НҮБ-ын шинжээчийн сэтгэлийг зовоосон Оюутолгойн сөрөг үр дагавар

6043

Монгол Улсад 10 хоног ажилласан НҮБ-ын гадаад өр болон хүний эрхийн асуудлаарх хараат бус шинжээч Хуан Пабло Богославский “Монгол Улс дахь уул уурхайн салбар хүн амын эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах, тогтвортой хөгжилд дэмжлэг үзүүлэх ёстой” гэж мэдэгдсэн талаар НҮБ-ын цахим хуудсанд мэдээллээ.

“Монгол Улс байгалийн баялаг нөөцтөй бөгөөд энэ нь ашиг тусаа авчрах эсвэл хараал болж ч мэдэхээр” хэмээн хүний эрхийг хамгаалагч өгүүлжээ.

Зарим тохиолдолд ашигт малтмал олборлолтоос үүдэн хүний эрх ноцтой зөрчигдөх, тэр дундаа аюулгүй, цэвэр ундны ус хэрэглэх, эрүүл мэндээ хамгаалуулах эрх зөрчигдөж болзошгүй гэдгийг Богославский цохон тэмдэглэсэн байна.

Тэрбээр зэс болон алт олборлодог Оюу Толгой уурхайд ажилласан талаараа голчлон ярьсан бөгөөд энэ уурхайн үйл ажиллагаа ойролцоох бүс нутгуудын ундны усны чанарт сөргөөр нөлөөлж байгаад санаа зовниж байгаагаа илэрхийлжээ. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд бүхий л талууд хэлэлцээрээ үргэлжлүүлж, шийдлийг олохыг уриалсан байна.

“Монголын өнөөгийн эдийн засгийн загвар нь ашигт малтмал олборлох салбарт суурилсан бөгөөд ашигт малтмалаас олох орлогын хуваарилалт нь хүний эрхийг хангахад дэмжлэг үзүүлэх ёстой” гэж Богославский мэдэгджээ.

Өнөөгийн байдлаар Монголын эдийн засаг дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнийн өөрчлөлтөөс ихээхэн хамаарч байгааг мөн онцолсон байна. Түүхий эдийн үнэ эрс унаснаас үүдэлтэй 2015-2016 оны эдийн засгийн уналтын улмаас Монголд ядуурал, тэгш бус байдал нэмэгдсэн, одоо Монгол улсын хүн амын гуравны нэг нь ядуу амьдарч байна хэмээн хүний эрхийн шинжээч өгүүлжээ.

“Эдийн засаг, макро эдийн засгийн тогтвортой байдал төсвийн сахилга батыг сэргээхийн тулд Монголын засгийн газар олон шинэчлэлт тэр дундаа ОУВС-ийн санал болгосон шинэчлэлтүүдийг хийсэн. Тэр дундаа мөнгө зээлийн бодлогын арга хэмжээг хэрэгжүүлсэн ч  шинэчллэлтээс үүдэх хүний эрхтэй холбоотой нөхцөл байдлын судалгаа шинжилгээ хийгээгүй” хэмээн Богославский мэдээлжээ.

Түүний үзэж байгаагаар, эдийн засгийн шинэчлэлтүүд болон төсвийн сахилга батын арга хэмжээнүүд нь хүнс, орон байр, нийгмийн хангамжийн эрх төдийгүй хөдөлмөрийн эрх зөрчигдөх нөхцлийг бий болгож болзошгүй гэнэ.

Монголыг эдийн засаг хүчтэй савлахаас хамгаалж, хүн амын суурь эрхийг хэрэгжүүлэхийн тулд эрх баригчид эдийн засгаа төрөлжүүлэх ёстой гэж шинжээч үзсэн бөгөөд энэ чиглэлд Монгол Улс эхний алхмаа хийсэн гэж онцолжээ.

Г.Бямбасүрэн

ЭХ СУРВАЛЖ: SHUUD.MN


URL:

Сэтгэгдэл бичих