Гадаад өрийн зөрүүтэй мэдээлэл эргэлзээ үүсгэж байна
Эрх баригч МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө “Эх орноо өрнөөс салгана…” гэсэн цагаан цаасан дээр тод улаанаар бичсэн амлалт дурайна. Нэг хүнд ногдох өрийн хэмжээ 15 сая төгрөгт хүрч, улсын нийт өр 22 тэрбум ам.доллар гэж өнөөдрийн засаг төрийг эмхлэх улс төрийн ууган хүчин гурван жилийн өмнө тооцоолжээ. Тэгвэл хэдхэн хоногийн өмнө Улаанбаатарт томилолтоор ажилласан НҮБ-ын шинжээчийн хэлснээр Монголд гурван иргэн тутмын нэг нь ядуу амьдарч байна. Өрийн хэмжээ харин өөрчлөгдсөн зүйлгүй. Дээр дурдсан нэг хүнд ногдох өр өнгөрсөн гурван жилийн хугацаанд 2.3 сая төгрөгөөр нэмэгдэж, 17.3 сая төгрөг болсон байна. Өрнөөс салгана гэсэн улстөрчид хэлсэн ярьснаа харин мартсан бололтой.
“Өрийн гүн ангал руу орлоо” гэж ярьж суусан МАН 2016 оноос хойш өр нимгэлж ер дийлсэнгүй. Харин ч дэлхийн банкны судалгаагаар бизнесийн орчин муудаж, 12 байр ухарсан бол авлига нэмэгджээ. Авлигын индексээр Монгол Улс 175 орноос хойш шийдэгдэж, 103-т нь эрэмбэлэгдэв.
Бизнесийн орчин доройтсон, авлига гаарсан оронд өрийн хэмжээ дорвитой буурдаггүй аж. Үүнийг Латин Америк, Венесуэл, Зимбабве тэргүүтэй орны бодит жишээнээс харж болох юм. Монгол ч үүний тод жишээ болж байна. Өрийн ангалаас бид хараахан гараагүй болохыг 2021 оноос залгах бондын их өрүүд сануулна.
Манай улсын нийт өр ДНБ-ий 220 хувьтай тэнцэж байна. Үүнээс гадаад өрөө салгаж харвал, ДНБ-ий 58.9 хувьд хүрчээ. Гадаад өрийн хэмжээ өнгөрсөн хугацаанд буурч гавьсангүй. Төв банкны зарласан албан ханшаар ам.доллар 2670 төгрөгтэй тэнцэж, сүүлийн нэг жилийн хугацаанд тасралтгүй өсөв. ам.долларын нэрлэсэн ханш төгрөгийн эсрэг чангарах хэрээр манай улсын гадаад өрийн хэмжээ тэлсээр. Сангийн сайдын мэдээлснээр, Засгийн газрын өр ДНБ-ий 78.8 хувийг 2016 оны төгсгөлд эзэлж байсан бол энэ хэмжээ өнгөрсөн оны төгсгөлд ялимгүй буурч, дээрх түвшинтэй ойролцоо ирсэн билээ.
Гэвч Засгийн газар, НҮБ, дэлхийн банк, ОУВС, төв банкны гадаад өрийн статистик хоорондоо үргэлж зөрж байна. Хэнд нь итгэх вэ гэсэн эргэлзээ үүсэхэд хүрээд байна. Ирэх 2021 оноос манай улс томоохон бондуудын өр төлж эхэлнэ. Мазаалай бондын 600 сая ам.доллар, 2022 оноос Чингис бондын нэг тэрбум ам.доллар гээд 2024 он хүртэл тулсан эргэн төлөлтүүд шил шилээ дарна. Нийт 2.9 тэрбум ам.долларын өр биднийг хүлээж байна.
Гадаад валютын албан нөөц сүүлийн гурван жилийн хугацаанд тасралтгүй нэмэгдэж 3.5 тэрбум ам.долларыг давсан. Хэдий тийм боловч алт тушаалт энэ оноос буурснаар валютын нөөц тогтвортой нэмэгдэх баталгаа үгүй болчихлоо. Энэ оны эхний найман сарын байдлаар алт тушаалт 9.6 тонн болж, өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 21 хувиар буурчээ.
Хариуцлагатай, хариуцлагагүй уул уурхайг ялгаж, салгаж ойлгохын оронд нийтээр нь төр маань ниргэх болсноор энэ оны хоёрдугаар хагаст алтны хэд хэдэн томоохон уурхай хаагдаж, алт тушаалт огцом буурах хүлээлттэй байна. Валютын нөөц энэ байдлаар цаашид багассаар байвал бондуудын эргэн төлөлтийн явцад эдийн засагт хямралын шинжтэй хүндрэл үүсэж болзошгүйг зарим эдийн засагч анхааруулсаар. Гадаад өрийн дарамт өндөр байгаа нөхцөлд 2020 оны улсын төсвийг зөвхөн сонгуульд зориулж бус ихээхэн ухаалаг төлөвлөх цаг үе ирлээ. Сангийн яамны мэргэжилтнүүд ирэх оны төсвийн төслөө боловсруулж хэдийн эхэлсэн. Мөнгөний бодлогын төсөл ч төсөвтэй зэрэгцэн УИХ-д орж ирнэ. Эдгээр бодлогын баримт бичигт өрийн эргэн төлөлттэй холбоотой чухал заалтууд багтах биз ээ.
• Гадаад өрийн дарамт өндөр байгаа нөхцөлд 2020 оны улсын төсвийг зөвхөн сонгуульд зориулж бус ихээхэн ухаалаг төлөвлөх шаардлага үүслээ.
• Улсын өрийн шинэ статистикт анхаарал татаж байна. Улсын гадаад өр оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өсөж, 29.7 тэрбум ам.долларт хүрсэн байна.
• Гадаад өрийн энэхүү зөрүүтэй байдлын талаар Сангийн яамнаас тодруулсан боловч “Сайдаас өөр хүн энэ талаар албан ёсны байр суурь илэрхийлэхгүй” гээд гэдийчихлээ.
Үндэсний статистикийн хорооны мэдээлснээр, эрдэс бүтээгдэхүүний үнэ, экспортын хэмжээ харьцангуй таатай байснаар оны эхний найман сард төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл 549.7 тэрбум төгрөгийн ашигтай гарлаа. Төсвийн тэнцлийн ашиг өмнөх оны мөн үеэс 34 хувиар өсжээ. Ашиг, өсөлт аль аль нь эдийн засагт сайн үзүүлэлт. Үүнтэй хамт нэгэн тааруу мэдээг давхар дуулгая.
Улсын өрийн шинэ статистикт анхаарал татаж байна. Улсын гадаад өр оны эхний хагас жилд өмнөх оны мөн үеэс 7.3 хувиар өсөж, 29.7 тэрбум ам.долларт хүрсэн байна. Үүнээс Засгийн газрын гадаад өр өмнөх оны мөн үеэс 7.6 хувиар өсөж, 22.7 их наяд ам.долларт хүрэв. НҮБ-ын шинжээч сэтгүүлч нартай уулзсаны дараахан үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн тайлан гарч, өрийн хэмжээ албан ёсоор тодорхой болжээ. Засгийн газрын зүгээс гадаад өрийн хэмжээ буурч байна гэх боловч төрийн статистик боловсруулах мэргэжлийн байгууллагын мэдээллээр, гадаад өр 29.7 тэрбум ам.долларт хүрч, нэмэгдчихээд байна.
Азийн хөгжлийн банк, ОУВС манай улсын гадаад өрийн эрсдэлд ихээхэн санаа зовниж, нөхцөл байдлыг анхааруулж буй. Гэтэл Засгийн газар гадаад өр буурч байна, өрийн дарамт холдож байна гэж сурталчлах нь хэтэрсээр. Ядаж үндэсний статистикийн хорооны мэдээллээ авч харах цаг болжээ. Гадаад өрийн энэхүү зөрүүтэй байдлын талаар Сангийн яамнаас тодруулсан боловч “Сайдаас өөр хүн энэ талаар албан ёсны байр суурь илэрхийлэхгүй гээд гэдийчихлээ. Өр зээл тавихдаа манай албаныхан туйлын найрсаг загнах авч эргээд төлөх цаг дор өрийн тооцоо дээрх байдлаараа алдаж мэдэхээр байна.
Б.Баяртогтох
Засгийн газрын мэдээ
URL: