Худалдааны дайн зэсийн ханшийг ниргэнэ
-Оюу Толгой, Эрдэнэтэд энэ жинхэнэ муу мэдээ-
АНУ, БНХАУ-ын хооронд өрнөж буй худалдааны дайн сунжирсаар. Америкийн Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл их гүрнүүдийн сөргөлдөөн үргэлжилж магадгүй нь. Худалдааны дайнаас үүдэн БНХАУ импортоо татах, улмаар Худалдааны дайнаас үүдэн БНХАУ импортоо татах, улмаар валютын ханшаа чөлөөлөх оролдлого хүчээр хийж эхэллээ. Юанийн ханшийг ам.долларын эсрэг сулруулж, нэг “ногоон” долоон юаньтай тэнцээд ирлээ. Худалдааны дайн улам гүнзгийрч, нөхцөл байдал улам хүндэрч байгааг энэхүү үйл явдал харуулна. Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч өмнөд хөрш экспортоо хамгаалах үүднээс юанийн ханшийг дахин дэглэж, АНУ-ын эдийн засагт хариу цохилт өгч амжлаа.
Тэргүүлэгч эдийн засгуудын тэмцэл таваарын ханшийн төлөвт хүртэл нөлөөлж буй. Тэгвэл манай улсын экспортын үндсэн түүхий эд зэсийн баяжмал энэхүү дайрлагад өртөхөөр болж байна. АНУ импортын тариф ногдуулж Хятадын бүтээгдэхүүний жагсаалт өнгөрсөн сард дан цахилгаан хөдөлгүүр, хөргүүр болон гэр ахуйн цахилгаан хэрэгслийн эд ангиар өргөжсөн. Зэсийн хэрэглээний суурийг бүрдүүлж байгаа өмнөд хөргийн үйлдвэрлэлийн салбараар дамжиж худалдааны маргааны нөлөө зэсийн зах зээл, үнэ ханшид хүчтэй нөлөөлөгч болж ирснийг Asia Mining сэтгүүлд хөнджээ.
Чухамдаа дэлхийн зэс баяжуулах үйлдвэрлэлийн 40 хувь Хятадаас шууд хамаарч байгаа нөхцөлд худалдааны дайн зэсийн ханшийг нь тодорхой болоод байна. Харин хэр их ниргэх вэ гэдэг нь судлаач, шинжээчдийн анхаарлын төвд хэдийн оржээ. Манай улсын хувьд он гарснаас хойших эхний долоон сарын байдлаар улсын төсөвт 1.7 их наяд төгрөг уул уурхайн салбараас татвар, хураамж хэлбэрээр төвлөрсөн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ нь өссөн дүн. Энэхүү өсөлтийг бүтээгдэхүүний нэр төрлөөр нь задалж үзвэл, зэс 97.9 тэрбум төгрөгийн өсөлт авчирсан нь голлон нөлөөлжээ.
Зэсийн баяжмалын хувьд тайлант хугацаанд 867.7 мянган тонныг экспортолсон. Өнгөрсөн жилтэй харьцуулахад экспортын орлого нь 20 гаруй сая ам.доллараар өсжээ. Төсөвт зэсийн үнийг энэ онд 6272 ам.доллараар тооцсон байдаг. Bloomberg-ийн мэдээллээр, зэсийн ханш сүүлийн өдрүүдэд хамгийн их савлагаатай байна. Тухайлбал, пүрэв гарагт 1.69 хувиар өссөн бол энэ жилийн турш ихэвчлэн буурч, байнга хэлбэлзсээр. Үүнийг дээр дурдсан худалдааны дайнтай голчлон холбон эдийн засагчид тайлбарлаж байна.
АНУ-ын Хятадын эсрэг авсан арга хэмжээ ирэх саруудад зэсийн зах зээлийг доргиох төдийгүй ниргэх хэмжээний нөлөөтэй гэцгээх болов. Худалдааны дайны маргаантай холбоотойгоор зэсийн үнэ сүүлийн таван сарын хугацаанд 6000 ам.доллараас доогуур үнэлгээтэй байна. Тэргүүлэгч гүрний худалдааны тарифын бодлого зэсээс гадна хөнгөн цагааны зах зээлд ч нөлөө үзүүлэхээр байгаа. Ийм хүндхэн нөхцөл байдал улбар шар металлын ойрын ирээдүйг тодорхойлох аж.
”Оюутолгой” төслийн ил уурхайн олборлолт хэвийн үргэлжилж байгаа бол далд уурхайн бүтээн байгуулалт төлөвлөгөөний дагуу урагшилж байна. Хэдий тийм боловч гео техникийн нөхцөл байдлаас үүдэн далд уурхай дахин эрсдэл тулгараад байгаа. Үүнийг хувьцаа эзэмшигчид хэрхэн богино хугацаанд гэтэлж гарахаас далд уурхай хэдийд ашиглалтад орох нь ойртоно. Зэсийн баяжмал үйлдвэрлэгч орны хувьд худалдааны дайн үл тоох зүйл биш. Гэхдээ “Оюутолгой”-н далд уурхай хэвийн ажиллаж, дэлхийд эхний гуравт яригдах цагт АНУ, БНХАУ-ын дунд үргэлжлэх худалдааны дайн намжсан байна гэдэгт итгэх үлдлээ.
http://erennews.mn/index.php?view=article&type=item&val=24529
URL: