Ард нийтийн санал асуулга: МАН-ын тулгалт уу, ард түмний сонголт уу

712-156885045019562_3395918“Үндсэн хуулийг өөрчлөх  түүхэн үйл явдалтай холбогдуулан TV-9 телевизээс  “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, үндсээр нь өөрчлөх үү”  сэдэвт хэлэлцүүлгийг хөтлөн явуулж байгаа  билээ. Ээлжит хэлэлцүүлэгт оролцсон Монгол Улсын Төрийн соёрхолт, түүхийн ухааны доктор, судлаач  Д.Өлзийбаатар, Үндэсний бөхийн  дархан  аварга, Олимпийн мөнгөн медальт, ХХ зууны манлай бөх, сурган хүмүүжүүлэх ухааны доктор  Х.Баянмөнх, Дархан-Уул аймгийн МАХН-ын Түмтийн дарга, эрхзүйч Д.Араажав, зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд нарын хэлсэн онцлох эшлэлийг хүргэж байна.

Д.Өлзийбаатар: ӨӨРЧЛӨХ БИШ ӨНГӨ ЗАСАЛ ХИЙХ ГЭЖ БАЙНА
-1924, 1940, 1960 оны Үндсэн хуульд  эцэг хуулийн амьсгал байдаггүй. Тиймээс монголчууд Үндсэн хуулийнхаа үнэ цэнийг сайн мэддэггүй болж төлөвшсөн.
-1992 оны Үндсэн хууль сайн болсон ч  төрийн байгуулалтын тухайд алдаа гарсан. Дээр нь  хүмүүсийн үзэл, ойлголт  ч хангалтгүй хэвээр явж ирсэн.
-Санал асуулга явуулахад иргэдийн 70-80 хувь нь Үндсэн хуулиа үзээгүй, уншаагүй, мөн чанарыг нь ойлгоогүй байдалтай явж байна. Тиймээс “Дордуулахын долоон өөрчлөлт”-ийг оруулж, давхар дээлтнүүд бий болсноос эхлэн өнөөдөр Үндсэн хуулиа өөрчлөх асуудал тулгарсан.
-Өнөөдрийн өөрчлөлт гэнэт бий болоогүй. 2010 онд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах журмын тухай хуулийг баталсан. Одоо  зөвхөн тэр хүрээндээ өнгө засалт  хийж,   2020 оны сонгуульд “Бид Үндсэн хуулийг өөрчилсөн” гэсэн уриатай орох улс төрийн үйл ажиллагаа явагдах шинжтэй  байна. -Монголчууд Манжаас салсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэл засаглалынхаа хэлбэрийг эрж байгаа. Хамгийн тогтвортой нь социализмын үеийн нэг намын тогтолцоотой засаглалын хэлбэр  байлаа.
-1992 оны Үндсэн хуулийг баталсан 400 гаруй депутат маш ухаалаг хүмүүс байсан. Тэд ямар нийгэм рүү орох гэж байгаа, юу угтах гэж байгааг мэдэхгүй байсан ч Монгол Улсын хөгжлийн замыг маш зөв тодорхойлсон, ардчиллыг тогтоосон.
Х.Баянмөнх: МОНГОЛЫН ТӨРД ХАРИУЦЛАГЫН ТОГТОЛЦОО, ХЯНАЛТ АЛГА
-1992 оны Үндсэн хуулийг тасралтгүй 76 хоног хэлэлцэн баталж байсан. Тэр үед 21 аймаг, есөн дүүрэг, 360 сумаас ирсэн 400 гаруй депутат  хууль батлахад чин сэтгэлээсээ хандан оролцож баталсан. Шинэ Үндсэн хууль хүний эрхийг дээдэлсэн олон чухал заалтыг оруулснаараа онцлог.
-Одоо Үндсэн хуулиа өөрчлөхийн тулд 27 жил яваад ирсэн 1992 оны хууль ямар үүрэг гүйцэтгэв гэдэгт дүгнэлт хийж, алдаа оноогоо шүүх хэрэгтэй. Энд тэндээс нь хасч, танасаар эх хуулиа “хөгжлийн бэрхшээлтэй”  болгочихож  болохгүй.
-Одоо УИХ-аар ярьж байгаа Үндсэн хуулийг өөрчлөх төсөлд ард түмний амьдралд наалдахгүй зүйл нэг ч алга. Гол асуудал нь төрийн тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Монголын төрд хариуцлагын тогтолцоо, хяналт алга.
-УИХ гэх халдашгүй дархан эрхтэй 76 хүн сонгуулиар гарч ирээд бусдын эрхийг булааж аван  юу дуртайгаа хийж суудаг гажуудлыг  халах цаг болсон.
