БНМАУ-ын баатар, маршал Ю.Цэдэнбал агсны 103 жилийн ой тохиож байна
1916 оны энэ өдөр БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАН-ын /МАХН/ Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүн, Улсын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал мэндэлжээ.
Түүнийг Монголын нам, төрийг 44 жил тэргүүлэхдээ улс орноо хөгжүүлэх, ард түмний амьдралыг дээшлүүлэн соёлжуулах, улсын тусгаар тогтнол, батлан хамгаалах хүч чадлыг бэхжүүлэхээр олон ажил хийснийг түүх гэрчилнэ.
Монгол Улсад анх хөнгөн ба хүнсний үйлдвэрүүд байгуулан хөгжүүлсэн, их дээд, дунд сургуулийг байгуулан хөгжүүлсэн, 1950-иад онд монголчууд бүгд бичиг үсэгтэн болж ЮНЕСКО-гийн шагнал хүртсэн, 1940 онд 750 мянга байсан хүн ам 1980-аад оны дундуур 2 саяд хүрсэн, спорт болон соёл урлаг дэлхийн тавцанд танигдсан, Дархан, Чойбалсан, Эрдэнэт, Хөтөл, Багануур зэрэг аж үйлдвэрийн төвүүдийг бий болгосон.
Мөн 1940 онд манай улсыг ганц л орон хүлээн зөвшөөрч байсан бол 1984 онд таван тивийн 94 улстай дипломат харилцаа тогтоож, олон улсын 60 гаруй байгууллагад гишүүнээр элссэн гэхчлэн түүний Монгол улсынхаа төлөө хийсэн олон зүйлийг бид марталгүй санаж явах учиртай билээ.
Түүний мэндэлсний 103 жилийн ойг тохиолдуулан УДЭТ-ын өмнө байрлах хөшөөнд өнөөдөр цэцэг өргөх юм.
URL: