ТӨРСӨН ӨДРӨӨРӨӨ ДАХИН ТӨРСӨН МИНЬ

6090

Хэн нэгэн эрүү рүү хүчтэй гээч цохив.

-Оо, яаж байна аа? Муу ярьдаг морь оо!
Ухаан ороод хэлсэн анхны үг минь энэ (2000-аад оны эхэнд “ярьдаг морь” гэх нь амны уншлага болж байв). Нүдээ нээхэд битүү утаа. Пүрштэй орны минь доод талд гал дүрэлзэнэ. Нүд хорсон хиншүү хярваст амьсгаа давчдана.
-Алив холд!
Ингэж хэлсэн хүн намайг орноос унагаад галд автсан хөнжлийг бүтээлгээр хучив. Гал унтарч харанхуй нөмөрлөө. Шөнө дунд орж ирсэн нагац ах Зориг маань гал гарч буйг мэдээд гэрэл асаахаас сэргийлжээ. Бөөн утаа тортог боллоо. Би хахаж цацав.
Зориг ах намайг онгорхой хаалгаар орцны коридор руу гаргалаа. Тэр,
-За, Түшиг ээ, чи одоо гайгүй юу. Ах нь цонх онгойлгоод иръе. Гал унтарсан юм чинь одоо болно. Энэ утааг нэвт салхилуулж гаргахгүй бол болохгүй нь гэсэн.
Би юу болж буйг сайтар ойлгож чадалгүй цахилгаан шатны хажууд хана түшин доош гулгаж суув. Нэлээд удаан тэгж суусны эцэст юу болсныг эргэн санав. Галд шатаж тэнгэрт халих шахсаны өмнө ийм юм болсон юм…
Одоогийн энэ “Зууны мэдээ”, ”ТВ 9”-ийн хажуу бөөрөнд “Sort” гэж баар байна даа. За тэр чинь 2000 онд “Зууны мэдээ” сонины хэвлэх үйлдвэрийн нэг хэсэг байсан юм. Тэр жил сонины эрчүүд сурвалжлага хийх үүрэгт ажлаасаа түр чөлөөлөгдөөд хэвлэх үйлдвэрийнхээ талыг “Чонос” гэх зоогийн газар болгох бүтээн байгуулалтад барилгачдаар ажиллаж билээ. Хүүхнүүд нь сонингоо гаргаад л, бид тэдний юу бичсэнийг нь уншиж инээлдээд л, гоё. Өдрийн үнэгүй хоолтой, бүр гоё.
“Чонос” баарыг ашиглалтад ороход манай эмэгтэй сурвалжлагчид ээлжээр бармен хийдэг байлаа. Сониныхоо маниуст бол алкохол согтууруулах ундааг шууд зээлээр бичнэ шд. Би ч үүнд өртөж бичлэгийн шагналынхаа мөнгөө бараг тэр чигт нь “Чонос”-т тушаадаг болсон цаг. Найз нар ирнэ, өрөвдөлтэй нүдээр харна, тэгээд л ээлжит зээл бичээстэй.
За тэр яахав, гэнэт есдүгээр сарын 13 болов оо. Ухаандаа миний төрсөн өдөр. Чөтгөрийн 13 ч гэх шиг манайхан юу гэдэг билээ дээ. Тэр Есүс гэх нөхрийн нууц үдэшлэгт 13 хүн байсан бөгөөд нэг нь буюу Иуда урваад багшийгаа барьж өгсөн ч гэх шиг. Янз бүрийн яриа байна аа байна. Тэгж ярьвал сүмогийн башёд түрүүлж байсан Кёкүтэнхү Н.Цэвэгням надтай нэг өдөр төрсөн юм байна лээ шд. Нэмж хэлбэл, Майя нарын цагалбар 13 сартай байсан гэдэг юм билээ. Хамгийн хүндтэй нь чухамхүү 13 дахь сар нь.
Үүнийг үл өгүүлэн цааш явбаас, өдөр нь би бээр ажлаа хийв ээ, 2000 оны есдүгээр сарын 13-нд шүү дээ. Гадаад мэдээллийн нүүрээ буулгасан. Тэр явцдаа “Санкт-Петербург” буюу хуучнаар “Ленин клуб”-т байрлах “Madness” хамтлагийнхантай утсаар байнга холбогдоно.
Тэгээд ажил тараад орой нь Түмээ (Түмэнжаргал) бид хоёр хамтдаа төрсөн өдрөө тэмдэглэх болов оо. Түмээ надаас нэг өдрийн дараа төрсөн өдөртэй л. Цэцэгчулуун эрхлэгчээс “Чонос”-т төрсөн өдрөө тэмдэглэхийг хүсэхэд зөвшөөрсөн болохоор тэр өдөр манай хүүхнүүдээс Шуурхай мэдээллийн албаны Баянтуул ч билүү, хэн нь билээ хуваарийн дагуу бармен хийж байсан ба ширээнүүдийг нийлүүлэн хоёр “лаг” сэтгүүлчийнхээ төрсөн өдрийн шоунд бэлдэж эхэлсэн дээ.
Би гэдэг хүн ажлаа дуусгасан уу, үгүй юу сониныхоо жолооч Нараа ахыг дайчлан фургоноор нь “Madness” хамтлагийг Вадимын бөмбөр мөмбөр, ер нь бүх юмтай нь хамт “Чонос” баарандаа авчраад буулгачихав. “Madness” тэр үед “Хотын гудамж” дуугаараа ид бут авч байсныг хэлээд юу гэхэв.
Монголын радио, телевизийн дарга болоод удаагүй байсан Ганболд эрхлэгч хүртэл ирсэн. Найр мэдээж нижгэр болсон. Халамцуу манайхан “Madness”-ийг маань зүгээр л караокегийн дагуул хөгжимчид болгож “ашигласан” даа. Найр эхэлдэг ч бас дуусдаг жамтай хойно, сэтгэл жигтэйхэн хөдөлж тас үсэрсэн намайг манайхан бэлэг сэлттэй нь хамт гэрт хүргэж өгсөн юм билээ.
Тэр үед тавдугаар хороололд амьдардаг байлаа. Пүрштэй орныхоо хөлд том гээч түмпэнтэй. Тэр нь улаан тамхичин миний аварга том үнсний сав. Орондоо хэвтэж ном уншингаа тамхиа тийш шидэж хаядаг зуршилтай байв. Том түмпэнг онохгүй байхын аргагүй, заавал нисдэг Жордан байх албагүй.
Гэвч өөрийн ухаангүй согтуу хүн орондоо тамхи татаж байгаад цорын ганц удаа оновчгүй шидэлт гүйцэтгэсэн байгаа юм. Үүнээс болж аминаасаа хагацахаа шахсан. Зоригоо ах минь түлхүүрээрээ онгойлгон гэнэт шөнө дунд орж ирээгүй бол шүү дээ.
…Манай байрны орц тэр чигтээ утаа хиншүүгээр дүүрч дээр доргүй айлууд гайхан үүдээ онгойлгож, гал команд, түргэн, цагдаа ирж бөөн л юм болсон. Тэгж тэгж бүх зүйл намжиж шөнө эрхээ эдлэн нам гүм болгосон доо. Хөнжил бараг тэр чигтээ шатсан байхад миний баруун хөлний тавхай л түлэгдсэн байгаа юм. Гал хүрэнгүүт хөлөө татан байдгаараа атийх хэрнээ сэрээгүй бололтойдог…
Маргааш өглөө нь би бөөн хиншүү хярвас үнэртүйлсэн хүн сониныхоо Галбадрахын хуриманд очиж бөөн инээдэм болж билээ. Хүн гэдэг муу, сайн аливаа үйл явдлыг дор нь мартдаг хойно.
Харин одоо бодохнээ 2000 оны тэр төрсөн өдрөөрөө би үлгэр домгийн галт шувуу шиг гал дундаас дахин төрсөн гэлтэй. Амийг минь аварсан нагац ах маань одоо намайг тэнгэрээс инээмсэглэн ширтэж буй… Дахин төрсөн би гэдэг хүн хорвоогийн эрээн бараан дунд амьдарсаар буй…
Амьдрах сайхаан…
Н.Баттүшиг

URL:

Сэтгэгдэл бичих