Р.ЭМҮЖИН: Агуу орчлонд өчүүхэн бүү амьдар
Амьдрах гэж тэмцэн буй эр хүнийг хайрла
Асгарах гэж мэлмэрч буй эм хүнийг хайрла
Ангирхан үр чинь торойтол үлдэх амьдралыг хайрла
Анд нөхдийнхөө дааж ядан унагасан нулимсыг хайрла
Агуу орчлонд өчүүхэн бүү амьдар.
Анир тасран уйлж буй гол мөрнийг хайрла
Амьсгал татран нурж буй уул талыг хайрла
Угсаа залгах гэж тэрслэн буй хөвгүүнээ хайрла
Удам залгах гэж тэвчин буй охиноо хайрла
Уудам орчлонд өчүүхэн бүү амьдар
Өнчин сэтгэлийн өмөлзсөн гунигийг хайрла
Өнөр сэтгэлийн өмөрсөн хагацлыг хайрла
Өт шиг мөлхөж туулсан мөч бүрийг хайрла
Өнгөнд бүдрэн алдсан алхам бүрийг хайрла
Өндөр орчлонд өчүүхэн бүү амьдар
Харийн салхинд дохилзон гундсан хүний үрийг хайрла
Хазаараа барьж, эмээлээ үүрээд харьсан өвгөдөө хайрла
Хээрийн дайдад амь өрсөн сунасан чоныг хайрла
Хэлтгий тавиланг түшиж яваа залуу насыг хайрла
Хязгааргүй орчлонд өчүүхэн бүү амьдар
Цусаа хамгаалж ясаа дэвссэн ард түмнийг хайрла
Цулбуураа чирээд нүүж яваа зон олныг хайрла
Ялагдал хүлээгээд өвдөг сөгдсөн зүрхийг хайрла
Ялалт дагуулаад өндийж боссон зоригийг хайрла
Ялгуун орчлонд өчүүхэн бүү амьдар
Сүүлчийн амьсгалаа татан нутаг тэмцсэн адууг хайрла
Сүүлчийн хүчээ сорин далавч дэвсэн шувууг хайрла
Сүүлчийн тэнхээгээ шавхан хүүгээ хүлээсэн эцгийг хайрла
Сүүлчийн үгээ залгин үрээ энэрсэн эхийг хайрла
Сүрлэг орчлонд өчүүхэн бүү амьдар
Хүйлэн цэнхэр гариг бүгдийг минь тээн дэнжигнэж байхад
Хөрст газар жаргал зовлонг минь гэрчлэн оршсоор байхад
Хүйтэн салхинд бөмбөрцөг дэлхий уруудсаар байхад
Хүн хүнээ түшиж дуусдаг үнэнийг хайрла
Хүний орчлонд өчүүхэн бүү амьдар!
2018.04.14
URL: