Алдар ЖЕМ-ийн Үндэсний сурын багийнхан сайн үйлсийн аян эхлүүлж, тамирчиндаа гэр бэлэглэв

Энэ жилийн үндэсний сурын отгон харваа эхэлжээ. Үүнийг “Отго” харваа хэмээн нэрлэдэг.  Бараг л наадмын сурын дайтай том тэмцээн. Үндэсний их баяр наадмаар 700 харваачдаас шигшигдсээр 540 харваач цэц мэргэнээ сорьсон.  Отго харваанд аймаг, нийслэлээс бас л энэ дайны харваачид оролцож байна.  Эрийн гурван наадмын үндэсний сурын харваанд  65-75 м-ийн зайнаас 40 сум тавьдаг, энэ жилийн түрүү гэхэд 39 оноогоор түрүүлжээ.  Зарим жил 40 оноогоор түрүү  авч байсан  нь ч бий гэнэ.

Сурын талбайн ард өргөө цагаан гэр барьжээ. Тэнд харваачин бүсгүйчүүд идээ будаа бэлдээд цаг заваар хомсхон байна.  Цэнхэр дэлгэцээр олонтаа харж байсан болохоор  Монгол Улсын даян мэргэн  Д.Норжмааг  танимхаарч уулзлаа.

Д.Норжмаа мэргэн маань Алдар спорт хороо, “Жем интернэшнл” компанийн үндэсний сурын багийн дасгалжуулагчаар ажилладаг.  Энэ багийнхан 30 гаруй хүнтэй үндэсний сурын хамгийн хүчирхэг багийн нэг. Тус багт улсын мэргэн цолтой 5, улсын цолтой 10-аад харваачид байдаг.

Энэ багт найм дахь жилдээ харваж байгаа Б.Мөнхзул гээд 25 настай залуу бий.  Мөнхзул Баян-Өлгий аймгийн Буянт сумын харъяат. Ээж нь хоёр жилийн өмнө цасан шуурганаар малтайгаа уруудаж нас барж, харин аав нь хэдэн дүү нартай нь одоо нутагтаа амьдардаг аж.

Мөнхзулын хувьд их хотын амьдралд хөлөө олох гэж сөрж, сөхөрч яваа  жирийн мянга мянган залуучуудын нэг. Алс нутагт суугаа аав нь тэр бүр туслаад байх боломжгүй, хотод өөрийн гэсэн орон байргүй.  Улаанбаатарт хань ижилтэй болж хэдхэн хоногийн өмнө анхны үрээ өлгийдэж авч удам залгах хүүтэй болжээ.

Харин багийнхан нь тамирчин залуудаа өөрийн гэсэн орон гэртэй болгох санал санаачлага гаргаж таван ханатай гэр бэлдэж өгснөө  отго харвааны энэ үеэр гардуулахаар зэхсэн нь энэ аж. Гэрийн хойморт идээ таваг бэлдэхээс эхлээд айраг цагаа сөгнөж, бүхий л зүйлийг ёс горимын дагуу бэлджээ. Тус багийн  ахлагч нь Улсын мэргэн Б.Баярсайхан,  дасгалжуулагч Д.Норжмаа мэргэн тэргүүтэй  харваачдын  санаачилгаар энэ буяны үйлсийг  эхлүүлжээ.

Энэхүү гэрийг халуун дулаан сэтгэл шингээж бэлдсэн нь харваас илт.  Өргөө цагаан гэрийн хана унийг бургасаар хийжээ. Бүр Увс аймаг руу захиалж хийлгэсэн гэж байна.  Ингээд багийнхан нь наадмаас хойш дээвэр бүрээс, хошлон чагтага  гээд бүхий л зүйлийг өөрсдийн гараар оёж шидэж бэлдсэн гэж байна.

Тус багийг  “Жем интернэшнл” компани нийгмийн хариуцлагын хүрээндээ тусалж дэмжсээр иржээ. Компанийн маркатенгийн албаны олон нийттэй харилцах  мэргэжилтэн Б.Мөнхгэрэл гэр гардуулах ёслолын үйл ажиллагаанд оролцож,  үндэсний сурын харваачидтай хамтран ажиллаж байгаадаа талархал илэрхийлж,  өөрийн үйлдвэрийн бүтээгдэхүүнийхээ дээжээр өргөө цагаан гэрийг нь мялаав. Багийн дасгалжуулагч Д.Норжмаа “Жем  интернэшнл  компани манай багийг байнга дэмжсээр ирсэн. Энэ удаад ч гэсэн буяны үйлсийг маань дэмжин ирсэнд талархаж байна” хэмээсэн юм.

Багийн ахлагч Б.Баярсайхан

 Монголчууд хэрэгтэй цагт нэгдэж чаддаг, бие биедээ тусалж чаддаг хүмүүс  гэдгийг харваачдын энэ  бяцхан ёслолоос анзаарч сэтгэл өег гарлаа.  Отго харваанд оролцохоор  орон нутгаас олон харвчид, баг тамирчид иржээ. Тэд Б.Мөнхзулд бас өөр өөрсдийн сэтгэлийн хандиваа өгч сайны ерөөл дэвшүүлж байв. Тухайлбал, Говь-Алтай аймгийн болон бусад хэд хэдэн багийнхан хандив өргөнө билээ.

Хэн нэгнийгээ сэвхийтэл өргөж гаргаад ирж чаддаг, ядарч зүдрэх үед нь  сэтгэл, итгэлийн дэм  өгдөг ийм сайхан буяны үйлсэд цааргалж  цанхаархах нэгэн үгүй биз ээ.

Үндэсний сурын тамирчин Б.Мөнхзулд өргөө цагаан гэр бэлэглэх  энэ ёслолын үеэр  багийн дасгалжуулагч даян мэргэн Д.Норжмаатай хором хөөрөлдлөө.

Мрнгол улсын Даян мэргэн Д.Норжмаа

 -Мөнхзулд гэр бэлэглэх санаа санаачлага анх хэрхэн гарав?

-Ийм бодол толгойд явсаар байгаад наадмын үеэр  багийнхантайгаа ярилцаад шийдвэрлэсэн. Мөнхзул маань энэ жил гэрлэж, сая хүүтэй болсон болохоор эхний ээлжинд орон байртай болгъё гэж бодсон.

-Иймэрхүү буяны ажиллагаа урьд нь хийж байв уу?

-Анх удаа хийж байгаа нь энэ. Ирэх жил манай багийн 20 жилийн ой болно. Ойгоо угтаж бүтээлч, үлдэх мөртэй ажил хийе гээд  сайн үйлсийн аянаар эхлүүлж байна.

-Танай баг “Жем интернэшнл” компанитай хамтран ажилладаг юм байна. Хамтын ажиллагаандаа хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Манай баг БХЯ-ны Алдар спорт хороо болон “Жем интернэшнл” компани гээд хоёр байгууллагын ивээл дор явдаг. Аливаа нэг арга хэмжээ, уралдаан тэмцээн гээд  юм бүхний түрүүнд энэ компанийхан маань дэмжиж тусалж байдаг болхоор “баярлалаа” гэж ахин дахин  хэлмээр байна.

Харин гэр гардуулах ёслолд Мөнхзул маань өөрийн биеэр хүрэлцэн ирж амжаагүй хүндэтгэх шалтгаантай гэж байв. Иймээс түүний авга ах Дархан-Уул аймгийн Шарын гол  ХК-ийн хүний их эмч Ө.Баянбаатар  болон нагацын талын эгч нь ирж өргөөг нь гардаж авсан юм. Авга ах Ө.Баянбаатар нь бас  үндэсний сурын спортын мастер цолтой нэгэн ажээ.  Түүний сэтгэгдлийг сонслоо.

Мөнхзулын авга ах Ө.Баянбаатар

 -Манай дүү  Баян-Өлгий аймгийн Буянт сумын хүн. Аав нь одоо тэнд мал маллаж байгаа. Нутаг орноосоо хол ажил амьдралаа босгохоор зүтгэж зүдэрч яваа дүүд маань ийм халуун сэтгэлээр хандаж, буяны гараа сунгаж байгаа баг хамт олонд нь үнэхээр их баярлаж байна. Монголчуудын дэм дэмэндээ гэдэг л энэ байх. Би удахгүй Баян-Өлгий явна. Тэр үеэрээ аавыг нь  Норжмаа мэргэнтэй заавал яриулна. Тэр хүн их баярлаж байгаа байх. Мөнхзулыгаа ийм сайхан баг, хамт олны дунд байгаад нь бас баярлаж байна гэв.

Дашрамд дурдахад үндсэний сурын спортын мастер Б.Мөнхзул 2015 онд телевизийн спортын шоунд оролцож байсан бөгөөд  зарим үзэгчдийн хуьд танил нэгэн ажээ.

Жем интернэшнл компанийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Б.Мөнхгэрэл

 

Говь-Алтай багийнхан 500 мянган төгрөг хандивлав

Төв аймгийн харваач Л.Жамсранжав

Г.Хантулга

Гэрэл зургийг А.Минжсор


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих