В.Путиныг айлгаж буй В.Прохоров гэж хэн бэ?

Оросын тэрбумтан Михайль Прохоров өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээр албан ёсоор бүртгүүлсэн байна. Тэрбээр Кремльд суух эрхийн төлөө одоогийн Ерөнхий сайд В.Путинтай өрсөлдөхөөр шинээр гарч ирж буй хүчтэй улстөрч юм.

ОХУ-д В.Путиныг эсэргүүцэгчид сүүлийн үед олшрох болсон тул ирэх гуравдугаар сарын 4-нд болох сонгуульд түүнийг ялалт байгуулах эсэх нь эргэлзээтэй байгаа талаар улс төр судлаачид онцолж байгаа юм.

ДМИТРИЙ ПРОХОРОВЫН “ХАЙРТАЙ ХҮҮ”

Түүнийг дэлхий нийт ОХУ-ын тэрбумтан, Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны /NBA/ “Нью Жерси Нетс” багийн эзэн, 18 тэрбум ам.долларын хөрөнгөтэй бизнесмен гэхээр андахгүй. ОХУ-ын нийслэл Москва хотод 1965 оны тавдугаар сарын 3-ны өдөр Тамара, Д.Прохоров нарын хүү болон хорвоод мэндэлжээ. Түүний амьдрал бусдын адил баян чинээлэг бус энгийн л эхэлсэн гэдэг.

Эцэг Дмитрий Прохоров нь өөрт байсан бүх эд хөрөнгөө алдсаны дараа Сибирь рүү амьдралаа шинээр эхлэхийн тулд нүүжээ. Михайлийн эцэг ЗХУ-ын Олон улсын биеийн тамирын хорооны тэргүүн байсан бөгөөд олон улсын томоохон тэмцээнд байнга хүүгээ дагуулж явдаг байсан гэдэг. Ээж Тамара нь Хуванцар сав судлалын их сургуулийн инженер байжээ. Михайль Прохоровыг дөнгөж 20 настай байхад ээж, аав хоёр нь жил, жилийн зайтай зүрхний шигдээсээр насан өөд болсон аж.

Тиймээс тэр том эгч Ирина Прохоров, эмээ Анна Белкина нартай амьдрахаар болсон байна. ОХУ-ын Засгийн газрын харьяа Санхүү, эдийн засгийн их сургуулийг /Москвагийн Эдийн засгийн их сургууль/ 1989 онд онц дүнтэй төгсчээ. Улмаар 1989-1992 онд Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны банкинд менежерээр ажилласан байна. Энэ хугацаанд түүнийг зах зээлийн эдийн засгийн суурь мэдлэгийг олж авсан хэмээн ойр дотныхон нь хуучилдаг байна. Дөнгөж 28 насандаа тухайн үеийн ОХУ-ын ерөнхийлөгч асан Б.Ельцинтэй харилцаа холбоо тогтоох сайхан боломж гарсан гэдэг.

Улмаар Европоос уул уурхайн тоног төхөөрөмж оруулж ирдэг “Норилск Никель” нэртэй компани байгуулж, Сибирьт алтны уурхайнуудын дунд өөрийн байр суурийг олж авсан байна. Дараа нь компаниа “Онексим Групп” болгож хөрөнгө мөнгө нь цаг, минутаар үржих эх суурийг тавьжээ. Нэг хэсэг Михайль Прохоров “ЦСКА Москва” сагсан бөмбөгийн багийг ивээн тэтгэж байсан бол тун удалгүй спортын салбар болгонд өөрийн орон зайг аажим аажмаар бий болгосон байна.

Улмаар ОХУ-ын Биатлоны холбооны Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад 2009 онд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны “Нью Жерси Нетс” багийн эзэн болсон билээ.

УЛС ТӨРИЙН ГАРАА

Олон жилийн бизнесийн хөдөлмөр түүний хэтэвчийг хангалттай зузаалав. Энэ их хөрөнгийн эзэн болсон түүний өмнө улс төрд орох уу, байх уу гэсэн хоёр зам тулгарчээ. Тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр түүнийг дэлхийн хэмжээний тэрбумтан болсон учир Оросын улс төрд удахгүй орох талаар шуугиж эхэлсэн байлаа. Өнгөрсөн оны тавдугаар сард Михайль Прохоров Оросын “Правое Дело” намд элсэх болсноо олон нийтэд зарласан нь В.Путиныг цочирдуулсан аж.

Тус намыг Ерөнхийлөгч Д.Медведевийг дэмжих зорилготой байгуулж байсан гэх ойлголтыг олон нийтэд төрүүлж чадсан байна. Харин Ерөнхий сайд В.Путины эсрэг тус нам улс төрийн үйл ажиллагаа явуулах бодлого баримталж буй талаар Оросын хэвлэлүүд тухайн үед мэдээлж байв. Намд элсээд удаагүй байхдаа тэрбээр В.Путины Засгийн газрыг хүчтэй шүүмжилж, улс төрийн зарим хүчнийхнийг идэвхжүүлсэн байна.

Мөн тэрбээр “Орос орон ойрын ирээдүйд шинэ, залуу улстөрчдөөр хуучин намуудаа сэлбэх цаг болсон. В.Путин Ерөнхийлөгчид нэр дэвшиж байгаа болохоор өөрийн хийж чадах бүхнийг хийх болно. Коммунизм үнэртсэн нийгмийг дахин бий болгохгүйн тулд байдаг чадлаараа зүтгэнэ. Шинэ залуу, хүчирхэг Орос орныг байгуулахад өөрийн хүчин чармайлтыг оруулна” гэх утга бүхий мэдэгдлийг саяхан хийсэн юм. Түүний энэ байр суурь Оросын зарим сөрөг хүчнийхний дэмжлэгийг авч, В.Путинтэй өрсөлдөхүйц шинэ залуу улстөрч гарч ирж байгааг сайшааж байлаа.

Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын сүүлчээр М.Прохоров Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж магадгүй хэмээн мэдэгдсэн. Энэ нь түүний хувьд “Зориг гарган байж хийсэн хамгийн том шийдвэрүүдийн нэг” хэмээн хожим онцолсон. Ирэх гуравдугаар сард болох ОХУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшихээ албан ёсоор зарласан Михайль Прохоровыг дэмжиж буй оросууд маш их байгаа аж. Ялангуяа нийгэм, эдийн засгийн томоохон өөрчлөлт, санхүүгийн баталгаатай орчин хүссэн оросууд түүнийг ихэд үнэлж, Ерөнхийлөгчийн сонгуульд томоохон найдлага тавьж байгаа нь ойлгомжтой.

Алдар нэрийг дагаад гавьяа шагнал түүнийг тойроогүй. Жишээ нь 2006 оны наймдугаар сард “Нөхөрлөлийн алдар одон”, “Нэр төрийн одон”, 2011 оны гуравдугаар сард Францын Элчин сайдын яамнаас “Францын домогт Алдар” шагналаар тус тус шагнаж байсан удаатай. Тэгвэл ОХУ-ын Ерөнхийлөгчид нэр дэвшигч, Ерөнхий сайд В.Путин хэд хэдэн банк дахь 10 орчим дансандаа нийт таван сая гаруй рубльтэй байсан гэж түүний таван жилийн өмнөх хөрөнгө орлогын мэдүүлэгт тэмдэглэсэн байдаг. Энэ нь М.Прохоровын хөрөнгийн хажууд хаана ч хүрэхгүй нь ойлгомжтой.

Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд В.Путины орлого нь цалин, хадгаламжийн хүү, хувьцаа болон цэргийн тэтгэвэр зэргийг оролцуулаад 17 сая рубльд хүрчээ. В.Путины нэр дээр Санкт-Петрбург хотод 77 ам.метр талбай бүхий хаус, Москва хотод 1500 ам.метр талбай бүхий газар байдаг. В.Путинд бас “Санкт-Петербург банк”-ийн нээлттэй хувьцаа байдаг аж. ОХУ-ын Сонгуулийн төв комиссын мэдээлж буйгаар Ерөнхий сайдын гэргий Людмила Путинагийн дансанд 8,3 сая рубль байгаа аж.

Одоогийн байдлаар ОХУ-ьш Сонгуулийн төв комисст Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлсэн бизнес эрхлэгч Михайль Прохоровоос гадна “Яблоко” намын дарга Григорий Явлинский, ОХУ-ын Коммунист намын дарга Геннадий Зюганов, Оросын Либерал ардчилсан намын дарга Владимир Жириновский, “Шударга Орос” намын тэргүүн Сергей Миронов нар бүртгүүлжээ. Оросын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх гуравдугаар сарын 4-нд болох нь нэгэнт тодорхой болсон юм. Ямартай ч эдийн засгийн хувьд хэний ч хараанд орохгүй, залуу улстөрч Михайль Прохоровыг оросууд дэмжиж байгаа.

Б.Баатар


URL:

Сэтгэгдэл бичих