүй удаашралын дохио бус. Харин ч Хятад, Энэтхэг болон Азийн бусад хэсгийн эдийн засгийн эрүүл хөгжлийг илэрхийлж байгаа юм.

Хэрэглээ өсөхийн хэрээр эдгээр орнуудад үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүнийг өрнөд рүү экспортлох бус дотооддоо худалдаж байна гэсэн үг. Эдгээр чиг хандлага бол дэлхийн таталцлын бодит шилжилтийг харуулж буй. Онолч Параг Ханны хэлснээр Азийн зуун гэдэг нь мөчлөг бус бүтцийн шинж чанартай юм. МкКинзийн судалгаа дөрвөн салбар дахь Азийн үүргийг онцолжээ. Үүнд, худалдааны эргэлт ба сүлжээ, Азийн корпорацууд, технологи ба Азийн хэрэглэгчид. Тус хүрээлэн ойрын саруудад эдгээр зүйл бүрээр нарийвчилсан тайлан гаргахаар төлөвлөжээ.

ЗГМ сонин


URL:

Сэтгэгдэл бичих