Гутал хэмээх уран бүтээлд уруу татагдсан залуус

“Тэтгэвэрт гарахгүй мэргэжил бол гуталчин. Бид энэ ажилдаа дуртай. Гутал болгоноо сэтгэл гаргаж хийдэг учраас бид хүмүүст хүссэн зүйлийг нь өгч чаддаг” хэмээн “Khas Boots” үйлдвэрийн эзэд ярилаа. Тэдний үйл ажиллагааг сурвалжлахаар очихдоо үйлдвэрийг нь олохгүй нэлээд мунгинав. Учир нь гаднаа хаяг, самбар гэх зүйл алга. Энэ тухай асуухад хэт олон хүний захиалгад дарагдчихаж магадгүй тул байнгын үйлчлүүлэгч нар болоод зорьж ирсэн нэг нь өөрсдөө олог гэсэндээ өнөөг хүртэл хаяггүй байгаа гэж тайлбарлав.

Цагаан сар дөхсөнийг ч хэлэх үү, дээрээс нь удахгүй болох “Монголд үйлдвэрлэв” шоунд оролцох гээд тэд ойрд тун завгүй байна. Үхэр, адууны арьс, шир болон хонины нэхий, илэг, далайн хавны арьсан, матрын арьсан хээтэй гэхчлэн өнгө үзэмж, загвар, хийцээрээ гайхуулсан гутал энд “төрдөг” аж. Арьсаар хийсэн гэрийн шаахайнаас эхлээд эсгий болон нохойн арьсан дотортой ангийн гутал ч үзэсгэлэнд орохоо хүлээгээд өрөөстэй байлаа. Гадаадын брэндээс дутахааргүй чанартай гутлыг эх орондоо хийж чаддагийг эдгээр бүтээгдэхүүнээс мэдэж болохоор байв. Эднийх гуталтайгаа хослуулсан арьсан цүнх ч бас хийдэг аж.

НЭГИЙН ЦААНА ДОР ХАЯЖ ГУРВАН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ БИЙ

“Урлах эрдэм” дээд сургуулийг 2001 онд гутал, арьсан, жижиг эдлэлийн загвар зохион бүтээгч мэргэжлээр төгссөн Д.Даваамагсар, М.Золзаяа нар анх “Аз-Од” хэмээх бяцхан урлангаас ажлын гараагаа эхэлсэн түүхтэй. Тэдний анхны бүтээл нь том хүүдээ хийсэн буриад гутал байжээ. Зулаг нь ханзарсан, төө хэрийн урттай бяцхан бор гутал одоо ч тэдний үзэсгэлэнд хамгийн хүндтэй “зочин” хэвээр. Сургуулиа төгссөний дараахан гэр бүлийн хоёр юу хийх учраа олохгүй хэсэг байсны эцэст машинаа зараад, Япон руу ажил хийхээр явсан гэдэг. Хүний нутагт гурван сар ажиллахдаа япончууд яаж хөдөлмөрлөдгийг, тэнд байгаа монголчууд эх орондоо хийдэггүйгээрээ зүтгэж буйг хараад нэг зүйлийг яс махандаа шингэтэл ойлгожээ. Тэр нь “Бид хүний нутагт ингэж хөдөлмөрлөдөг шигээ Монголдоо ажиллаад байвал амжилтад хүрч болох юм байна” гэх бодол. Тиймээс ч гурван сарын дараа визнийхээ хугацааг дуусангуут эргэлт буцалтгүйгээр эх орондоо иржээ. Тэнд ажиллаж олсон бүх мөнгөөрөө баахан арьс, шир худалдаж аваад анхны үйлдвэрлэлээ эхлүүлсэн байна.

2000-аад оны үед гутал хийхэд материал, тоног төхөөрөмж хүрэлцээ муутай байсан ч шантарсангүй. Өндөр өсгийтэй гутлын өсгийг хийхийн тулд мод эвлүүлж наахаас эхлээд бүхнийг өөрсдөө, бүр А-гаас нь эхэлсэн аж. Гэр бүл, хамаатан садныхаа хүмүүсийн захиалгаар эхэлсэн тэдний бизнес удалгүй өргөжиж, одоогийн энэ байраа 2004 онд худалдан авч тохижуулсан байна. Тэд хийсэн гутал нь үзэмжтэй, бат бөхөөс гадна чийг татахгүй байх гэхчлэн хүний эрүүл мэндийг бодолцох ёстой гэж үздэг. Түүнээс гадна Монголын орчин нөхцөлд тохируулах гэж нэг юм бий. Хасах 40-50 градус хүртэл хүйтэрдэг манай оронд цэвэр нэхий, эсгий, нохойн арьсан дотортой гутал илүү тохиромжтой.

Бас аль болох үндэсний уламжлалаа хадгалахыг хичээнэ. Эднийх гутал бүрээ рант буюу гар оёдлоор улладаг нь энэ чиглэлдээ дэлхийд тэргүүлдэг Италийн технологийг да гаж мөрддөгийнх гэж тайлбарласан. “Бид ийм юм хийдэг” гэж элдэв янзаар рекламдахдаа гол нь бус, харин нэг хүний гутлыг ч байсан үнэн сэтгэлээсээ хийх л чухал гэж үздэг. Нэг хүнийг сэтгэл хангалуун үдэхэд түүний цаана дор хаяж гурван үйлчлүү лэгч байдаг учраас эдний хамт олонд бараагаа борлуулах гэж “махаа идэх” зовлон байдаггүй гэнэ.

ГУТАЛ ХИЙХЭД Ч БАС ОНГОД ХЭРЭГТЭЙ

Нэг гутлыг хэдий хэр хугацаанд хийдэг вэ гэсэн асуултад минь Д.Даваамагсар “Гутал хийхэд ч бас онгод хэрэгтэй. Гутал бол нэг төрлийн уран бүтээл. Хааяа онгод орохгүй байх үе ч таарна. Тийм үед нэг гутлыг бараг сар шахам хийдэг. Зарим үед их хурдан хугацаанд бүтчихдэг” гээд инээмсэглэсэн. Гутал хийхэд хамгийн чухал зүйл бол хэв авах буюу загвар гаргах. Малгай шиг нэг өмс үүлж үзээд л яг таг хэв болчихдоггүй учраас хөл хөдл өх бүрт холгохгүй байхыг бодолцохоос эхлээд маш нарийн ажиллагаатай. Бас яг адилхан хос хэв хийх гэдэг нь ярвигтай ажил гэсэн. Биднийг очиход эрэгтэй хүний хагас түрийтэй болон ээтэн хоншоортой орчин үеийн монгол гутлын хоёр хэв бэлэн болсон байв. Нэг гутал хийхэд утасны өнгө, хадаас тааруулахаас эхлээд түрий оёх, уллах, нум хийх, өсгий хадах гээд л их ажиллагаатай юм. Гутал ямар үнэтэй байх нь хэдий хэмжээний арьс, шир орсондоо бус уллагаандаа байдаг аж. Хүүхдийн гутал ч мөн адил. Тиймээс үндсэн оёдол болох уллагаанаас бусдыг оёх үүрэгтэй машин бүр тусдаа байх аж.

МАНАЙХАН АРЬС, ШИРЭЭ ЧАНАРТАЙ БОЛОВСРУУЛДАГ БОЛЧИХВОЛ Ч…

Монголд гутал үйлдвэрлэгч олон байдаг. Гэхдээ тэд арьс, ширээ гаднаас өндөр үнээр захиалж авдаг байна. Мал аж ахуйн орон гэгддэг манайхны хувьд өөрсдөө арьс, ширээ олигтойхон боловсруулж чаддаггүй учраас ус хүрэнгүүт сунадаг, амархан өнгөө алддаг гээд сул тал бий. Тиймээс урд хөршөөс арьс, шир царайчлахад хүрдэг гэнэ. Тэнд бүх улс орноос ний лүүлсэн арьс, шир байдаг тул эндхийн муу материалаар хийж үйлчлүүлэгч нараа хохироож байснаас чанартайг нь сонгохыг хэн ч хүснэ шүү дээ. Сүүлийн үед нохойн арьс ч олдохоо байсан тул эднийх Дарханы нэхий эдлэлийн үйлдвэрийнхэнд бараг жилийн өмнө захиалж байж хэдийг олж авдаг гэсэн.

Манайх нохойны арьсаа хүртэл гадагш нь “алдчихдаг” тул эргээд өөрсдөө гаднаас өндөр үнээр худалдаж авдаг гэхээр инээдтэй ч юм шиг. “Манай Монголын мал, амьтны арьс, шир уг нь хамгийн сайн чанартай шүү дээ. Гэхдээ дотооддоо чанартай бо ловсруулж чаддаггүй учраас гадагш алдаад дуусаж байгаа. Төр, засгаас үүнийг анхаа раад, зөв бодлогоор зохицуулаад өгчихвөл энэ мэт үйлдвэрлэлийг эх орондоо хөгжүүлж болмоор л юм. Бид гадаадаас материалаа авдаг тул 100 хувь Монгол брэнд гэж хэлэх боломжгүй” хэмээн Д. Даваамагсар хэлсэн. Түүнчлэн энэ олон үйлдвэрлэгчийн дагаж мөрдөх тогтсон стандарт байхгүй тул хэнийх нь чанартай, алиных нь эдэлгээ муу байгаа зэрэгт буух эзэн, буцах хаяггүй явж байгаад тэрбээр санаа зовнидгоо учирлав. Тэднээс цааны арьсан гутал хийдэг, эсэхийг нь асуухад түүний гэргий М.Золзаяа “Нэг гутал хийхэд дөрвөн цаа бугын шилбэний арьс ордог юм билээ. Цааны шилбэний арьс амархан халцардаггүй, бас дулаанаа сайн хадгалдаг зэрэг давуу талтай, тиймдээ ч өндөр өртөгтэй. Гэхдээ ганц гутлын төлөө дөрвийн дөрвөн амьтны амь тасалдаг гэхээр хэцүү санагддаг. Бид энэ байгаа материалаараа гутлаа хийгээд явахад л хангалттай” гэлээ. Тэдний гэр бүлийнхэн хамгийн сүүлд хэзээ гутал худал даж авснаа бараг санадаггүй.

Өөрсдийнхөө болоод гурван хүүхдийнхээ дөрвөн улиралд өмсөх гутлыг урлачихдаг тул арга ч үгүй биз. Харин тэдэнд найз нөхөд нь гаднын брэндийн гутал бэлэглэдэг гэсэн. Энд тэндхийн дэлгүүрт орохоороо гутлын загварыг нь л шохоорхож харна уу гэхээс “Үүнийг авах юмсан” гэдэг бүсгүй хүний хорхойсол байхгүй болсныг гэрийн эзэгтэй хэлнэ лээ. Ажил хийх хүсэл сонирхолтой, ажилдаа чин сэтгэ лээсээ ханддаг арваад залуу “Khas Boots” үйлдвэрт ажил ладаг. Тэдний дунд хөгжлийн бэрхшээлтэй хүн ч бий. Цаана нь дахиад боловсон хүчин хэрэгтэй боловч зарын дагуу ирсэн залуус ажлаас амархан шантардаг, тогтвор суурьшилгүй учраас хэдхэн хоноод л гарчихдаг гэсэн.

Өнөөгийн нийгэмд бэлэнчлэх сэтгэлгээтэй залуус олон болсныг 30 гаруйхан настай энэ гэр бүлийн хоёр халаглан ярилаа. Тэд цаашид газар авч, үйлдвэрийн зориулалтын байранд ороод, олон хүнийг ажил амьдралтай залгуулахыг хүсэж байна. Бас бүх төрөл, бүх загвараар, бүх насныханд зориулан гутал хийдэг ч дахиад бүр олон монгол хүний сэтгэлд нийцүүлж, тэднийг баярлуулахыг хүсдэг гэсэн. Нэг үе монголчууд өөрсдийнхөө хийсэн гутлын улан дээр Герман, Англид үйлдвэрлэв гэсэн хаяг тавьж худалддаг байсан бол одоо үндэсний үйлдвэрлэгчид сэргэж эхэлжээ. Тэдэнд одоо “Made in Mongolia” гэсэн шошго нь бахархал болж байна.

Л.Ганчимэг


URL:

Tags:

Нэр: Anonymous Огноо: 18 April 2015

гоё юумаа одоо залуусдаа хандсан чанартай пүүз кетний загварууд гаргвал зүгээр юм монголд үйлдвэрлэсэн гутал гэхээр ихэнх залуусын толгойд миний өмсдөг загвар байхгүй гэж бодогддог нь тоогүй

Сэтгэгдэл бичих