Р.Раш: АН цөөнх гэдгээрээ дэндүү даварч байна
ИХ-ынТөрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Тэргүүн шадар сайдад нэр дэвшигчийг хэлэлцэх байсан ч АН-ын бүлэг мөн л завсарлага авч байгаагаа мэдэгдэж. УИХ дахь АН-ын бүлгийн дэд дарга Л.Гантөмөр “Тэргүүн шадар сайдаар У.Хүрэлсүхийг томилохтой холбоотой асуудал дээр завсарлага авч буйгаа мэдэгдэж, энэ албан тушаалыг байхгүй болгох хэрэгтэй гэсэн саналаа Ерөнхий сайд С.Батболдод хүргүүлсэн” гэдгээ мэдэгдсэн юм. Үүнээс үүдэн байнгын хорооны гишүүд нам бүлгээрээ талцан хэсэг хугацаанд мэтгэлцээд авав.
УИХ-ын гишүүн Ц.МӨНХ-ОРГИЛ:
-АН-ын бүлгийн байр суурийг Ерөнхий сайдаас эхлээд УИХ, ард түмэн бүгд ойлгосон. Ахин, дахин тайлбарлах шаарддагагүй тийм учраас Тэргүүн шадар сайдыг томилохтой холбоотой асуудал дээр Ардчилсан намын бүлэг дэмжихгүй байгаагаар саналаа өгөөд явах ёстой. Эсвэл хэдий хэрийн хугацаанд завсарлага авч буйгаа хэл.
УИХ-ын гишүүн Л.ГАНТӨМӨР:
-Хоёр, гурван хоногийн хугацаатай завсарлага авна гэдэг ч юм уу, хугацаа хэлэх боломжгүй. Бүлгийн саналыг Ерөнхий сайдад хүргүүлсэн. Ерөнхий сайд эргээд саналаа бидэнд уламжлах байх. Ер нь УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанд Ерөнхий сайд оролцож асуудлаа тавих ёстой. Байнгын хорооны даргын хувьд УИХ-ын даргад хандаад чуулганаа хуралдуулах талын юмыг хөөцөлд.
УИХ-ын гишүүн Н.ЭНХБОЛД:
-Засгийн газрыг чадамжгүй болгочихоод дараа нь янз бүрийн нөхцөл, тулгалт хийгээд байгааг ойлгохгүй юм. Тогтсон жишиг байдагшүүдээ, эхлээдсайднарыг чөлөөлөөд, дараа нь томилдог. Тэр дагуу чөлөөлөөд, томилох болохоор Ардчилсан намын бүлэг завсарлага авч байна гээд суучих. Завсарлагын араас юу ч тулгахыг мэдэх арга алга.
УИХ-ын гишүүн Э.БАТ-ҮҮЛ:
-Засгийн газрыг эмхлэн байгуулахад АН-ын бүлэг саад тотгор учруулаагүй шүү. Хоёр сайдыг батлаад Засгийн газрыг чадамжтай болгоё гэсэн. Өчигдөр чуулганы нэгдсэн хуралдааныг зарлана гэчихээд, цуцалчихсан. Бид чуулганаа хуралдуулаач ээ гэж УИХ-ын даргад хэлсэн. УИХ-ын дарга намын даргатай зөвшилцөнө гээд суучихсан. Хоёр сайдыг батлаад явуулчихаар яачихаад байгаа юм бэ. Багцаар нь сайд нарыг хэлэлцэнэ гэдэг заалт Үндсэн хуульд байхгүй шүү, битгий олонхоороо түрий барьж цөөнхийг дарлах гээд бай.
УИХ-ын гишүүн Р.РАШ:
-Цөөнхөд дээрэлхүүлээд сууж байдаг олонх гэж байдаг юм уу. Цөөнх гэдгээр даварч байна, бүр дэндүү даварч байна. Даварсаар даварсаар давгын орон дээр гарч суулаа. Зургууланг нь ярина за. Ард түмэн 47 суудал өгсөн юм шүү.
Энэ мэт үргэлжилсэн маргаан УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд танхимыг орхиж гарснаар намжиж, байнгын хорооны хуралдаан өндөрлөв.
Н.Энхлэн
URL: