Зайсан дахь “сүнстэй” гэрүүдийг зайлуулъя

Богд хан уулын Зайсангийн амнаас Баруун, Зүүн Ширээ оргил руу авирах явган аяллын зам нээгдээд дөрвөн жил гаруйн нүүр үзжээ. Энэ зам жилийн дөрвөн улиралд хүний хөл татардаггүй. Шилмүүст ойн цэнгэг агаар, уулын горхины хоржигнооныг Улаанбаатарынхан ийм ойрхноос мэдэрнэ гэдэг таатай хэрэг.

Гагцхүү Зайсангийн аман дахь төлбөртэй, төлбөргүй хоёр авто зогсоолыг эс тооцвол тэнд явган аялагчдад зориулсан ямар нэгэн үйлчилгээ, дэд бүтэц байхгүй. Аяллын маршрут анх нээхэд тодорхой зайтай амрах цэгүүдэд байрлуулсан хэдэн сандал л үүргээ гүйцэтгэсээр байгаа.

a6dc57cc5d8cd73c9e4f17c8e6c9cb27Харин уг аманд хүн шагайхаа больсон олон арван шавар гэр, гэр хэлбэрт ресторан, аялагчдыг тосч хүлээн авах зориулалттай бэсрэгхэн байшин зэрэг байгууламжууд бий. Уг аманд нэгэн цагт амралтын газар ажиллаж байсны ул мөр гэмээр юм уу даа. Одоо бол энэ бүхэн балгас болж орхисон. Шавар, тоосгоор барьсан гэр хэлбэрт сууцууд нь өнгө зүсээ алдаж, хаалга, цонх нь хаалттай, хавь орчинд нь халгай, шарилж сагсайгаастай. Нэг тийм ёозгүй орчин тэнд бий. Эзэд нь амралтын газраа бүр хаасан юм уу гэхээр бас тийм биш. Богд уулын модны зах дахь хэдэн монгол гэр нь энэ зун алдаг оног ажиллаж, анги хамт олноороо нийлж салхинд гарсан хүмүүс архидаж, наргиж байгаа харагддаг. Энэ нөхцөл байдлыг явган аяллаар Баруун ширээг зоригсод сайн мэднэ.

Тиймээс БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Зайсангийн энэ амралтын баазыг хааж цэцэрлэгт хүрээлэн болгоё гэсэн санал иргэдээс ирсэн байна. Дэмжиж байвал like share” хэмээн фэйсбүүктээ бичжээ. Түүний энэ постыг 2,8 мянган хүн лайкдаж, 235 хүн шэйрлэснээс харахад иргэд Зайсангийн амны балгас болсон амралтын газрыг өөрчлөх нь зөв гэдэгт санал нэгдэж байгаа гэж болно.

Уурхай дагаж бий болсон хот, тосгод удалгүй эзгүйдэж “сүнстэй хот”-ууд олноор бий болсон жишээ гадаадад бий. Түүн шиг Богдхан уулын аманд эзгүйрч мартагдсан ийм нэгэн “сүнстэй” амралтын газар бий болоод он удаж байна. Дархан цаазат уулын ам бол хэн нэгний хувийн өмч биш. Тэнд үйл ажиллагаа явуулахаар газар эзэмших зөвшөөрөл авчихаад балгас болгож хаясан бол улс газраа буцааж авах ёстой. Иргэдээс гарч буй саналыг харгалзан Зайсангийн аманд амралтын газар биш цэцэрлэгт хүрээлэн байгуулах аваас нийслэлчүүдийн чөлөөт цагаа өнгөрөөх нэг сайхан газар бий болно. Хавар, намрын улиралд Богдхан уул руу аялахаар зорьж очдог иргэд нэг нэг мод тарихад л дорхноо шинэхэн цэцэрлэгт хүрээлэн найгах бизээ.

Eagle.mn


URL:

Сэтгэгдэл бичих