Энэ парламент үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй юу?
“ТВ-9” телевиз “Үндсэн хуулийг өнгөцхөн засах уу, Үндсээр нь өөрчлөх үү?” цуврал хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаа билээ. Ээлжит хэлэлцүүлэгт Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьян, Монголын хуульчдын холбооны мэргэжлийн дүрэм, ёс зүйн хорооны дарга Н.Баасанжав, “Их цааз, их эргэлт” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр, Эдийн засагч Ч.Тогоо нар оролцож, “Энэ их хурал Үндсэн хуульд өөрчлөлт оруулах эрхтэй юу” сэдвээр байр сууриа илэрхийллээ. Зочдын ярилцлагаас онцлох эшлэлүүдийг хүргэж байна.
Нийслэлийн МАХН-ын дарга Э.Эрдэнэжамьян: ЗАСГИЙН ГАЗАР, ПАРЛАМЕНТ ХОЁУЛАА АРД ТҮМНЭЭС СОНГОГДДОГ БАЙХ ЁСТОЙ
-1992 оны Үндсэн хууль өнөөгийн хэрэгцээ шаардлагыг хангаж чадахгүй байна гэдгийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй.
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд явж байгаа Засгийн газрын тухай ойлголтыг нэн түрүүнд өөрчлөх хэрэгтэй. Засгийн газар бол ард түмний өмнө хуулийн биелэлтийг хангах ёстой байгууллага. Үндсэн хуулийн онолд Засгийн газар, УИХ буюу хууль тогтоох байгууллага тусдаа байх ёстой гэж заасан байдаг. Гэтэл манай Засгийн газар, УИХ-аас төрөн гарч, тэндээс хамааралтай байгаад байна.
-Засгийн газар ард түмнээс сонгогддог байсан бол ард түмнийхээ амьдралд анхаараад явах байсан. Харин өнөөдөр Засгийн газар, УИХ-ын ашиг сонирхлын бүлэгт л үйлчилж байна. Одоо Үндсэн хуулийн өөрчлөлт ч буруу тийшээ явж байна.
-УИХ-аас хараат Засгийн газар бол хууль тогтоогчид болон хууль тогтоогч намуудын эрх ашгийг хангаж байдаг. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ард түмний төлөө өөрчлөлт орох ёстой байсан ч харамсалтай нь тийм зүйл байхгүй байна.
-Анх АН-ыхан Засгийн газарт Ерөнхий сайдаас гадна дөрвөн хүн давхар дээлтэй байж болох тухай санал оруулж ирсэн. Энэхүү саналыг түүхийн агуулгын үүднээс авч үзвэл 100-гаад жилийн өмнө Ерөнхий сайд Ш.Бадамдорж гэдэг хүн Хятадтай хамтраад тунхаг бичиг гэж гаргаж байсантай туйлын ижил байгаа юм.
-Засгийн газар, УИХ хоёр тусдаа байх ёстой. Хоёулаа ард түмнээс сонгогддог байх ёстой. Үүнийг өөрчлөхгүйгээр хэлбэрийн төдий зүйлийг өөрчлөөд юу ч авчрахгүй. Ерөнхий сайд, УИХ-аас хамааралтай байвал наймаалцал, хууль бус зүйл зогсохгүй.
-Парламентын засаглалын нэг том алдаа нь нэг намын дарга бүгдийнх нь дарга байгаа юм.
Монголын хуульчдын холбооны мэргэжлийн дүрэм, ёс зүйн хорооны дарга Н.Баасанжав: ШҮҮХ ЗАСАГЛАЛЫГ НЭН ТҮРҮҮНД ӨӨРЧЛӨХ ХЭРЭГТЭЙ
-Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг хийх нь цаг хугацааны асуудал байсан. Тэр цаг хугацаа нь өнөөдөр болсон байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах журмын тухай хуулиараа, удаа дараагийн хэлэлцүүлгээрээ ард нийтээр хэлэлцлээ.
-Нэр бүхий 62 гишүүн саналаа нэгтгэж гаргасан өөрчлөлтийн төсөл гэж би урьд өмнө нь сонсож байгаагүй. Гэхдээ олон хүний санал нэгдсэн юм чинь их хүчтэй төсөл байх гэж бодож байна. Мөн Ерөнхийлөгч хууль санаачлах эрхийн дагуу саналаа нэмж зөвшилцөхөөр оруулж ирсэн нь уг нь ардчилалын зарчим мөн.
-Үндсэн хуулийн өөрчлөлтөөр шүүх засаглалыг нэн тэргүүнд өөрчлөх ёстой.
-Өнөөдөр Засгийн газар нь тогтвортой байж чаддаггүй, гишүүдийн хүсэлтийг хүн бүрээр хэлэлцдэг. Эргээд энэ байдал нь Засгийн газрын гишүүд болон Ерөнхий сайддаа захирагдах байдалд хүргээд байна.
-Ард түмнээс сонгогдсон Засгийн газар байгуулмаар байна. УИХ-даа олонхи болсон нь Ерөнхий сайдаа томилдог.Үүнийг болиулмаар байна.
-Кабинетаараа хариуцлага хүлээдэг энэ системийг зөв гэж бодож байна.
-ШЕЗ-ийн гишүүнийг Ерөнхийлөгч томилдог. Таван гишүүнтэй. Энэ байгууллагын үндсэн чиг үүрэг нь шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах үүрэгтэй. Үүний чухал нэг элемент бол шүүгчийг томилох.
-Нэмэлт өөрчлөлтийн төсөлд ШЕЗ-ийн гишүүдийн тоог 10 болгоё. Таван гишүүнийг шүүгчид дотроосоо томилдог. Ерөнхийлөгч бол эцсийн байдлаар томилохгүй. ШЕЗ-ийн 10 гишүүний тавийг шүүгчид дотоод хуралдаанаараа томилно. Үлдсэн таван гишүүнийг нээлттэйгээр хэлэлцүүлсний үр дүнд УИХ томилно гэсэн байсан.
“Их цааз, их эргэлт” хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Ц.Мөнхбаяр: УИХ ХОЁР ТАНХИМТАЙ БАЙХ НЬ ЗӨВ
-Сүүлийн 27 жилийн амьдралдаа монголчууд бид онош тавих болсон. Үндсэн хуулийг өөрчлөх, яагаад өөрчлөх ёстой талаараа онош тавих ёстой. Нэгэнт нийтээрээ оношоо тавиагүй самуурч байгаа энэ үед хуулийг өөрчлөх нь зохимжгүй.
-Засаглалыг бүхэлд нь өөрчлөх ёстой.
-Өнөөдрийн УИХ бол эрх мэдэл, байр сууриа хадгалж үлдэх гэсэн эцсийн оролдогоо хийж байна. Үйлдэл үг болгон нь Монголын эсрэг болчихсон байна.
-Ерөнхийлөгч ард түмнээсээ сонгогдсон бол Засгийн газраа өөрөө байгуулах ёстой. Их хурлыг хоёр танхимтай байх нь зөв.
-Үндсэн хуулийг сахиулах ёстой Үндсэн хуулийн цэц сонгогдох ёстой.
-“Их цааз” гээд номондоо Үндсэн хуулийг бүхлээр нь багтаасан байгаа юм. Энд юу гэж заасан бэ гэхээр шүүхийг сонгодог байхаар гаргасан. Үндсэн хуулийн цэц шүүх мөн, биш гэж явдаг харин их цааз номонд бол мөн гэдэг гаргалгааг харуулсан.
-Сонгох, сонгогдох эрхийг ардчилсан сонгууль нэрээр явуулж ирсэн. Энэ нь буруу. Сонгох, сонгогдох эрхийг тунхагласан хэрнээ сонгуулийн үйл явцын үед намаас нэр дэвшсэн хүн л гарч ирдэг.
-Намгүйгээр төрийг байгуулах ёстой.
-УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэж юу байх вэ. Луйварчдаа нуух л гэсэн хэрэг.
-УИХ-ын гишүүний халдашгүй байдал гэдгийг хуульдаа зохицуулсан байдаг. Энэ нь яаж луйвар хийх вэ гэдгээ баталгаажуулж явсаар өнөөдрийн байдалд хүрсэн байна.
-Хууль шүүхийн өмнө бүгд эрх тэгш байна гэдэг зарчим алдагдсан нийгэмд бий болчихлоо.
Эдийн засагч Ч.Тогоо: ӨНГӨРСӨН ХУГАЦААНД 200 ГАРУЙ ХУУЛЬ ҮНДСЭН ХУУЛЬ ЗӨРЧИЖ ГАРСАН
– Ерөнхий сайдыг томилох огцруулах асуудал бол юу ч биш. Монголын төр өнгөрсөн 20 жилд хөлөөрөө толгой хийж, толгойгоороо хөл хийж өнөөдрийг хүрсэн.
-1992 онд батлагдсан Үндсэн хуулийг өмнө нь хэлэлгүйгээр зассан. Хүмүүнлэг ардчилсан нийгмийг байгуулна гэж 1992 оны Үндсэн хуульд заасан байдаг. Гэтэл Эзэн богд Чингис хаан хэлсэн байдаг. Хаан хүн алдаж болохгүй, хатан хүн урваж болохгүй, харц хүн цөхөрч болохгүй гэж заасан байдаг. Тиймээс хууль завхруулсан эзнийг олох ёстой.
-Төрд байгаа хүмүүс бүгд гэмт хэрэгтнүүд. Энэ хүмүүсийн ярианд автаад юуг өөрчлөх ёстой юм, яах ёстой юм гэж биш хүмүүнлэг ардчилсан нийгэм хаачив гэдгийг хэлэлцмээр байна. 20 жилийн хугацаанд алдсан оносон зүйлсээ гаргаж ирсэн байх ёстой.
-Яагаад зэрлэг капиталист зам руу орсон гэдгээ гаргаж ирэх ёстой.-Үндсэн хуульд Ерөнхий сайдыг томилох хугацаа гэж байдаг. Тэрийг өөрсдөө л өөрчилдөг шүү дээ.
-Хоёр танхимтай парламенттай, хүчирхэг Ерөнхийлөгчтэй болсон цагт Монгол Улс хөгжинө. Ерөнхий сайд бол үзэмжийн асуудал юм.
-Өнгөрсөн хугацаанд 200 гаруй хууль Үндсэн хууль зөрчиж гарсан байгаа юм. Дордохын долоон өөрчлөлтийг Үндсэн хуулийн цэц хуралдаад хүчингүй болгосон. Гэтэл 20 жил түүнийг мөрдөж байна.
-Дордохын долоон өөрчлөлтийг горьдож бид 20 жил болсон. Одоо дордохын 50 өөрчлөлтийг хөөрөлдвөл миний нас хүрэхгүй байх.
-Шүүгч бол ноён болон хулгайчдыг дохисон цагт л түүн рүү хөдөлдөг. Энэ зэрлэг капитализм руу оруулж байгаа юм.
Б.Баяржавхлан
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
URL: