Өдөр “өнгөрүүлэх” төлбөртэй хорио
…Бага ангийн сурагчдын өдөр өнжүүлэх. Нэг, хоёрдугаар ангийнхан хамтдаа. Хуучны орон сууцны хоёр өрөө байр. Том, жижиг хоёр өрөөнд нь жирийн анги шиг ширээ сандлуудтай. Гуч гаруй хүүхэд энд өдрийг өнгөрөөнө. Өглөө 08.00 цагаас ирээд өдөр 14.00 хүртэл энд өнжиж, 17.00 цагт хичээлээ тарж ирээд аав, ээжийгээ ирж автал буюу 19.00 цаг хүртэл мөн энд цаг нөгцөөөнө. Өдөр өнжүүлэх нь олон хүүхэдтэй тул тэд чөлөөтэй гүйж харайж, тоглох аргагүй. Тэгээд ч тоглоомын өрөө, булан ч байхгүй. Гагцхүү хоёр өрөөнд сурагч ширээ, сандлуудыг зайчлан бэсрэгхэн буйдан нэг нэгийг тавьсан нь л хүүхдүүдийн ээлжлэн нуруу амраах газар нь. Өглөө, оройд цай, өдөр хоолтой. Хүүхдүүдээ өдөр өнжүүлэхэд өгч байгаа эцэг, эхчүүд үүнийг нь сонсоод их сэтгэл хангалуун байдаг юм билээ. Харамсалтай нь хүүхэд зөвхөн гэдэс цатгалан байснаар бүх хэрэгцээ нь хангагдахгүй. Тэдэнд амьсгалах агаар, чөлөөтэй тоглох орон зай хэрэгтэй. Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй өдөр өнжүүлэхүүдэд тэр талын стандарт байхгүй. Ихэнх нь тийм боломж огтоос үгүй орчинд үйл ажиллагаа явуулж буй. Өдөр өнжүүлэхийнхэн ихэнхдээ “Хүүхэд чинь гэдэс цатгалан, дулаан байгаа нь их юм” гэсэн байдлаар л хандана. Арга ч үгүй биз. Бага ангийн хүүхдүүд харах хүнгүйгээс арга буюу өдөр өнжүүлэхийн багш нарын “царайг харж” байгаа юм чинь. Хүүхдүүд нь ийнхүү өдөр өнжүүлэх нэртэй газарт төлбөртэйгөөр хоригдож байгаатай олонхи эцэг эхчүүд эвлэрсэн байдаг нь хөөрхийлөлтэй.
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын өдөр өнжүүлэхийг стандарттай болгох талаар олон жил ярьж байгаа ч шийдээгүй хэвээр. Стандартгүй үйлчилгээг хэн дуртай нь эрхэлж, юу дуртайгаа хийх нь ч аргагүй биз. Боловсролын тухай хуульд “өдөр өнжүүлэх үйлчилгээ гэж эцэг, эх, асран хамгаалагчийн хүсэлтийн дагуу сургалтын байгууллага иргэнтэй харилцан тохиролцож үйлдсэн гэрээний үндсэн дээр эрүүл, аюулгүй орчинд хүүхдийг асрах, хамгаалах, хөгжлийг дэмжих сургалтаас гадуур үзүүлэх үйлчилгээг хэлнэ” гэж заалт бий. Энэ заалт нь ч хэрэгждэггүй. Өдөр өнжүүлэхүүд эцэг эхчүүдтэй гэрээ хийх нь бараг үгүй. Эцэг, эхчүүд ч гэрээ байгуулж, харилцан хариуцлага хүлээх талаар ойлголтгүй. Төлбөрөө төлсөн бол гүйцээ. Өдөр өнжүүлэхүүд ч мөнгийг нь авсан бол болоо. Тиймээс өдөр өнжүүлэх төвүүдэд хүүхдийг хөгжүүлэх, хамгаалах орчин үнэхээр хангалтгүй. Хүүхэд хөгжүүлэх хөтөлбөрийн талаар ойлголт ч байхгүй.
Эдүгээгээс жилийн өмнө буюу өнгөрсөн 2018 оны аравдугаар сард Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас аймаг, нийслэлийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газрууддаа үүрэг чиглэл өгч хүүхдийн өдөр өнжүүлэх төвүүдэд нөхцөл байдлын үнэлгээ хийлгэсэн юм билээ. Үүний үр дүнд гарсан дүгнэлт нь “Цаашид өдөр өнжүүлэх төвийн стандарт, үйл ажиллагаа эрхлэх журмыг нэн даруй гаргах хэрэгцээ шаардлага тулгарч байна” гэдэг ганц өгүүлбэр. 2016 онд ч энэ л үгийг хүүхдийн байгууллагууд хэлээд сууж байсан нь хэвлэлийн хуудаснаа дурайж буй.
Бүхэл бүтэн гурван жил өнгөрчихөөд байхад ганц стандарт, журам батлачихдаггүй нь хачирхалтай. Ядаж нэг хүүхэд ногдох зай талбай гэх мэт энгийн стандарт тэнд үгүй. Өдөр өнжүүлэх төвүүдийн нэгдсэн байгууллага болох Монголын хүүхэд хөгжүүлэх холбооны тэргүүн П.Ганцэцэг хэвлэлд өгсөн ярилцлагадаа зарим өдөр өнжүүлэх төвийн үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандах зүйлс олон байгааг хүлээн зөвшөөрсөн байдаг. Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багш нар өөрсдөө өдөр өнжүүлэх төв нээдэг тохиолдол олон. Гэтэл тэд хичээлээ заах, дэвтэр засах гэх мэт ажил их тул өдөр өнжүүлэхэд явж буй хүүхдүүдтэйгээ ажиллах боломж нь хязгаарлагдмал болдог байна. Тиймээс мэргэжлийн бус, хүмүүст хүүхдүүдийг даатгаж орхих тохиолдол түгээмэл гардаг, мөн зарим өдөр өнжүүлэх нь хүүхдийн хөдөлгөөнийг хорьж удаан хугацаагаар суулгадаг гэдгийг ч дээрх байгууллагын тэргүүн хэлж байжээ. Бага ангийн хүүхэд өглөөнөөс орой болтол өдөр өнжүүлэх болон хичээлийн танхим дамжин ширээний ард сууна гэдэг ид гүйж харайж, тоглож наадах насандаа яваа тэдэнд бол асар том шийтгэл биш гэж үү. Энэ бүх зөрчил дутагдал өдөр өнжүүлэхийн стандарт, журмыг батлаагүйтэй шууд холбоотой. Стандартгүй учир өдөр өнжүүлэхүүдэд шалгалт хийгээд ч үр дүн бага.
Тэр бүү хэл өдөр өнжүүлэхүүдэд үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрөл олгодог газар гэж байдаггүй гэвэл та итгэх үү. Нэг үе өдөр өнжүүлэхүүд ихэвчлэн сургалтын төв гэж харьяа дүүргийнхээ боловсролын хэлтсээс зөвшөөрөл авдаг байсан аж. Сүүлийн үед ийм зөвшөөрөл гаргахаа больсон байна. Гэхдээ л өдөр өнжүүлэхүүд өнөөг хүртэл аль яам, агентлагт харьяалагдах нь тодорхойгүй хэвээр байгаа аж. Тиймээс өдөр өнжүүлэхийн тухай мэдээлэл авъя гэвэл Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хийсэн дээрх судалгааг л барихаас өөр аргагүй. Тус агентлагаас улсын хэмжээнд үйл ажиллагаа эрхэлж байгаа өдөр өнжүүлэх төвийн талаарх судалгааг хийсэн аж. Харамсалтай нь, өдөр өнжүүлэх төвийн хаягжилт тодорхойгүй, албан ёсны бүртгэл мэдээлэл байхгүйн улмаас яг хэчнээн өдөр өнжүүлэх төв ажилладаг вэ гэсэн яв цав таа гараагүй байна. Юутай ч нийслэлийн найман дүүрэг, орон нутгийн 14 аймгийн албан ёсны бүртгэлтэй 282 өдөр өнжүүлэх төвийг судалгаандаа хамруулан, тэдний өнөөгийн дүр зургийг нь гаргажээ. Уг судалгаанаас дээр өгүүлсэнчлэн стандарт, дүрэм, журамгүй өдөр өнжүүлэхүүдийн өнгө төрх харагдана.
-Нийслэлийн хэмжээнд өдөр өнжүүлэхийн тоо 2017 онд 213, 2018 оны судалгаа мэдээллээр 219 гэх мэтээр жилээс жилд нэмэгдсээр байгаа аж. Албан бус эх сурвалжийн мэдээгээр нийслэлийн хэмжээнд 300 гаруй өдөр өнжүүлэх бий гэсэн тоо ч тааралдана.
-Судалгаанд хамрагдсан 282 өдөр өнжүүлэх төвд 5314 хүүхэд хамрагдаж байжээ. Өдөр өнжүүлэхүүдийн сарын дундаж төлбөр 100-300 мянга. Хамгийн үнэтэй өдөр өнжүүлэх 400 мянган төгрөгийн төлбөртэй байгаа аж.
-Төвүүдийн орчин нөхцөлийн хувьд 23 хувь нь өөрийн эзэмшлийн, 77 хувь нь түрээсийн байранд үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 46 хувь нь орон сууцны нэг давхарт, 25 хувь нь орон сууцны хоёр болон түүнээс дээш давхарт, найман хувь нь албан байгууллага, сургууль цэцэрлэгийн байранд, зургаан хувь нь бие даасан байранд, дөрвөн хувь нь орон сууцны өргөтгөлд үйл ажиллагаа явуулж байна. Талбайн хэмжээг авч үзвэл 51 хувь нь 51-100 мкв, 33 хувь нь 12-50 мкв, 11 хувь нь 101- 200 мкв, таван хувь нь 201 мкв-таас дээш байранд үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд дундаж талбайн хэмжээ нь 70 мкв байна.
-Гурван өдөр өнжүүлэх тутмын хоёр нь зориулалтын бус байранд, хоёр өдөр өнжүүлэх тутмын нэгд нь агааржуулалтын систем, ариун цэврийн булан, ариутгалын бодисын хэрэглээ хадгалалт, сав суулга ариун цэврийн халдваргүйжүүлэлт байхгүй, 75 хувь нь галын дүгнэлт, галын булан, аюулгүй ажиллагааны дүрэм, хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний бичиг байхгүй байна.
Эцэст нь хэлэхэд Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд, Хөдөлмөрийн сайдын 2013 оны хамтарсан тушаалаар батлагдсан журамд сургалтын үйл ажиллагаанд тавигдах шаардлага, сургалтын байгууллагыг хэрхэн бүртгэх асуудлыг тусгасан байдаг. Өдөр өнжүүлэхүүд уг журамд заасан бичиг баримтыг бүрдүүлж харьяа дүүргийнхээ боловсролын газар хандаж энэ чиглэлийн үйл ажиллагаа явуулах эрх авах ёстой юм байна. Гэхдээ өнөөгийн нөхцөлд өдөр өнжүүлэх төв байгуулахын тулд энэ олон төвөгтэй шалгууруудыг давах шаардлагагүй. Учир нь зөвшөөрөл олгох эрх зүйн орчин, зөвшөөрөл өгөх байгууллага нь байгаа ч энэ бүхнийг нэгтгэн хариуцах хяналтын механизм алга. Өөрөөр хэлбэл, өдөр өнжүүлэхийн үйл ажиллагаа цэвэр итгэлцлийн үндсэн явагдаж байгаа тул хүүхдийн эрх, аюулгүй байдал зөрчигдвөл хариуцах эзэн хууль, журмын хүрээнд байхгүй ажээ.
Өдөр өнжүүлэх төвүүдийн байрны нөхцөл
ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN
URL:
Сэтгэгдэл бичих
You must be logged in to post a comment.
Хотын түгжирэлийг бууруурах бас нэг арга бол өдөр өнжүүлэх мөнөөс мөн. Гэхдээ 1-6 анги хүртэл насныхныг өглөө хичээлийг нь оруулах хэрэгтэй Том анги нь өглөө орохоор зав зай ихтэй болж орой хичээлээ хийх биш нийлж баардах нь их байна 1.2 ангийнханд цүнхээр нь дүүрэн ном бна. Өөрсдөө 20-30 кг бж 5 кг цүнх үүрж байна. Үүнээс салах нэг арга бол нэг өдөр нэгээс хоёр хичээлийг дагнаж орох хэрэгтэй Тэгвэл хүүхэд 2 ном л авч явна цүнхний жин нь ч хөнгөн хичээлээ давтах гэж түүртэхгүй эрт амарч өглөө босоход амар болно