-Намчирхал Монголыг сүйтгэж байна. Төрийн эрх мэдэл ард түмний гарт байх ёстой.
-Төрийн түшээд өөрсдөө хуулиа хэрэгжүүлдэггүй, авлигад идэгдсэн. Тиймээс хуулиа баримталдаг болгох хэрэгтэй.
-Иргэдийнхээ дотор амьдардаг Иргэний их хурал байгуулах хэрэгтэй байна. Гэхдээ засаглалын хэлбэр чухал биш. Гол нь намаас салгах нь чухал.
Д.Араажав: БАЙГАЛИЙН БАЯЛАГ АРД ТҮМНИЙ ДУНДЫН  ӨМЧ БАЙХ ЁСТОЙ
-УИХ-д өргөн барьсан 62 гишүүний гэх тодотголтой Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөлд яг хэдэн гишүүн, хэн гарын үсэг зурсан нь бүрхэг байна. Яагаад гэвэл өнөөдөр 32 хүн дэмжсэн гэж ярьж байгаа, үлдсэн 30 нь дэмжээгүй юм биш үү.
-Үндсэн хуулийн нэгдүгээр хэлэлцүүлэг дуусч хоёрдугаар хэлэлцүүлэг эхэлж байхад Ерөнхийлөгч төсөл өргөн мэдүүлсэн зэрэг хууль зөрчсөн асуудал олон байна.
-Үндсэн хуулийг өөрчлөх үндэслэл нь төрийн тогтолцоог өөрчлөхөд чиглэх ёстой.
-Байгалийн баялгийг төр, нийтийн өмч гэж хуульчилж болохгүй. Ард түмний өмч бол тэдний дундын өмч байх учиртай.
-Их, дээд сургуульд суралцаж мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх зардлыг өмнөх нийгмийн үед төр хариуцдаг байсан. Өнөөдөр байгалийн баялгаас олж буй ашгаар сургалтын төлбөр,  эрүүл мэндийн үйлчилгээний зардлыг төр хариуцдаг болох хэрэгтэй.
-УИХ дээд, доод хоёр танхимтай байх заалтыг манай нам, эрдэмтэн судлаачдын хамт боловсруулсан Шинэ Дээд хуулийн төсөлд тусгасан. Хууль тогтоох, шүүх засаглал, гүйцэтгэх засаглалыг нам томилох биш ард түмэн сонгох ёстой. 20 гаруй мянган иргэн дэмжсэн саналаа өгсөн байгаа.
-Засгийн газрыг хүчтэй Ерөнхийлөгч тэргүүлэх нь  улс орны хөгжилд ч, ард түмний амьдралд ч эерэг өөрчлөлтийг авчирна.
Б.Номинчимэд: ХҮЧТЭЙ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАСАГЛАЛТАЙ БОЛОХ НЬ ЗҮЙТЭЙ
-Үндсэн хуулийг өөрчлөхдөө төрийн тогтолцоотой холбоотой зүйл заалтыг үндсээр  нь  өөрчлөх ёстой. Учир нь  байшингийн суурь болохгүй байгаа нөхцөлд наана байгаа цонх хаалгыг өөрчилж засаад нэмэргүй, асуудал шийдэгдэхгүй.
-1992 оны нөхцөл байдалтай харьцуулахад өнөөдөр тэнгэр газар шиг ялгаатай. Хаа хаанаа үүнийг ухаарч, ойлгох ёстой.
-Монголд хоёр танхимтай парламент тохиромжтой. Дээр нь Ерөнхийлөгч нь гүйцэтгэх засаглалаа тэргүүлдэг болох хувилбар байж болно.
-Гарцаагүй хөндөх ёстой нэг асуудал бол үзэл санаа гэдэг зүйл Үндсэн хуульд хэрхэн шингэсэн бэ, яаж тусгасан бэ, үндэсний онцлогоо яаж оруулав  гэдгийг эргэж харах ёстой.
-Монгол төрийн сүлдээ эргэж хармаар байна. Монгол үндэстнийг билиг талаас нь тэтгэж байдаг сүлд маш чухал ач холбогдолтой.
-Манай өнөөгийн тогтолцоо бол хагас Ерөнхийлөгийн засаглал байгаа. Гол нь гүйцэтгэх, шүүх засаглалыг УИХ томилж байгаа учраас болохгүй болчихоод байгаа юм.
-УИХ өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлж, эрх дархаа хадгалж үлдэх хууль хийж, батлах уу гэж асууж байгаа нь оюун санааны террор гэж би харж байгаа.
-Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл битгий батлагдаасай. Ийм дутуу дулимаг өөрчлөлт хийж болохгүй.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих