Унтаж буй байрлал эрүүл мэндэд чухал нөлөөтэй
Хүний унтаж байгаа байрлал эрүүл мэндэд нь нөлөөлдөг гэдэг. Суугаагаар унтах нь зүрхэнд муугаар нөлөөлж, гэдэсний даралтыг нэмэгдүүлдэг тул хамгийн аюултай байрлал гэж эмч нар анхааруулж байна. Түүнчлэн хажуу талаараа унтах нь нуруу нугасанд муу нөлөөтэйг дурдлаа. Оросын нойр судлаачдын нийгэмлэгийн гишүүн, доктор Владимир Ковальзон дээшээ харж унтах нь хурхируулдаг учир хэт таргалалттай хүмүүст сайн хувилбар биш хэмээн зөвлөв. Залуу хүмүүст хүртэл ийм эмгэг тохиолддог аж.
Тэрбээр “Илүүдэл жин хүчтэй хурхиралт үүсгэдэг. Хурхиралт цусны исэлдлийг өөрчилдөг учир маш аюултай. Исэлдсэн цус тархинд очих хангалтыг алдагдуулж, эрт цус харвах эрсдэл үүсгэдэг. Хүмүүс хурхиралтыг багасгахын тулд олон давхар дэр тавьж, хагас суугаа байдлаар унтдаг тал бий. Түүнчлэн унтлагын хувцсандаа теннисний бөмбөг оёж, нухахад нь хажуу тийш эргэх арга бодож олсон жишээ бий” хэмээн ярив. Гэвч өнөө үед үүнийг үр дүнтэй эмчлэх арга нээгдсэн учир ийм эмгэгтэй хүмүүс заавал эмчид хандах ёстой зөвлөжээ. Доктор Ковальзон цааш нь “Бид хурхиралтын аюулыг хүмүүст мэдүүлэхийг зорьж байгаа. Дээш харан унтдаг хүмүүст уушги руу нь агаар шахдаг тусгай төхөөрөмж өгч, эмчилгээ хийдэг” хэмээн өгүүлэв. Түүний ярьснаар шөнийн дотор хүн унтах байрлалаа арав орчим удаа сольдог агаад нэг байрлалтай унтах нь эмгэгийн шинж гэж үздэг байна.
ЗГМ сонин
URL: