Газардахдаа зөөлөн унах юмсан
Жимээ алдвал бид Зимбабве, Венесуэлийн араас орно л гэсэн үг. Муу амлаж байгаа хэрэг биш л дээ. Эхлээд эрсдлээ тооцоолж дараа нь “бай”-гаа онох ёстой юм болов уу. Өнөөдөр Монголын ард түмний амьдрал тийм ч сайхан биш байгаа. Баян хоосны ялгаа хэрээс хэтрэн нийгмийг дэнсэлж буй энэ цаг үед нухацтай алсыг харсан бодлого энэхүү зааглалыг арилгана. Ашигт малтмалын 1000 гаруй орд, 8000 шахам илрэлтэй, 31 сая тоо толгой малтай, газар нутгийнхаа хэмжээгээрээ дээгүүрт ордог монгол түмнийг зөв бодлогоор аваад явах юм бол ядуу хүн энэ нийгэмд баймгүй. Үнэндээ өлсөж ядарсан, туйлдсан, хог түүсэн, газар дор хүнээ , амьдруулсан түүхэн ард түмэн бид баймааргүй байна. Аз жаргалтай тэнүүн хүн бүрийн нүдэнд гэрэл гийсэн тийм л нийгмийг цогцлоомоор байна. Ард түмэн ядуу зүдүү тарчигхан амьдралаасаа хагацахыг үнэхээр хүсч сууна. Хүний хөгжлийн сангаас олгосон 70 мянга, сар бүрийн 10 мянгын төлөө иргэд хүйтнийг үл ажран дугаарлаж байсныг дарга нар харсан. Энэ дүр зургийг хараад үнэхээр ард түмнээ гэсэн чинхүү сэтгэл байсан бол эрхбиш тэдний сэтгэлд нэг юм бодогдсон биз ээ.
Оюутолгойн ордыг ашиглах болсноор иргэд 70, 10, 20 мянгыг авах болсон харин одоо Тавантолгойн 15 тэрбум хувьцааны арван хувийг ард түмэн эзэмшихээр болж байгаа. Ойролцоогоор Тавантолгойгоос нэг хүн 6000 орчим ам. доллар авна гэсэн ам дамжсан яриа бий. Ингэвэл ч инфляци талийж, өртөг өндөртэй ард түмэн болж нэг хэсэгтээ цалгин гэнэт ажилгүйчүүд нь агаараас хатуухан газардахгүй байгаа. Өгч байгаа юм хойно авалгүй яахав. Төрийн минь хишиг хэмээн залбирч суух нэгэн байхад энэ арай дэндэнэ инфляци хөөрөгдөх нь хэрэгтэй зүйлд нь зарсангүй хэмээн уцаарлах хүмүүс ч байна.
Сар шинэ дөхлөө. 20 мянгаа хүлээсэн хүмүүс тоймгүй олон байна. Хүний хөгжлийн сангаас олгох сарын 20 мянган төгрөг энэ сарын 15-наас олгогдохоор болсон. Ард түмэн чих тавин сарын мөнгөө хүлээнэ. Боломжтой хэсэг нь цуглуулаад нэг удаа авч байгаа бол сар бүр мөнгөө тэсэн ядан хүлээсээр авдаг нь олон байна. Гадны эдийн засагчид мөнгө тараахыг аргаа барсан орны жишээ хэмээж байсан ч манайхан үүнийг юман чинээнд тоолгүй тараасаар л суугаа. Хэрэгтэй үед нь мөнгө тараавал буян болох л байх. Гэхдээ алсын бодлого бол энэ биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой. Сар бүр 20 мянган төгрөг хүртээд тэрүүхэндээ баярлах ч чимээгүйхэн юмны үнэ өсөн бидний халааснаас түүнээс илүүг тэмтэрсээр байгааг одоохондоо хүмүүс анзаарахгүй л сууна. Уг нь бол халамжаар цалгиулах бус ажлын байр нэмэгдүүлвэл алсдаа бидэнд хэрэгтэй. Гудамж метрлэн архинд живэх ажилгүй залуус нийгмийн хог шаар болон үлдэх үү. Эсвэл тэднийг төрийн даацтай бодлогоор нийгэмшүүлж ажил хийлгэн авах өгөхийн ухаанд сургаж өөртөө итгэх итгэлийг цахилуулах уу гэдгийг бодолцох цаг иржээ.
Б. Ариунзаяа
URL: