Үндсэн хууль “сүх”-дүүлж, нам засаг нь хагарав
“…Газрын агуйд хоргодож галын илчинд шүтэж, гучин жил тэнэж дөчин жил суужээ” гэж А.С.Пушкин Алтан загасны үлгэртээ бичсэн байдаг. Үлгэрийнхээ өвгөн эмгэн хоёрын амьдралыг хүүрнэж байгаа юм. Тэгвэл зуугаад жилийн түүхтэй, ерээд жил засаг барьсан МАН-ынхан дөрвөн жил “гадаалаад”, гурван жил гаруй засгийн эрхийг дангаар атгаж байна. Ингэж үнэмлэхүй эрх барьж байгаа нам эр бяр, ид хав ч гэж жигтэйхэн болсон. Оролдохгүй ч юм алга. Тэд яг гурван жилийн ой дээрээ 2019 оны зургадугаар сарын 6-ны өдөр Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг 62-уулаа гарын үсэг зураад өргөн барьсан юм. Өмнө нь МАН ч, АН ч 1992 онд батлагдсан энэ Үндсэн хуулийг өөрчлөх гэж таван ч удаа оролдоод тусыг олоогүй байв. Харин энэ удаад Үндсэн хуулийн өөрчлөлт яахын аргагүй “яваад” эхэлсэн. Хэлэлцүүлгийн явцад 2019 оны долдугаар сарын 16-нд гэнэтхэн Ерөнхийлөгч Х.Баттулгын төсөл орж ирээд, хоёр хоногийн дараа Ерөнхийлөгч өөрөө Үндсэн хуулийн зөвшилцлийн ажлын хэсгийг ахлахаар болсон байдаг.
Ер нь бол ард түмэн 62 гишүүний төслийг ойлгож амжаагүй байтал нь Ерөнхийлөгчийнх нэмэгдэж, Үндсэн хуульд оруулах гээд байгаа нэмэлт өөрчлөлт үндсэндээ ойлгомжгүй болсон юм. Гишүүд нь ч ойлгохоо болилоо гэж үнэнээ хэлээд эхэлсэн.
Явсаар төслийн хоёрдугаар хэлэлцүүлгийн төгсгөлд санал хураахад 62 гишүүн хийгээд Ерөнхийлөгчийн оруулсан гол заалтууд нь уначихав. Өөрөөр хэлбэл, УИХ-ын хоёр ч хэлэлцүүлэг давахад өөрчлөлтийн 40 гаруй хувийг унагасан кнопыг МАН-ын 51 гишүүн даржээ. Улмаар УИХ дахь МАН-ын бүлэг 2019 оны есдүгээр сарын 6-нд хуралдаад Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг Ард нийтийн санал асуулгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж шийдсэн байна. Ээдрээ ингэж эхлэв. Бямба гаригт УИХ дахь МАН-ын бүлгээс мэдээлэл хийж, Ард нийтээс санал асуулга авахаар боллоо гэв. Харин өчигдөр Ерөнхийлөгчийн зүгээс төслөө татан авч, санал асуулгыг шүүмжилсэн байр суурийг илэрхийллээ. Ингэснээр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт цаашаа явах эсэх нь машид тодорхойгүй боллоо.
Харин Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн талаарх МАН-ын бүлгийн шийдвэрээс хойш хөшигний ард улс төрийн нэн ойлгомжгүй бөгөөд тогтворгүй байдал үүсчээ.
Уг нь МАН-ынхан 62 гишүүний өргөн барьсан төслийг наадмын өмнө баталчихаар байжээ. Гэвч тухайн үед ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж бүлгийнхээ гишүүдэд “…Бид дангаараа Үндсэн хуулийн өөрчлөлтийг хийж болохгүй. Ерөнхийлөгчийг, АН-ынхныг оруулах хэрэгтэй. Хэрвээ МАН дангаараа хэлэлцээд баталчихвал 2020 сонгуулийн дүнд найдах аргагүй болно” гэсэн байна.
МАН-ынхан ч Ц.Нямдорж сайдын үгийг дэмжжээ. Тэрээр өөрөө Ерөнхийлөгчид бараалхаж “…Та Үндсэн хуульд оруулах төслөө өргөн барих хэрэгтэй байна. Бас Зөвшилцлийн ажлын хэсгийг ахлаад явчих” гэж ярьсан байгаа юм. Ингээд Ерөнхийлөгч 2019 оны долдугаар сарын 16-нд төслөө өргөн барьж, 18-нд Зөвшилцлийн ажлын хэсгийн ахлагчаар томилогдсон байна. УИХ төслүүдийг нэгтгэн хэлэлцэж эхэлжээ.
Харин хоёрдугаар хэлэлцүүлэг дуусах үед, энэ сарын 6-нд болсон УИХ дахь МАН-ын бүлэг бүх гишүүнээсээ саналыг нь бичгээр баталгаажуулж авчээ. Бүгд л дэмжиж байгаагаа илэрхийлж гарын үсгээ зурсан байна.
Гэтэл энэ явдлаас хэдхэн минутын дараа ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж “…Ер нь бид нар АН-ын, Ерөнхийлөгчийн тоглолтод ороод байгаа юм биш үү. Хортой алим идчих шиг л болох юм. Ингээд Үндсэн хуулийг баталчихаар ирэх сонгуулиар юугаа ярьж явах юм бэ. Унана шүү дээ” гэсэн агуулгатай үгийг хэлсэн байна. Нөгөөдүүл нь ч “…Нээрэн, юу болж байна вэ” гээд эхэлжээ. Ингээд төслийг зогсоох барих юм болж, ард нийтийн санал асуулга явуулах хэрэгтэй гэсэн зүйл яригдаад ёсоор болгосон нь энэ ажээ.
Одоо эндээс хэд хэдэн үр дагавар үүсч байгаа юм. Ерөнхийдөө эхэлчихлээ. Товчхондоо, төрийн өндөрлөгүүд энэ гэнэтийн гэмээр шийдэлд бухимдаж, үл ойлголцол олон үйл явдлыг дагуулахаар болов.
Энэ бүхэнд хамгийн их ууртай байгаа хүн бол Ерөнхийлөгч Х.Баттулга юм. Энэ мэдээж. Түүнийг ОХУ-ын Владивосток хотод болсон Дорнын эдийн засгийн чуулганд оролцож байхад нь МАН ийм шийдвэр гаргасан. Энэ мэдээг сонссон Ерөнхийлөгч нэлээд бухимдаж, “…Ерөнхийлөгч бол тоглоом биш. Нэг мэхээр олон унагадаггүй юм даа” хэмээсэн тухай Төрийн ордон хавиар МАН-ынхан ярьж байна. Тэдний чихэнд хүргэсэн үг бололтой юм.
Учрыг ухвал Ерөнхийлөгчийг Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ямар нэг санаачлага гаргаагүй байхад Засгийн газрын нэг сайд явж очоод ятгасаар оруулж ирсэн. Тэр ч байтугай Зөвшилцлийн ажлын хэсгийг ахлуулсан. Гишүүдийн тоог 108 болгоно гэж яриулсан. Харин дараа нь нөгөөх сайд намынхнаа ятгаж төслийг үндсэнд нь зогсоочихож байгаа юм. Энэ л Ерөнхийлөгчийг ийм үг хэлүүлэхэд хүргэсэн гэхэд болно. Уг нь Ерөнхийлөгч энэ УИХ-ыг “гэмтнүүдийн чуулбар” гэж хэд хэдэн удаа хэлээд тарахыг шаардаж байсан. Сүүлд нь хамтраад Үндсэн хуулийг өөрчлөхөөр шулуудсан. Тэр нь бүтсэнгүй.
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн тогтоолоо бэлдчихээд гарын үсэг зурахад бэлэн болоод сууж байсан УИХ-ын дарга Г.Занданшатарын хувьд ийм явдал болно гэж төсөөлөөгүй байсан нь ойлгомжтой. Юутай ч түүхэн үйл явдлыг удирдаж байсан нь талаар болж, цаашид энэ суудал дээрээ байх уу үгүй юу, ангиа хугацаанд нь, бүтнээр нь “төгсгөж” чадах уу үгүй юу гэдэг давааны өмнө тэр ирлээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх бас л ууртай байна. Түүний хувьд УИХ-ын гишүүн бишийн дутууг мэдрүүлсэн хэрэг болов. МАН-ын даргын хувьд УИХ дахь бүлгийн гишүүдийнхээ амыг бичгээр авч сууж байгаад ингүүлнэ гэдэг тоогүй л явдал. Гэхдээ Ерөнхий сайд У.Хүрэлсүх хориод хоногийн өмнө хэлсэн “…Хулгай хийнэ, хүн амины хэрэг, хүчингийн хэрэгт холбогдоно, концессдоно, ЖДҮ-днэ ер нь та нар бүх юмыг хийж байгаа. Ийм төр байж болохгүй” гэсэн алдарт үгээ хэрэгжүүлэх алтан боломж нь энэ байж мэдэх юм. Яагаад гэвэл У.Хүрэлсүх одоо Ерөнхий сайдын хувьд ч, намын даргын хувьд ч бодлого болгоод явж байсан ажлыг нь нураасан гишүүдээ хаацайлах үүрэггүй болж буй юм. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүдийн талаас илүү нь ямар нэг байдлаар гэмт үйлдэлд холбогдчихсон. Тэднийг хамгаалж сонгуульд орно гэдэг У.Хүрэлсүхийн хувьд торхтой дарин дээр бамбартай суухтай адил байсан юм. Тиймээс тэрээр бүлгийнхээ хурлын дараа гишүүдэд ийм агуулгатай үгээ бас хэлчихсэн байна.
Иймээс МАН-ын гишүүдтэй холбоотой хэргүүд АТГ, цагдаагаас прокурор руу, прокуророос шүүх рүү гэрлийн хурдаар шилжих болж байгаа юм. МАН-ын бүлгийн шийдвэр гардаг өдөр Нийслэлийн прокурорын газраас анхаарал татсан томоохон хэргүүдийг шүүхэд шилжүүлсэн талаар мэдээлэл өгсөн. Цаашаа үргэлжилнэ л гэсэн үг.
МАН-ынхны дунд нэвт тарж байгаа бас нэг мэдээлэл бий. Тэр нь ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үеэр хийсэн үйлдлүүдийнх нь зорилго ил боллоо гэцгээж байна. Сайд Ц.Нямдоржийн улс төрийн тоглолтын ард МАН дахь эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн нуугдаж буй бололтой. МАН-ынхны яриагаар бол эрхэм сайд маань “…Батмөнхийг хаан ширээнд суулгаад би хатан нь болно” гэж Мандухай хатан уйлан хашгирдаг шиг Б.Чойжилсүрэнг Ерөнхий сайд болгоод өөрөө УИХ-ын дарга болно гээд явж байна гэж хардаад эхэлжээ.
2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш МАНАН-гийнхан гээд намдаа ч ад үзэгддэг болсон М.Энхболд нарт энэ бүхэн эргээд “байрандаа” очих тун чиг таатай боломж болж мэдэхээр боллоо.
Ингэхээр энэ бол эрх баригч намынхны эрх мэдлийн төлөөх ээлжит тэмцэл эхэлж байна гэсэн үг. 2016 оноос хойшх гуравдугаар ээлжийнхэн “хоолондоо” орохоор айсуй гэсэн ч болно. Энэ үнэн бол үл ойлголцол үргэлжилсээр У.Хүрэлсүхийг Засгийн газрын тэргүүн, МАН-ын даргаас нь авч хаяхдаа тулж ч мэднэ. Нэг үгээр хэлэхэд, засагт ассан улаан гэрэл МАН-д ч аслаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2019.9.10 МЯГМАР №179 (6146)
З.БОЛД
URL: