Балбын шоронд хоригдож байсан залуу эх орондоо ирлээ

Визний зөрчлөөс болж Балбын шоронд хоригдож байсан Монгол Улсын иргэн Б.Баяндэлгэрийг эх орондоо ирэхэд нь сэтгэгдлийг нь сонссон юм.

-Эх орондоо эсэн мэнд ирсэнд баяр хүргэе. Онгоцноос буух үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа, сэтгэл маш сайхан байна. Эх нутгийнхаа агаараар сэтгэл дүүрэн амьсгалахаас илүү жаргал гэж үгүй юм шиг л санагдаж байсан. Юуны өмнө хүний нутагт байхад надад тусалж байсан Дэнгээ лам /төвд лам/ болон Балбын шоронгоос суллаж гаргахад тусалсан нутаг нэгт бүх хүмүүстээ, Дорнод аймгийн иргэддээ маш их баярласнаа илэрхийлье. Тэр дундаа “Дорнод нутаг” клубын хамт олонд, С.Отгонбаатар ахдаа, 24tsag.mn цахим хуудсын хамт олонд үнэхээр их баярлалаа.


- Эх орондоо буцах болсон мэдээг хэзээ сонсов. Багагүй хугацаанд хоригдлоо, хэцүү байсан байх?
- Тэгэлгүй яахав. Эх нутгаасаа хол, хэл мэдэхгүй хүмүүсийн дунд хэцүү байсан. Харин өнгөрсөн сард “Монгол айл” кино багийнхан зураг авалтаар явж байгаад миний талаар сонссон юм билээ. Ингээд намайг хоригдож байхад 24tsag. mn сайтын захирал Буянбадрах ах ирж, уулзсан. Тэр хэлэхдээ, “Удахгүй ирж эндээс гаргана” гэсэн л дээ. Энэ үг надад үнэхээр их сэтгэлийн дэм өгсөн. Монгол хүмүүстэйгээ хэл нэвтрэлцэж, өөрийнхөө байр байдлыг танилцуулсан болохоор хэзээ нэг цагт эргээд сайхан мэдээ дуулна гэж хүлээж суусан.

Харин удаа ч үгүй элчин сайдын яамнаас нэг хүн ирээд “Маргааш, нөгөөдрөөс чи шоронгоос гарахаар болсон. Эндээс суллагдахад шаардлагатай мөнгө болоод Монгол уруу буцах онгоцны тасалбар зэргийг бүгдийг нь зохицуулсан” гэж хэлсэн. Тэр мөчид баярласандаа өөрийн эрхгүй уйлчихсан. Монгол хүн монгол хүнийхээ төлөө ингэж, зүтгэж харийн орноос эх оронд минь авчрахаас илүү тус гэж юу байх вэ дээ. Намайг эх нутагтаа ирэхэд гар бие, сэтгэл зүрхээрээ дэмжиж тусалсан бүх хүмүүстээ дахин дахин баярласнаа илэрхийлье.

М.ӨНӨРЖАРГАЛ


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих