“Яллагдагч Э.Бат-Үүл хөөн хэлэлцэх хугацаагаа дуусгахаар хугацаа хожиж байна” гэв

34dd945f5b4d9ef93d83a7ed944ab38eАвлигатай тэмцэх газар сар тутмын ээлжит хэвлэлийн хурлаа өнөөдөр зохион байгуулав. Энэ удаагийн хэвлэлийн хурлыг авлига, ашиг сонирхлын зөрчил, авлигын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор хийлээ. Хэвлэлийн хуралд оролцсон Авлигатай тэмцэх газрын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү үндсэн 3 сэдвийн хүрээнд мэдээлэл хүргэв.

АТГ-аас төрийн байгууллагуудад Зөвлөмж өгсөөр байтал авлигын гэмт хэрэг, зөрчил гарсаар байна
Авлигатай тэмцэх газар нь Авлигын эсрэг хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.6-д заасны дагуу авлигын эсрэг олон нийтийг соён гэгээрүүлэх, урьдчилан сэргийлэх ажлын талаар зөвлөмж гаргах, байгууллага, иргэний хүсэлтээр түүний үйл ажиллагаан дахь авлигад өртөх боломжийг багасгах талаар заавар, зөвлөгөө өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг. Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6-д заасны дагуу Авлигатай тэмцэх газраас бүрэн эрхийнхээ дагуу гаргасан хууль ёсны шаардлага, шийдвэрийг хүлээн авсан аж ахуйн нэгж, байгууллага, албан тушаалтан түүний дагуу холбогдох арга хэмжээг заавал авч, хариуг хугацаанд нь өгөх үүрэгтэй байдаг.
Авлигатай тэмцэх газраас төрийн байгууллагын үйл ажиллагаа болон үйлчилгээнд тодорхой хяналтыг хэрэгжүүлж, авлига гарах шалтгаан, нөхцөлийг бүрдүүлж байна гэж үзэн зөвлөмж, шаардлага хүргүүлдэг. Тухайлбал, Засгийн газрын 2019 оны “Түрээсийн орон сууцны талаар авах арга хэмжээний тухай” 223 дугаар тогтоол, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны “972 айлын орон сууцанд иргэдийг хамруулах тухай” 115 дугаар тогтоолын дагуу Засаг дарга, Нийслэлийн орон сууцны корпорациас зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах арга хэмжээг зохион байгуулж байгаатай холбогдуулан уг үйл ажиллагааг хариуцлагатай, шударга, ил тод, нээлттэй зохион байгуулж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх ЗӨВЛӨМЖ-ийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайханд 2019 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хүргүүлсэн. Гэтэл тус байгууллага үйл ажиллагааны хяналтыг сулруулсан нь зарим этгээд хууль бусаар системд халдах, албан тушаалаа ашиглан бусдыг залилан мэхлэх гэмт хэрэг гарахад нөлөөлсөн байна.
Эрүүл мэндийн яаманд холбогдох зөвлөмжийг хүргүүлсэн ч үйл ажиллагааны ил тод байдлыг хангаагүй, дотоод хяналтын үйл ажиллагаа хангалтгүй байгаагийн улмаас эрх бүхий албан тушаалтнууд авлигын гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байна.
Энэ мэтчилэн эрсдэлээс урьдчилан сэргийлж, гэмт хэрэг, зөрчил гарахаас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгсөөр байтал гэмт, хэрэг зөрчил гарсаар байгаа нь байгууллага, албан тушаалтнуудын нэг нэгэндээ найр тавьсан, буруутай этгээдийг хаацайлсан, дотоод хяналтыг сулруулсан, өөрсдийгөө өмөөрсөн шударга бус байдлаас шалтгаалж байна.
Зарим хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан ч АТГ-т ирүүлэхгүй байна
Авлигатай тэмцэх газрын зүгээс улсад их хэмжээний хохирол учруулсан, төрийн өндөр албан тушаалтнууд холбогдсон, нийгэмд хүлээлт үүсгэсэн томоохон хэргүүдэд мөрдөн шалгах ажиллагааг хуулийн хүрээнд тасралтгүй явуулж байна.
Зарим тодорхой хэргүүдийг мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж шүүхэд шилжүүлж байгаа. Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн хэмжээнд 2019 оны 8 дугаар сард хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 474 хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 11 буюу шалгасан хэргийн 2.3 хувийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн. Гэтэл зарим хэргийг шүүхээс нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан шийдвэр гарч 8-9 сар өнгөрсөн ч өнөөг хүртэл манай Мөрдөн шалгах хэлтэст ирүүлээгүй байна. Гэтэл энэ нь Авлигатай тэмцэх газар хэргийг зориуд удааж байгаа мэтээр хэвлэл, мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээнд худал мэдээлэл түгээх нөхцөл болж байна.
Тухайлбал, “Жаст групп” ХХК-ийн захирал Ш.Батхүү нарт холбогдох хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т шилжүүлсэн. НПГ-аас 2019 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. ХУД-ийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 3 дугаар сарын 5-ны өдөр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасныг НПГ-аас эс зөвшөөрч эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2019 оны 5 дугаар сарын 30-ны өдөр хэлэлцээд эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг албажуулан 2019 оны 6 дугаар сарын 18-ны өдөр НПГ-т ирүүлсэн. Ш.Батхүү нь 2019 оны 7 дугаар сарын 10-ны өдөр Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргасныг хүлээн аваад 2019 оны 8 дугаар сарын 17-ны өдөр шүүхэд хүргүүлсэн байна.
Э.Бат-Үүл, Б.Чулуудай нарт холбогдох эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагааг дуусгаж 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр шүүхэд шилжүүлэх саналтайгаар НПГ-т хүргүүлсэн. НПГ-аас шүүхэд шилжүүлснийг Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 11-ний өдөр урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. НПГ-аас эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх хянан хэлэлцээд 2019 оны 5 дугаар сарын 9-ний өдөр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Э.Бат-Үүлийн өмгөөлөгч нь 2019 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр бүлгийн 40.1 дэх хэсгийг үндэслэн хяналтын журмаар гомдол гаргасан. Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гомдлыг 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Улсын дээд шүүхэд хүргүүлсэн байна.
Эдгээр хэргүүдийн хувьд яллагдагч нарын гэм буруугийн асуудлыг хэлэлцээгүй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38, 40 дүгээр зүйлийг ашиглаж хэрэг шалгах процесстой холбоотой үндэслэлгүй гомдлыг удаа дараа гаргах замаар хугацаа хожсон үйлдэл гаргаж байна гэж Авлигатай тэмцэх газрын зүгээс үзэж байна. Товчхондоо, хуулиар гомдол гаргах эрх нь нээлттэй учир энэ мэтчилэн үндэслэлгүй гомдол удаа дараа гаргаж байшингаас байшингийн хооронд эдгээр хэргүүд бүхэл бүтэн 8-9 сар хүлээгдэж байна. Гэтэл үүнийг АТГ, прокурор, шүүхийн байгууллага буруутай мэт буруу ойлголт нийгэмд түгээж байна. Энэ бүх хугацаанд хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тоологдож байгаа бөгөөд зарим этгээдэд ял завшуулах боломжийг олгож байна. Хамгийн их удаж байгаа нь 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр шүүхэд шилжүүлэх саналтай шилжүүлсэн хэрэг өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй 3 жил болж байна.
Мөн Б.Гарамгайбаатар, Н.Батбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийг 2018 оны 9 дүгээр сард шүүхэд шилжүүлэх саналтайгаар шилжүүлсэн ч дээр дурдсанчлан удааширсаар хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болсон. Эрүүгийн зарим хэргүүд ч энэ мэтээр хэрэгсэхгүй болох магадлалтай. Мөрдөгч нарын хийсэн ажил ямар ч үр дүнгүй болж байна. Шүүхээр гэм буруутай эсэхээ тогтоолгох хэрэгтэй.
Авлигын гэмт хэрэгт том, жижиг гэдэг ойлголт байхгүй
Хэвлэлийн хурлын үеэр нэгэн бичлэг үзүүлэв. Энэ нь 2015-2016 онд үйлдэгдээд 2018 оны 1 дүгээр сард шүүхээр эцэслэн шийдвэрлэгдсэн хэрэг юм. Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын ахлах байцаагч нар давтан үйлдлээр, бүлэглэж болон дангаар хахууль авсан, нэр бүхий иргэд, компанийн ажилтнууд хахууль өгсөн, шүүгдэгчдийн зарим өмгөөлөгчид нь худал мэдүүлэг өгөх гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн зэрэг 34 хүнд холбогдох хэрэг ажээ.
Т.Баярхүү “Жишээ болгож 1 удаагийн үйлдлийг та бүхэнд мэдээлье. Жишээ нь, гаалийн улсын ахлах байцаагч нь бусадтай бүлэглэж, БНХАУ-аас импортоор оруулж буй 90 тонн олон нэр төрлийн бараа гаальд худал мэдүүлсний улмаас улсын төсөвт төвлөрөх ёстой 28.281.063 төгрөгийн татварыг төсөвт төвлөрүүлээгүйн хариуд нийт 4.500.000 төгрөгийн хахууль авсан нь тогтоогдож шүүхээс ял шийтгэсэн.
Сүүлийн 3 жилийн байдлаар АТГ-т гаалийн байгууллага, албан тушаалтантай холбоотой 52 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авч шалгасан, 42 эрүүгийн хэрэг шалгаж шийдвэрлэсэн байна. Өөрөөр хэлбэл, нөхцөл байдал өөрчлөгдөөгүй, гэмт хэрэг давтагдан гарсаар байгаа учраас үүнийг олон нийтэд харуулж байна. Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг удаагийн хоёр удаагийн зүйл гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. Хууль бус зүйл шаардаж байгаа бол АТГ-т мэдээлж хамтран ажиллаж байхыг хүсч байна.
Та бүхэн энэ мөнгөний хэмжээг харж байгаа байх. Өнгөц дүгнэхэд бага дүнтэй мөнгө харагдаж байна. Зориуд үүнийг “жараахай” барилаа, “спорт загасчлал хийлээ” гэх мэт ойлголт гарган нийгэмд түгээж байгаатай хэрхэвч санал нийлж болохгүй. Авлигын гэмт хэрэгт том, жижиг гэдэг ойлголт байхгүй. Зөвхөн нэг машин дээр жишээ татахад л өдөрт 90 тонн ачаа ямар ч хяналтгүйгээр улсын хилээр орж ирж, төсөвт орох ёстой 20 сая төгрөгийн татвар орохгүй байна. Мэдэгдсэн нь энэ боловч илрээгүй байгаа нь хэд байгаа бол?
Өнөөдөр бид хорт хавдар гэх мэт хүнд өвчин, түүнээс гадна олон төрлийн халдварт өвчин газар авч, өсвөр үе, хүүхэд залуус хар тамхины асуудалд ихээр холбогдож байгаагийн нэг шалтгаан бол энэ мөн. 28 сая төгрөгийн татвар төлөгдөөгүй, 4,5 сая төгрөг хахуульд авсан гэдэг бол ил нүдэнд харагдаж байгаа хор уршиг. Үүний цаана хэдэн хүний амь нас, эрүүл мэндийн асуудал яригдаж байгаа гээд үзвэл жижиг мэт боловч энэ хэргийн нийгэмд учруулж буй шууд бус хор уршгийг тооцох аргагүй юм. Мөн энэ хэрээрээ шударга ёс алдагддаг. Адилхан бизнес хийж байгаа 2 хүний нэг нь хахууль өгөх замаар татвараас зайлсхийж, хэдхэн цагийн дотор хил нэвтэрч, хямд үнээр бараагаа зардаг. Гэтэл шударгаар хөдөлмөрлөж байгаа нь өндөр татвар төлж, олон өдөр хил дээр хүлээдэг. Татвар өндөр төлсөн учраас бараагаа өндөр үнээр зарах болдог. Өндөр үнэтэй гээд борлуулалтгүй болдог. Энэ нь шударгаар бизнес, худалдаа наймаа хийж буй хүмүүсийг эрсдэлд оруулдаг.
Энэ нь нэг байгууллагыг тэр чигээрээ муу ажиллаж байна гэж хэлж байгаа биш, энэ мэт хувийн эрх ашгаа дээгүүр тавьсан шударга бус этгээдүүдийн гэмт үйлдлийн улмаас ихээхэн хэмжээний хохирол учирч байгаа гэдгийг олон нийтэд анхааруулж, үүнээс урьдчилан сэргийлж, илрүүлж, таслан зогсооход хүн бүрийн оролцоо чухал юм шүү гэдгийг хэлэхийг хүсч байна. Төрийн бүх шатны байгууллагуудын хувьд ч энэ мэт авлигын гэмт хэрэг гарахад нөлөөлж байгаа шалтгаан, нөхцөлийг арилгах чиглэлээр бодитой, үр дүнтэй ажил, арга хэмжээ зохион байгуулах хэрэгтэй” гэлээ.

URL:

Сэтгэгдэл бичих