Ноён уул тойрсон олон сэжиг таамаг бий. Тэр дундаа олон нийтийг хамгийн их бухимдуулж байгаа нь Хүннүгийн олдвор, булш бунхан агуулсан Ноён уулыг ухаж эхэлсэн талаарх мессеж. Ноён уулыг тал бүрээс нь ухаж сэндийлж, тэнд байгаа ховор нандин эд өлгийн зүйлсийг сүйтгэж байгаа гэх мессежийг иргэний хөдөлгөөнийхөн байсхийгээд л сөхөж гаргаж ирдэг. Мөн Ноён уултай холбоотой шүүх хурал өдгөө 50 гаруй удаа хойшилж, Засгийн газраас дархан цаазат газар болгох гэж байгаа гэх мэдээллийн мөрөөр бид Сэлэнгэ аймгийн Мандал сумыг зорьж бодит байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа. Манай улсад нөөц нь тогтоогдсон олборлоход бэлэн болсон ганцхан алтны орд байгаа нь Гацуурт гэж хэлж болно. Дээрээс нь гадаадын хөрөнгө оруулалттай “Сентерра гоулд Монголия” компанийн хөрөнгөөр сайжруулсан замаас эхлээд дэд бүтэц, байгаль орчны бүхий л нарийвчилсан судалгаа хийж ашиглахад бэлэн болчихоод байгаа алтны орд олон хүний овоо хараанд өртөж, түүнийг тойрсон маргаан зөрчилдөөн сүүлийн хэдэн жил тасарсангүй.
НОЁН УУЛЫН ОЙРОЛЦОО ЯМАР Ч ОЛБОРЛОЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЯВУУЛААГҮЙ
Хувиараа алт олборлогчдоос хамгаалсан орон нутгийн болон “Сентерра гоулд Монголия” компанийн давхар хамгаалалт гарсан байв.
Гацууртын алтны үндсэн орд Улаанбаатар хотоос хойд зүгт 90 км, Зүүнхараагаас зүүн урагш 30 км, Түнхэл тосгоноос баруун урагш 14 км зайд Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутагт оршдог. Харин Гацуурт орд нь бидний сэжиг таамаг дэвшүүлж, иргэний хөдөлгөөнийхний хамгаалахаар тэмцээд байдаг орон нутгийн иргэдийн шүтдэг Ноён уулаас 10 км-ийн зайд, Хүннүгийн олдвор олдсон Төв аймгийн Борнуур сумын нутаг дахь Ноён уулын амнаас 14 км-ийн зайд оршиж байна. Энэ зай лицензийн зураглалаас илүү тодорхой харагдана.
Биднийг очиход Ноён уулын ойр орчимд ямар нэг уул уурхайн олборлолт явуулаагүй байв. Харин хувиараа алт олборлогчдоос хамгаалсан орон нутгийн болон “Сентерра гоулд Монголия” компанийн давхар хамгаалалт гарсан байв. Албаны хүний хэлснээр өнгөрсөн жилүүдэд хувиараа алт олборлогчид дайрч орсноос байгаль орчин сүйдэхээс эхлээд эмх замбараагүй байдал үүссэн учраас ийнхүү давхар хамгаалалт гаргаад байгаа аж. Одоо ч гэсэн хувиараа алт олборлогчдын хөл тасардаггүй бололтой.
Мандал сумын нутагт “Сентерра гоулд Монголия” компанид олгосон уул уурхайн дөрвөн лицензийн асуудал шүүхийн шатанд яваа. Өөрөөр хэлбэл, иргэний хөдөлгөөнийхний өмнө Засгийн газар олгосон лицензээ хууль зөрчөөгүйг хамгаалахаар шүүхэд хариуцагчаар татагдаад байгаа юм. “Сентерра гоулд Монголия” компанийн Байгаль орчин, ус ашиглалтын инженер С.Нарангэрэлтэй уулзаж лавлахад “Гацууртын лицензүүд “Сентерра гоулд Монголия” компанид шилжиж ирэхээс өмнө Гурван гол, Гачуурт гээд хэд хэдэн компани Мандал суманд үйл ажиллагаа явуулж байсан. 1990-2000 он хүртэлх хугацаанд өмнө нь ажиллаж байсан компаниуд шороон орд дахь алтыг олборлож авсан бөгөөд олборлолтын улмаас Гацууртын голыг дундуур нь ухаж малтсан, шороогоор дарж томоохон далан үүсгэснээс голын голдирол өөрчлөгдөж байгаль орчны нөхцөл байдал нэлээд доройтсон. Мөн дээрх компаниудын олборлолтын улмаас 146 га талбай нөхөн сэргээгдээгүй орхигдсон байдаг. Түүнээс хойш “Сентерра гоулд Монголия” компанийн зүгээс голын голдрилыг сэргээн, усан далангуудыг сэтэлж цэвэршүүлсэн. Далангуудад техникийн нөхөн сэргээлт хийж засварлаж голын хөндийг унаган төрхөнд нь оруулсан аж. Тус компанид лиценз шилжиж ирснээс хойш хууль эрхзүйн хүрээнд нөөцийн тодотгол хийх, эрдэс баялгийн зөвлөлөөр ТЭЗҮ батлуулах, байгаль орчны нарийвчилсан үнэлгээ гээд бичиг баримтуудаа хуулийн дагуу бүрдүүлж иржээ. 2016 оноос хууль шүүхийн асуудлаас болж царцанги байдалд ороод байна. Орд газар руу хувиараа алт олборлодог маш олон хүн хууль бусаар нэвтрэн орж эмх замбараагүй байдал үүсгэж, байгаль орчинг сүйдэлж бохирдуулсан тохиолдол бий. Нэг жилд давхардсан тоогоор 14 гаруй мянган нинжа орж ирсэн байдаг. Үүний улмаас 2016-2017 онд Гацууртын ордод гурван удаа цэвэрлэгээ хийж 30 гаруй тонн хог зөөж булшилсан. Одоогоор Гацууртын уурхайд ямар нэгэн үйл ажиллагаа явагдаагүй. Бүс нутгийн байгаль орчны төлөв байдал, өмнөх шороон ордын олборлолтын үйл ажиллагаатай холбоотойгоор үүссэн бохирдлын хэмжээг судлах, цаашид Гацууртын хүрээлэн буй орчны нэгдсэн мэдээллийн сантай болох үүднээс Байгаль орчны хяналт шинжилгээний ажлуудыг 2010 оноос хойш БОМС болон олон улсын ISO 14001 стандартын дагуу тасралтгүй хийж байна. Зарим хэмжилтийн хувьд уурхайн хууль бус алт олборлолтоос хамааран түр хугацаагаар зогсоосон. Энд хуучин шороон ордын үйл ажиллагааны улмаас агаар, хөрс, ургамал, ус зэрэгт нөлөөлж болзошгүй сөрөг нөлөөлөл, өөрчлөлтийг судлах, хянах, хэмжих, дээж сорьц авч шинжилгээ хийх ажлуудыг хийж байна” гэсэн юм.
АЛТНЫ ОРДЫН ЛИЦЕНЗ НОЁН УУЛАНД ХАЛДАХ ЭСЭХИЙГ ГАЦУУРТААС АСУУЯ
Ноён уул тойрсон олон сэжиг таамаг бий. Тэр дундаа олон нийтийг хамгийн их бухимдуулж байгаа нь Хүннүгийн олдвор, булш бунхан агуулсан Ноён уулыг ухаж эхэлсэн талаарх мессеж юм.
Гацууртын шороон ордыг анх 1991 онд нээсэн. Гацуурт ХХК 1992-2000 онд нийт найман жил шороон ордод олборлолт хийжээ. Харин “Сентерра гоулд Монголия” компанийн геологичид үндсэн ордыг нь 1998 онд илрүүлсэн байна.
Ноён уулыг хамгаалахаар тэмцэгчдийн урдаа барьдаг уриа лоозон нь Хүннүгийн үеийн булш бунхан сүйтгэх нь гэдэг. Тэгвэл мэргэжлийн эрдэмтэн судлаачдын байгаль орчны нарийвчилсан тайлангуудыг тухай бүрт нь БОАЖЯ болон Мандал сумын удирдлагуудад хүргүүлжээ. Эргэлзэж тээнэгэлзсэн, лавлахыг хүссэн хүн бүрт нээлттэй хэмээн байгаль орчны нөлөөллийн тайланг бидэнд үзүүлсэн юм.
Тайлангаас харвал 2008 онд Гацууртын алтны үндсэн ордын Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг БОАЖЯ хийж, 2009 онд төслийн үнэлгээг баталсан байна. 2016 онд Байгаль орчинд нөлөөлөх байдлын ерөнхий үнэлгээг БОАЖЯ-аар дахин хийлгэжээ. “Сентерра гоулд Монголия” компани Уул уурхайн яамнаас өгсөн чиглэлийн дагуу уурхайн олборлолт явуулах талбай цэвдэгтэй эсэхийг тогтоох, цэвдгийн иж бүрэн судалгааг 2015 оноос хойш Газарзүй-Геоэкологийн хүрээлэнгийн Цэвдэг судлалын лабораторийн эрдэмтэн, судлаачидтай хамтран хийсэн байна.
10 цэгт цэвдгийн хайгуул, өрөмдлөг, геофизикийн хээрийн судалгааны ажлыг хийсэн мэргэжлийн судлаачид цооногт цэвдэг, цэвдэгт үзэгдэл илрээгүй гэсэн дүгнэлтийг өгсөн байна. Мөн ШУА-ийн харьяа Палеонтологи-геологийн хүрээлэнтэй хамтран 2016 онд Гацууртын уурхайн тусгай зөвшөөрөл бүхий талбай, түүний орчны бүсэд палеонтлогийн хайгуул судалгаа хийлгэсэн талаар тус компанийн Байгаль орчин, ус ашиглалтын инженер С.Нарангэрэл “МУИС, ШУА-ийн мэргэжлийн судлаачдаар Гацуурт орд газар болон орчмын археологи, палеонтологи, түүх угсаатан зүй, хөрс гээд олон нарийвчилсан судалгаа хийсэн. Гацууртын орд биш ойр орчмын газраас таван дурсгалт газар илэрсэн нь Хүннүгийн булш биш чулуун байгууламж байдаг. Археологийн хүрээлэнгийн авран хамгаалах судалгааны газар ажиллаж холбогдох байгууламжуудыг авч явсан. Археологийн хүрээлэнгээс 2016 онд ирүүлсэн дүгнэлтээр Гацууртын орд болон түүний орчимд хийсэн судалгаагаар ямар нэг археологи, палеонтологийн булш бунхан байхгүй. Үйл ажиллагаа явуулахад татгалзах зүйлгүй гэсэн тайлан ирүүлснийг орон нутгаас эхлээд холбогдох төр захиргааны байгууллагуудад хүлээлгэж өгсөн. Усны чанар, хүнцэл, хөрс, цэвдэг гээд байж болохуйц байгаль орчны бүх нэмэлт судалгааг мэргэжлийн байгууллагуудаар хийлгэсэн. Тухайлбал, 114 цэгээс хөрсний дээж авч, 120 гаруй цэгээс усны дээж авсан нь шинжлэх ухаан, онолын талаас нь бүгдийг хийсэн” гэсэн юм. Түүнээс эрдэмтдийг худалдагдсан мэтээр сөрөг хандлага үүсгэдэг. Тиймээс олон нийтийн эргэлзээг тайлахын тулд мэргэжлийн байгууллагын дүгнэлтийг олон нийтэд нээлттэй болгож болохгүй юу. Хүссэн хүн бүр үзэх боломжтой юу гэхэд “Компанийн удирдлагуудад албан ёсоор хүсэлт гаргаж болно. Мөн орон нутаг болон БОАЖЯ-нд хүргүүлсэн” гэв.
Харин газар дээр нь очвол нийтлэлийн эхэнд дурдсанчлан лицензийн талбай Ноён уулаас хэр зайд, тэр тусмаа Хүннүгийн олдвор илэрсэн Борнуур сум дахь Ноён уулаас 14 км зайтайг харж болно. Мөн үүнээс нэг л зүйл тодорхой харагдана. Тэр нь одоогийн “Сентерра гоулд Монголия” компанийн лицензийн талбайн шороон ордыг өмнө нь бүхэлд нь найман жил Гачуурт компани олборлосон байдаг. Тэгэхээр Ноён уул, Хүннүгийн олдворт халдах, урьд нь халдаж байсан эсэхийг тухайн газарт олборлолт явуулсан Гачуурт тэргүүтэй хэд хэдэн компаниас асуухад л тодорхой болох аж.
ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ХИЙЖ БЭЛЭН БОЛСОН ОРДЫГ АШИГЛАХ НЬ ТОДОРХОЙ. ХАРИН ХЭН АШИГЛАХ ВЭ?
Ноён уул нь Сэлэнгэ аймгийн Мандал сум, Төв аймгийн Борнуур болон Батсүмбэр сумын нутагт байрладаг салбар уулс юм. Засгийн газраас мэдэгдэж буйгаар Дархан цаазат газар болгохтой холбоотой асуудлыг сөхөж үзвэл УИХ-ын 2016 оны тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын газар нутгийг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авчээ. Мөн Засгийн газрын 2017 оны тогтоолоор Сэлэнгэ аймгийн Мандал сумын нутаг дэвсгэрт орших Ноён уул орчмын 11187.05 га байгалийн нөөц газрын хилийн заагийг тогтоосон байна. Хамгийн сүүлд 2017 онд Засгийн газраас Гацууртын стратегийн ордын хил хязгаарыг тогтоожээ. Энэ бүхнээс харвал байгаль орчны бүх төрлийн нарийвчилсан судалгаа хийж, нөөц нь тогтоогдсон Гацууртын ордыг ашиглах нь хэнд ч тодорхой. Харин гадаадын хөрөнгө оруулалтаар сайжруулсан автозам, засварын цех, эрчим хүч гэсэн дэд бүтэц нь хийгдчихээд байгаа “бэлэн хоол”-ыг хэн ашиглах вэ гэдэг нь л анхаарал татаж буй юм. Бидэнд олдсон мэдээллээр Гацууртын ордын үйл ажиллагаа эхлээгүй ч дэд бүтэц, байгаль орчны судалгаанд 100 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэдэг. Гэтэл Засгийн газар гадаадын хөрөнгө оруулагчид олгосон лицензээ цуцалж, бүх хөрөнгөө зориулчихаад байхад нь хэлснээсээ буцвал бусад хөрөнгө оруулагчдад лав сайн жишээ болохгүй. Бусдаар бүхнээ бэлдүүлсэн “бэлэн хоол” зооглох ашиг сонирхол цаашид Арбитрын шүүхээс эхлээд тоймгүй олон асуудал үүсгэж ч мэдэх юм. Тиймээс нэгэнт л ашиглах нь тодорхой болсон ордыг хувиараа алт олборлогчдод сүйдүүлэх үү, хэн нэгний ашиг сонирхлын зөрчилд автахгүйгээр улсад татвар төлдөг, нийгмийн хариуцлагатай, нөхөн сэргээлт хийдэг компанид нь ашиглуулаад харин хяналт шалгалтаа чангатгаад суух уу гэдэг асуудал гарна.
Бид Ноён уултай холбоотой шүүх хурлын талаар тус компаниас лавлахад “Шүүх хурлын үйл явц үргэлжилж байгаа учраас бидний зүгээс ямар нэг тайлбар хийх боломжгүй. Нэхэмжлэгч тал нь Ноён уулаа аваръя хөдөлгөөн, хариуцагч тал нь Ашигт малтмал газрын тосны газар. Үндсэндээ “Сентерра гоулд Монголия” компани гуравдагч тал. Хуулийн дагуу л явах байх” гэсэн тайлбарыг өгсөн юм.
C.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин