Улс төрд шинэ жишиг тогтооно гэв
ИЗН-ын наймдугаар Их хурал өнгөрөгч амралтын өдөр төрийн ордонд боллоо. Сонгууль дөтөлж буй энэ цагт дэр нэгтгэсэн хоёр нам дотоод асуудлаа цэгцэлж, их сунгааны зам мөрөө зассан нь энэ юм.
Учир нь тус нам өнгөрсөн оны гуравдугаар сард долоодугаар Их хурлаа хийж, Ногоон намтай нэгдэх шийдвэр гаргасан боловч Улсын Дээд шүүхээс хоёр намын нэгдлийг өнөөг хүртэл хүлээн зөвшөөрөхгүй байсан юм. Тиймээс энэ удаагийн хурлаар эдгээр маргаантай байгаа асуудлыг авч хэлэлцлээ. Эцэст нь хоёр намын 500 төлөөлөгч ИЗН-ын нэрийг өөрчилж, 100 хувийн саналаар Иргэний зориг Ногоон нам болгов.
Түүнчлэн намын нэр өөрчлөгдсөнтэй холбоотойгоор мөн намын туг, билигдлийгч шинэчилсэн. Мөн намын дүрмийн өөрчлөлтийг хэлэлцэж батлаад, Үндэсний зөвлөлийн гишүүдээ ч шинэчлэн баталсан юм.
Тэгэхээр энэ бүх үйл явцын дараа олны анхаарлыг хамгийн ихээр татаж байсан намын даргыг шинээр сонгох санал хураалтыг явуулсан. Ямартай ч тус намын даргаар томилогдох өндөр магадлалтай хүмүүсийн тоонд УИХ-ын гишүүн С.Оюун, Д.Энхбат нар зүй ёсоор орж байсан юм.
Мөн МҮХАҮТ-ын дарга С.Дэмбэрэл ч яригдаж байв. Түүнчлэн намын даргын “сонгуулиас” өмнө танхимаас нэр дэвших хэд хэдэн эрхмийн сураг дуулдаж байсан нь нөхцөл байдлыг улам ч сонирхолтой болгож байсан. Тэгэхээр энэ удаагийн хурлын өмнө буюу өнгөрсөн оны гуравдугаар сард хуралдсан ИЗ-НН-ын хамтарсан Их хурлаас УИХ-ын гишүүн Д.Энхбатыг шинэхэн бүрэлдсэн уг намын даргаар сонгож байв.
Гэвч Улсын Дээд шүүхээс хоёр намын нэгдлийг хүлээн зөвшөөрөөгүйгээс болж, хууль эрх зүйн хүрээнд Д.Энхбат гишүүнийг тус намын дарга гэж хэлэх боломжгүйд хүрээд байсан билээ. Тиймээс УИХ-ын гишүүн Д.Энхбат тэргүүтэй НН-ын гишүүд ИЗН-д элсэж, ийнхүү асуудлыг нэг мөр болгов. Мөн С.Дэмбэрэл даргыг ИЗН-д элсэж, батлахаа гардсан өдөр намын албан ёсны дарга, УИХ-ын гишүүн С.Оюун “С.Дэмбэрэл дарга бол чадвартай боловсон хүчин. Тиймээс намын даргад өрсөлдөх боломжтой” хэмээн мэдэгдэж байсан нь энэхүү Их хурлаас түүнийг намын даргаар нэр дэвшүүлж, сонгож мэдэх юм гэсэн таамаглалыг олон нийтээс дэвшүүлэхэд ч хүрээд байсан юм.
Харин хурлын төгсгөлд энэ бүх таамаглал үнэн болж, эл суудалд яригдаж байсан гурван эрхэм бүгд намын дарга болов. Тэгэхээр улс төрийн намуудын түүхэнд эн тэнцүү эрх мэдэлтэй гурван даргатай байсан нь үгүй юм. Ямартай ч ИЗ-НН-ын шинэхэн дарга нар эрх, үүргээ тэгш эдэлж, улс төрд шинэ жишиг тогтоож буйгаа энэ удаагийн Их хурлаараа зарлав.
Харин энэ зуур ИЗН-тай нэгдэхийг эсэргүүцэн тусгаар үлдсэн Ногоон намын хэсэг нөхөд “Ногоон нам” гэсэн үгийг тус намын нэр дээр нэмэх нь буруу хэмээн үзэж, шүүх, цагдаад гомдол мэдүүлэх ажлаа эрчимжүүлэхээ мэдэгдсэн юм.
О.Сэлэнгэ
URL: