Хэрүүлийн бузраас спортын холбоод салж байгаа сайн жишгийг магтъя

BUHIIN_HOLBOOБөхийн хүрээнийхэн, үндэсний бөх сонирхогчид баяртай байна. Аргагүй ээ, 2002 оноос хойш өнөөг хүртэл үргэлжилж байгаа Монголын үндэсний бөхийн холбоог тойрсон их хэрүүл тэмцэл ашгүй нэг дуусах нь гэсэн бодол Л.Чинбат захирлыг тамгаа гардуулж өгөхтэй зэрэгцэн төрөв. “Үндэсний бөхийн олон жилийн талцал хуваагдалд цэг тавилаа. Цаашид үндэсний бөхийг зангидаж явна гэж итгэж дархан аварга Б.Бат-Эрдэнэд МҮБХ-ны албан ёсны тамга тэмдгийг хүлээлгэж өглөө. Та бүхнийхээ цаашдын ажил хөдөлмөрт амжилт бүтээлийн дээдийг хүсэн ерөөе” хэмээн “Гацуурт” компанийн захирал Л.Чинбат жиргээндээ бичсэн байв.

Ингэж нэг эвлэрч, хоорондоо ойлголцохыг хардаг л юм байна.

Үнэндээ өнгөрсөн 17 жилийн тэмцэлд хэн хожиж, хэн хохиров. Харамсалтай нь энэ тэмцэлд ялагч байсангүй. Харин бузрын муухай хэрүүлээс болж нэр хүнд нь шавар шавхайтай хутгалдсанаараа монгол үндэсний бөх л тэр чигээрээ хохирогч боллоо. Одоо муу муухай бүхнийг үндэсний бөхтэй харьцуулан ярьж, хамаг муу үгээр үндэсний бөхийнхнийг хараах болсон нь дуусч өгдөггүй тэмцлийн л балаг байв. Харин Л.Чинбат захирал энэ хэрүүл тэмцэлд  татагдан орсноороо нэр хүндээ асар ихээр алдаж буйг ойлгосон бололтой, эвлэрлийн үүд хаалгыг ийн нээлээ.

Үнэндээ Монголын нэрийг урлаг, спортынхон л сайнаар гаргасаар ирсэн түүхтэй. Улс орон зах зээлийн нийгэмд шилжиж, хүн ардаа яаж тэжээх вэ гэж сандарч явсан үед ч манай тамирчид олимп, дэлхийн дэвжээнээс медаль авч, үндэсний бахархлыг төрүүлсээр байлаа. Сонгуулийн будлианаас үүдэлтэй жагсаал цуглаан сүүлдээ олныг хамарсан үймээн болж, таван залуугийн эрдэнэт амь эрсэдчихээд байсан тэр эгзэгтэй мөчид Монголын тамирчдын амжилт ард түмний хуралдсан уур хилэнг уусган тайвшруулж, улстөрчдийг эвлэрэлд хүргэж байв. Харин Монголын спортын амжилт ямар үед урууддаг вэ, бид ямар тохиолдолд том тэмцээнээс ганзага хоосон ирээд байна вэ. Ингээд судлаад, сонирхоод үзэхээр нэг л учир шалтгаантай холбогддог юм. Энэ бол өнөөх хэрүүл, тэмцэл, хагарал, бутрал. Түүнээс төрийн дэмжлэг, тамирчдын ур чадвар дутсандаа биш юм.

Монголын эрэгтэй чөлөөтийнхөн 1980 оноос хойш олимпийн наадмаас медаль авч амжаагүй явна. Гэтэл хажууд нь жүдогийнхон эв нэгдэлтэй, зангидсан гар шиг байж чадсаныхаа ачаар олимп, дэлхийн аваргуудтай болж, Монголын номер 1 спорт гэх алдрыг хүртэв.

Сая л гэхэд чөлөөтийн шигшээгийнхэн ДАШТ-д явахын өмнө буруу тамирчин сонголоо, улсын аварга болсон залуу тамирчныг дарамтлан үлдээлээ гэж хэрүүл хийсээр байгаад үдсэн. Улмаар гавьяат тамирчин Э.Сумъяа өөрийн хэмжээнд хүрч барилдаж чадалгүй тэмцээнээ дуусгахад олон нийт харааж шүүмжлээд нүүр хийх газаргүй болгож байна. “Энэ хүнийг заавал ялах юм шүү гэж бодохын оронд ялагдчихвал яана аа гэсэн айдас төрж байлаа” хэмээн Э.Сумъяа барилдааныхаа дараа ярьсан нь ямар их сэтгэлийн дарамтад байсныг гэрчилнэ. Хэрүүл тэмцэл бидэнд ингэж л нөлөөлж байна.

Чөлөөт бөхийнхний адил хувь заяагаа харлуулсан мөрийг үндэсний бөх, сагсныхан давтан үлдээж байлаа. Сагсчид мөн дотроо хоёр хуваагдаж, хоёр өөр холбоотой болсны балгаар олон улсын холбоо бидэнд хориг тавьж, тив, дэлхийн хэмжээний тэмцээнүүдэд оролцуулсангүй. Бид одоог хүртэл сагсны азийн аваргад оролцож чадахгүй яваа нь чухам энэ хоригоос үүдэлтэй.

Өнгөрсөн 17 жилийн тэмцэлд ялагч гэж байсангүй

Үр дүнд нь тамирчид хохирч, Т.Санчир, Б.Билгүүн тэргүүтэй авьяаслаг тамирчид ид үеэ хий дэмий өнгөрөөхөд хүрч байна.

Үндэсний бөх ч ялгаагүй. Зургаан залуу зааны гайхамшигт өрсөлдөөний ачаар үзэгчдийн сонирхлыг асар их татах болсон монгол үндэсний бөх дуусч өгдөггүй хэрүүл тэмцлийн балгаар нэр хүндээ алдаж, муу муухай бүхний туйл мэтээр хэлэгдэх болов. Хуваарьт барилдаанаа зохиож чадахгүйд хүртлээ уруудан доройтохыг бид нүдээрээ харж, харамсаж суулаа. Энэ хооронд бөхийн өргөөний хаалга хэдэн ч удаа эвдрэв, цагдаа, хүчнийхэн хэдэн ч удаа хамгаалалтад гарав. Бөхийн холбоог булаалдсан энэ тэмцлийн саар талыг дурдаад байвал барагдахгүй. Сүүлдээ ард түмэн халх, дөрвөд, зүүн, баруун монголоороо хуваагдахдаа  туллаа. Энэ бол хамгийн том эмгэнэл байв. Холбооны тамга тэмдэг булаалдсан маргаан эцэстээ үндэстний эв нэгдэлд заналхийлэх хэмжээнд хүрсэн нь энэ.

Харин одоо МҮБХ-ны дээгүүр хуралдсан хар үүл сарниж, сайн сайхан цаг ирэх нь гэсэн хүлээлт бий боллоо. Зарим эх сурвалжаас авсан мэдээллээр бол Б.Бат-Эрдэнэ аварга холбооны тэргүүн хэвээр үлдэж, нөгөө талаас яруу найрагч Ү.Хүрэлбаатарыг дэд тэргүүн болгох тохироог хоёр тал хийсэн гэх. Үнэндээ одоогийн нөхцөлд хэн тэргүүн, дэд тэргүүн болох нь тийм ч чухал биш. Харин эвдрэлцэж муудалгүй, нэгэн үзүүрт сэтгэлээр хамтран зүтгэх нь чухал байна.

Одоо МҮБХ-нд хийх ажил маш их байгаа. Допингийн эсрэг дүрэм журмаа чамбайруулж, хийгүй болгох нь тэдний хийж гүйцэтгэх хамгийн эхний том ажил. За тэгээд бөхчүүдийг жин нэмэхэд хүргэж буй шахааны барьцыг халж, өөр хувилбар санал болгох нь аминд тулсан бас нэг шинэчлэл болох учиртай. Үүнээс гадна энд тэнд хэрэг түвэг тарьж, нийт бөхчүүдийн нэр хүндийг унагаад байдаг том толгойтой нөхдөд арга хэмжээ авч, хариуцлага тооцдог болох ёстой. Үнэндээ өнгөрсөн хугацаанд холбоо нь нэр хүндгүй, чадамжгүй болохын хэрээр бөхчүүдийн ёс бус авир ч хэрээс хэтэрсэн. Энэ бүхнийг цэгцэлж, дэг журманд оруулж чадна гэсэн хүлээлт олны дунд байгааг холбооны удирдлагууд ойлгож байгаа биз ээ.

• Холбооны тамга тэмдэг булаалдсан маргаан эцэстээ үндэстний эв нэгдэлд заналхийлэх хэмжээнд хүрээд байв.

• Одоо маргалдаж муудалцаад байгаа бусад холбоод тэднээс үлгэр жишээ авмаар байна.

• Чөлөөтийн эрэгтэйчүүд 1980 оноос хойш олимпоос медаль аваагүй нь дуусч өгдөггүй хэрүүл тэмцэлтэй холбоотой байв.

Хэдхэн хоногийн өмнө жүдогийн шигшээгийн дасгалжуулагч нар ДАШТ-д амжилт муутай оролцсондоо уучла лт гуйж, бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо. Энэ бол Монголын спортод үгүйлэгдэж байсан маш сайн жишиг. Үүнийг залгуулаад бөхийн холбоог тойрсон ужиг тэмцэл эцэслэх шатандаа орлоо. Харин одоо маргалдаж муудалцаад байгаа бусад холбоод тэднээс үлгэр жишээ авмаар байна. Хоорондоо хэмлэлдээд юунд ч хүрдэггүйг өнгөрсөн гашуун түүхүүд бидэнд харууллаа шүү дээ. Эцэст нь хэлэхэд Монголын тамирчдын амжилтыг энэ муухай хэрүүл тэмцэл л хойш татаж байна, өөр юу ч биш.

Г.Баярсайхан

Засгийн газрын мэдээ


URL:

Сэтгэгдэл бичих