Үндэсгүй үзэл, бахархалгүй монгол
Мэргэн сайд Д.Бодоо “Чоныг үзэж арьсыг зуравч ясыг зурахуйяа бэрх. Царайг үзэж хүнийг танивч зүрхийг танихуйяа бэрх” хэмээжээ.
Үндэсний үзэл, Монголын бахархал бол үндэстний дархлаа. Орчин цагт улс, гүрнүүд “зөөлөн хүчний бодлого” буюу соёлын түрэмгийллийн бодлого явуулдаг болсон энэ цаг үед үндэстнээ тэр хэвээр нь авч үлдэх цор ганц дархлаа бол энэ. Түүх, уламжлал нэгэнт өнгөрсөн зүйл учраас түүхээрээ амьдарч болохгүй, ирээдүйгээ харъя гэж ярих нь бас л шал утгагүй зүйл. Түүх бол тогтмол давтагддаг цикл, мөчлөг мэт зүйл. Тиймээс ирээдүйг зөвхөн түүхээс харж, төсөөлж болно. Учир нь ирээдүй бол өнгөрсөн цагийн давтамж.
Гэвч үндэсний үзэл, Монголын бахархалыг үе шаттайгаар гутаах, үгүйсгэх үйлдэл тогтмол давтагддаг болсон бөгөөд үр дүнд нь үндэсгүй үзэл, бахархалгүй Монгол болгох зорилго агуулав уу гэлтэй.
1.Тусгаар тогтнол
Монгол Улсын тусгаар тогтнолын төлөө бүх ард түмний санал хураалт 1945 оны 10 сарын 20-нд болж, дэлхий дахинд тусгаар тогтнолоо тунхагласан. Гэвч нийтлэлч Баабар энэ үйл явдлын тухай “…санал асуулгын өдрийг баярын амралт болгож, хэрээс хэтэрсэн ухуулга сурталчилгаа явуулсан…Хэн ч харсан илэрхий иймэрхүү жүжиг найруулснаараа уул санал асуулгын утга хийгээд нэр төрийг ихээхэн гутаажээ. Гол нь Х.Чойбалсан нар яг таг 100 хувийн санал гаргуулах гэж мэрийгээд байсан бололтой” гэж дүгнэжээ.
2. Эх оронч үзэл
Эх оронч үзэл бол эх оронд нь тулгамдсан бэрхшээлийг даван туулах, эх орноо хөгжүүлэхэд үндэстнийг нэгтгэн нягтруулах их хүч, амин сүнс. Гэвч эх оронч гэдэг утга төгөлдөр эрхэм үг ёжлосон шоглоомтой утгад шилжиж, хэн нэгнийг гутаах доромж үг болтол нь зориуд дордуулжээ. “Адгийн шаар аргаа барахаар эх оронч болж жүжиглэдэг” гэдэг афоризмыг хамаа намаагүй ишлэх болов.
3. Үндэсний баатар
Чингис хаан, Сүхбаатарыг үгүйсгэсээр Монголчуудыг үндэсний түүхэн баатаргүй болгохыг улайрав. Нийтлэлч Молор-Эрдэнэ “Аливаа нэг ард түмэн төртэй болохын тулд эхлээд тогтоол гарах ёстой. Чингис хааныг хэн томилсон юм, ямар хүн томилсон юм. Хэдэн оны ямар тамгатай бичгээр томилсон юм. Хэний тамга дарсан юм. Тэр тамга нь одоо хаана байна. Хэсэг хүмүүс тойрч сууж байгаад “Энэ хүнийг хаанаа болгочихъё” гэвэл өөр хэрэг. Окей. Тэгээд хэдэн хүмүүс хаан болгочихсон л юм байна. Тэрийг ямар хуралдай гэх юм. Тийм бол хуралдайн бичиг хэрэгтэй. Тэр баримт нь надад хэрэгтэй. Тэгж байж би төр ярина” гэжээ.
Сүхбаатарыг үгүйсгэж, гутаан доромжлох нь түүхийг үнэн зөвөөр бичих гэдэг халхавчийн дор Түүний Ардын хувьсгалд манлайлан оролцсон үүргийг бүдэгрүүлж, улмаар хувь хүнийг нь гүтгэж, эцэстээ эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлсөн гавьяатай 1921 оны Үндэсний ардчилсан хувьсгалын ач холбогдлыг өөр түүхэн үйл явдлуудаар багасгахыг оролдсоор байна.
4. Ээж
-Эх орон гэдэг чинь ээж л юм байна шүү дээ… гэж саяхан “100 эрхэм” нэвтрүүлгийн гол зочин хурандаа генерал С.Лувсангомбо гуай хэлжээ. Энэ бол 100 насны өндөрлөгөөс ухаарсан бодрол. Гэвч нийтлэлч Болор-Эрдэнэ С.Лувсангомбо гуайн нэвтрүүлгийн тухай шүүмж бичихдээ “хүчирхэг төр, модерн нийгмийн хөгжил ба эх үрийн хайр гэдэг заримдаа нэг нэгийгээ үгүйсгэх хэрэг гардаг… Монголд ээжийн магтуу арай дэндсэн. Төрөөс ээжийн төрөлтөд медаль зүүж, хэвлэл мэдээллээс ээжийг сурталдаж, ерөнхий найруулагчаас ээжийг магтан дуулж дон дон дон уран сайхан хийнэ” гэж халаглажээ. Далимд нь С.Лувсангомбо гуайг баахан доромжилж, “Лувсангомбо генерал Зөвлөлтөд мэдээлэгч байсан уу, Цэдэнбал даргаас урвасан уу, Филатова гуайн тухай дурсахдаа яагаад тийм гэмшсэн нулимс унагав…” гэв.
Энэ мөрүүдийн утга агуулгыг хэрхэн ойлгож, тайлбарлахыг уншигч танд үлдээе.
5. Цагаан сар
Монгол үндэстний ёс уламжлал, зан заншлын бүхий л хэв шинжийг төгс зохицон агуулснаараа “Цагаан сар” нь үндэстний их баяр билээ. Гэвч нийтлэлч Д.Баярхүү “Цагаан сар хэмээх үндэсний нэгэн баяр үргүй зардлын сонгодог жишээ нь. Гэхдээ юуны тулд, ямар ирээдүйг бэлгэдэж ингэж баярлаж сайрхаж явна вэ? Нэгэнтээ л шашин, ёс заншлаа дагаад цагаан сар хийх ёстой юм бол Христосын мэндэлсэн өдрөөр шинэ жил, зул сар гэж хөөрцөглөх хэрэг байна уу гэсгээд “Цагаан сар”-ын сэрэмжлүүлэг болгож…” гэж оршлоо эхлээд долоон зүйлт шалтгаанаар Цагаан сар тэмдэглэхийг үгүйсгэн доромжилжээ.
6. Эрийн гурван наадам
Эрийн гурван наадам нь дэлхий даяар тархан суурьшсан нийт Монгол үндэстнийг ижилсүүлж, өвөрмөц соёл, дархлааг хадгалдаг бөгөөд Монголын бахархал, үндэстний соёлыг мандуулдаг. Гэвч допингийн асуудлаар үндэсний бөхийг бүхэлд нь гутааж, хүүхдийн эрх гэдгээр хурдан морины уралдааныг үгүйсгэсээр эцэст нь эрийн гурван наадмыг бүхэлд нь үгүйсгэх хийрхэл дэгдэв.
7. Халхын голын дайн
Яаж ч тайлбарласан энэ дайн Монгол Улсын тусгаар тогтнолын нэгэн тулгуур болсон нь үнэн. Тэр үед Япон нь БНМАУ-ын хил хязгаарт нэвтэрч, Халхын голын орчимд дайтсан нь үнэн. Гэтэл нийтлэлч Баабар “…Япончууд БНМАУ-ыг эзлэн түрэмгийлэх бодлого агуулж байгаагүй төдийгүй тусгаар тогтнолыг нь хүлээн зөвшөөрөхөд ч бэлэн байсан. Тэд Хятадын бүгд найрамдах улсад хамаарах нутагт амьдардаг монгол үндэстэнд онцгой дотно найрсаг хандаж байсан. Тэднийг соёлжуулах иргэншүүлэхэд төдийгүй хятадуудаас хамгаалах өмгөөлөхөд онцгой анхаарал тавьж байсан. Гэтэл Халх голын 1939 оны хэрэг явдлын тухай зарим телевизүүд өдөр алгасалгүй үзүүлэхдээ социализмын үеийн үзэл сурталжсан, үнэнээс гадуур суртал нэвтрүүлгийг давтах нь юуны хүч нөлөө юм бол?” гэж нийтлэлдээ гайхшран асуужээ.
8. Гадаад харилцаа
Монгол Улсад ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин айлчилж, Монгол Улс, ОХУ Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаатай боллоо. Манай улс хоёр хөрштэйгээ иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа тогтоож, тэргүүлэх гуравдагч хөрш АНУ-тай стратегийн түншлэлийн харилцаанд шилжив. Гэвч…дахиад л улигт Баабарыг ишлэе. Тэрбээр Путины айлчлалыг дүгнэж, “Өнөөдөр яагаад хүндэт нөхөр Владимир Владимирович гэнэт…биднийг дахиад л яах гэж хааш нь чирээд, юу рүү түлхээд байгаа юм бол? Дотоодын дэмжлэгээ өдөр өдрөөр алдаж байгаа хүндэт нөхөр Владимир Владимирович ямар нэгэн барьцаалах зүйлтэй болох. Юутай ч дотно гаднаасаа шахуулаад эхэлсэн тэрээр одоо ёс суртахуунтай ямар нэг алхам хийхээсээ өнгөрсөн байх аа?” гэсэн ажгуу.
Дүгнэлт
Энэ мэтчилэн тэдний үгүйсгэлийн байг дурдваас эс дуусах бөгөөд дээр дурдсан бүх дархлаа үгүй болбоос Монголоос юу үлдэх, ямар төрхтэй болохыг төсөөлөгтүн. Үндэсний үзэл, Монгол бахархалууд бол өнгөрсөн цаг үеийн уламжлал, бахархал төдий биш, харин цаг үеэс үл хамааран үеийн үед эрхэмлэгдэх учиртай тусгаар тогтнолын дархлаа юм.
Монголчууд Манж Чин гүрний дарлалд 270 илүү жил, ЗХУ-ын нөлөөнд 70 илүү он болохдоо үндэсний үзэл, Монгол бахархалаа хадгалж, өвлүүлж чадсан. Харин одоо “Хиртэй тархитай юм чинь угаалгалгүй яадаг юм!” хэмээн үндэстнээ ёжлох “нийтлэлч” нарын “тархи угаалт”-ын давалгаанд эс автагдана гэдэгт бат итгэнэ.
А.Амар
URL: