Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр: “Андын ёс” гэх ойлголт залууст үгүйлэгдэж байна
Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяртай ярилцлаа.
-Сүүлийн үед “гэр бүлийн үнэт зүйл” гэж их ярих боллоо. Оюутан залуусыг ч энэ сэдэв рүү хандуулахыг хичээж байх шиг. Үүний ач холбогдол юу вэ?
-Хүний хөгжлийн тухай ярихаар бид дандаа боловсролтой байх, эрүүл байх, ажилтай байх гэсэн гурван шалгуурыг голлож тавьдаг. Гэтэл үүний цаана гэр бүлийн үнэт зүйл гэх маш том ойлголт байна. Хүн бүр гэр бүлийн гишүүн. Тиймээс төлөв төвшин, сайн хүн болохын тулд гэр бүлийн хүмүүжил, уур амьсгал, үнэт зүйлс маш чухал гэдгийг эцэг эхчүүдэд болон хүүхдүүдэд бүр багаас нь ойлгуулмаар байна. Чи аль сургууль төгссөн, ямар боловсрол эзэмшсэн гэхээсээ хувь иргэнийхээ хувьд хэр хүн болж төлөвшсөн бэ гэдэг нь амьдралд гол шалгуур болно. Үнэндээ эцэг эхээ дээдлэх, ах захаа хүндлэх итгэл үнэмшил сүүлийн хорин жилд бүдгэрчихсэн байна. Үүнийг сэргээхэд л гол зорилго оршиж байна.
-Дунд сургуулийн хөтөлбөрт иргэний боловсрол гэж хичээл орж байгаа. Энэ хичээлийн агуулгыг өөрчилж байгаа гэсэн. Шинээр ямар агуулга орж байна вэ?
- “Монгол хүн” гэдэг үнэт зүйлийг товойлгоход голлон анхаарч байгаа. Ер нь салбарын яам бол зөвхөн боловсрол, соёл, шинжлэх ухаантай холбоотой асуудлыг эрхлэх биш хувь иргэндээ хандсан, ирээдүйн төлөвшилд нь анхаарсан бодлого барьж байх ёстой. Урьд нь иргэний боловсролын хичээлээр иргэний эрх, ардчилал, хуульт ёс гэх мэтийг хүүхдүүдэд таниулахыг зорьдог байсан бол сүүлийн жилүүдэд монгол хүний тэмүүлэл, үндэсний бахархал юу байх ёстой вэ гэдэг рүү хандуулж байна л даа. Ах захаа дээдлэх, ёс заншлаа хүндлэх, сайн муу, авах гээхийн ухагдахууны тухай энд ярих юм. Тэгэхгүй бол монгол хүн юуг эрхэмлэж явах ёстой вэ, бусдаас юугаараа ялгарах ёстой вэ гэдэг ойлголт дайршлын эрин зуунд улам алга болох төлөвтэй байна.
Сүүлийн үед гарч байгаа гэмт хэргүүдийг харахад л хүний үнэт зүйлс ямар их алдагдсан юм бэ гэсэн харуусал эрхгүй төрж байна. Хүмүүсийн хоорондын харьцаа, “андын ёс” гэдэг ойлголт бараг үгүй болсон. Уншигчид мэдэж л байгаа байх, Чингис хаан “андын ёс”-ны хүчээр дэлхийн талыг эрхшээж, тэр том эзэнт гүрнийг эмхэлсэн шүү дээ. Андын тангараг тавьж, түүндээ үнэнч байх, бусдад итгэх болон бусдын итгэлийг даах гэдэг ойлголтууд хүний өөрийнх нь эрхэмлэх ёстой үнэт зүйлийн нэг хэсэг. Гэтэл өнөөдөр хүмүүс бие биедээ итгэхээ больчихсон. Хүн хүнийхээ итгэлийг дааж явах тухай ч бодохоо больсон. Ганц ярьдаг юм нь “Би хардах эрхтэй”. Юм бүхнийг дандаа харлуулж, муугаар бодоод байвал оюун санаа ч түүнийг дагана. Хүнд итгэж сурна гэдэг том чанар. Өнөөгийн нийгмийг бий болгосон Францын хувьсгалын уриаг бид “эв нэгдэл” гэж буруу орчуулаад байгаа юм. Зүй нь алтарнитив буюу “Ах дүүгийн ёсон” гэж орчуулах ёстой. Хүн хүнтэйгээ тэгш эрхтэй, хүн хүнээ хүндэлж ах дүү шиг харьцдаг байхыг номлосон ойлголт байх юм. Үүнийг сэргээе гэж ярьж байна.
-Манай суурь боловсролын тогтолцоо академик мэдлэгийг голлоод, хүний хөгжил талыг орхигдуулдаг нь энэ бүхий шалтгаан юм болов уу?
-Би энэ тал дээр нэлээд шүүмжлэлтэй ханддаг. Сүүлийн хорин жилийн боловсролын системийн нэг доголдолтой тал гэж боддог. Заавал олгох ёстой суурь мэдлэгээ хэт шинжлэх ухаанжуулж өгсөн. Түүнээс гадна иргэний боловсрол гэхээр хүүхдийн эрх талаа голлоод явчихсан. Хүүхдэд эрхийг нь мэдүүлэх чухал, гэхдээ тэр тал руу нь хэт хэлбийлгэхээр хүүхдийн хүмүүжил, хүлээх үүрэг хоцроод байна. Иргэний боловсролын хичээлийн агуулгыг өөрчилж байгаагийн гол зорилго энэ. Хүүхдийн эрх үүргийн нэгдлийг зөв ойлгуулах, зөв хүн болгож хүмүүжүүлэх талаас нь анхаарах хэрэгтэй.
Манайд хүүхдийн асуудлыг хоёр өөр газар хариуцаж байна. Хүмүүжлийн холбогдолтой асуудал Хүүхдийн төлөө үндэсний газар дээр, боловсрол, сургалт нь салбарын яаман дээр байх жишээтэй. Бид үүнийг аль болох нэгтгэхийг зорьж байгаа. Хичээлийн хажуугаар хүүхдийг дугуйланд хамруулж нийгэмшүүлэх, өв тэгш хүмүүжүүлэх бодлого барьж байна. Тиймдээ ч сайн секц дугуйлан ажиллуулсан шилдэг 30 сургуулийг жил бүр шалгаруулж таван сая төгрөгийн урамшуулал олгож байна. Дан ном уншаад сайн хүн болохгүй. Утга зохиол, урлаг, биеийн тамир сонирхох хэрэгтэй. Хөвгүүдэд бол ялангуяа инженерийн сэтгэлгээ их дутаж байна. Дунд сургууль төгсөж байгаа хүүхдүүдийн бараг 90 хувь нь хүмүүнлэгийн ухааны чиглэлээр явна гээд зогсч байна. Байгалийн ухаан бүр хаягдчихсан. Бидний үед Залуу техникчдийн ордон гэж байсан, одоо байхгүй. Уул нь бол инженерүүд эд баялгийг бүтээж, улстөрчид устгадаг гэдэг шүү дээ. Эрэгтэй хүүхдүүдийг зохион бүтээх ажилд уриалан дууддаг, хүсэл сонирхлыг нь төрүүлдэг, урамшуулдаг тогтолцоо байхгүй болоод удсан учир бодлогын зохицуулалт хийхдээ хүрч байна.
-Монгол залуус нэг л их албан өрөөний ажилтан болохыг илүүд үзэх болсон шиг. Ажлын байраа судлахгүй байж хуульч, эдийн засагч гэх мэт рүү л шуурах юм?
-Ер нь бол төгсч гарсан оюутнуудын 34 хувь л ажилтай болдог. Үлдсэн 70 хувь нь эрэлт хэрэгцээгүй мэргэжлээр сурчихсан болж таарч байна. Тэгэхээр хүүхдүүдэд мэргэжлийн сонголт хийхэд нь туслах хэрэгтэй байна. Нэг үеэ бодоход Засгийн газар энэ тал дээр нэлээд анхаарч байна. Жил бүрийн хоёрдугаар сард эрэлт хэрэгцээтэй мэргэжлүүдийг зарлаж байгаа. Энэ жил ийм ийм мэргэжил хэрэгтэй, энэ чиглэлээр сурч байгаа, төгсөж гарсан оюутан залуусыг дэмжинэ гэх байдлаар. Гэхдээ манай өнөөгийн боловсролын тогтолцоо иргэн хүний өөрийнх нь сонголтоор явдаг. Хуучин нийгмийн үе шиг хөдөлмөрийн зах зээлийн эрэлтийг харж байгаад захиалга өгдөг тогтолцоогоор биш. Тиймээс иргэн хүн дунд сургууль төгсөөд өөрийн сонголтоо дагавал Засгийн газар түүнд нөлөөлөх ямар ч боломжгүй. Засгийн газар ямар бодлого явуулж байна гэхээр эрэлт хэрэгцээтэй мэргэжлийг нь тодорхойлоод, тэр мэргэжлээр сурч байгаа хүүхдүүдэд дэмжлэг үзүүлэх л бодлого барина. Үнэхээр манай их дээд сургуулиуд хөдөлмөрийн зах зээлээ судалдаггүй нь үнэн. Төлбөр л авч байвал суръя гэснийг нь сургаад байдаг, төгсч гараад яах нь хамаагүй. Цаашид сургуулиудад төгсөгчдийн ажилд хамрагдсан байдлаар нь шалгуур тогтоох, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, захиалгатай уялдуулахад голлон анхаарна. Ирэх сард болох эдийн засгийн форумын үеэр ч энэ тухай ярина. Ганц боловсрол ч биш хүний хөгжил, ажлын байр, гэр бүлийн үнэт зүйлийн хүрээнд ярилцана. Боловсролын зорилго нь зөвхөн мэдлэгтэй болгох бус, харин иргэддээ мэдээллийн эринд ажиллах чадвар эзэмшvvлэхэд оршдог шүү дээ.
-Засгийн газар энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” болгон зарласан. Үүнийг боловсролын салбартай хэрхэн уялдуулах вэ?
-Эхнээсээ уялдуулаад явж байна. Улс хөгжөөд байдаг, гэтэл иргэндээ нялзахгүй байвал утгагүй. Хүний баталгаатай амьдралын хамгийн гол шалгуур нь тогтвортой орлого юм. Хэдий Хүний хөгжлийн сангаас хувь хишиг олгож байгаа ч энэ бол амьдралд хүрэлцэх мөнгө биш. Тиймээс аль болох ажлын байр нэмэгдүүлэх, түүнд оюутан залуусыг хамруулах чиглэлд илүү анхаарна. Одоогоор оюутны хөдөлмөрийн бирж ажиллаж байгаа. НХХЯ, нийслэлийн Хөдөлмөрийн бирж, БСШУЯ хамтардаг. Өнгөрсөн жилд 45 мянган оюутанг ажлын байранд зуучилсан дүн мэдээтэй байгаа. Цаашид хууль эрхзүйн зохицуулалт хийж өгөөд, “цагийн хөлс” гэдэг ойлголтыг баталгаажуулах ёстой. Өдрөөр сурдаг оюутан цаг зав багатай учир сар жилээр гэрээ байгуулж ажиллах боломжгүй. Тиймээс цагийн ажил, цагийн хөлс гэх мэт жишиг ойлголтыг Хөдөлмөрийн хуульд оруулах шаардлагатай байгаа. Мөн Хүний хөгжил сангаас оюутнуудад сургалтын төлбөр хэлбэрээр 500 мянган төгрөг олгож байгаатай холбогдуулан Төрийн сангийн тэтгэлгийн зориулалтыг өөрчлөөд байна.
Өмнө нь төрийн албан хаагч, малчдын нэг хүүхэд болон амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн хүүхэд л уг сангаас тэтгэлэг авах эрхтэй байсан бол одоо оюутан бүрт тэгш эрх үүсч байна. Ямар айлын хүүхэд гэдэг нь хамаагүй сайн л сурч чадвал тэтгэлэг авч, ажилд хурдан орох боломж ч нэмэгдэнэ. Ингэснээр өрсөлдөөн бий болж байна.
-Оюутны хотхон байгуулах, мэдээллийн технологийн инкубатор байгуулна гээд яриад байгаа. Энэ асуудал ямар шатанд явж байна вэ?
-Их сургуулийн хотхон байгуулах асуудлаар үндсэндээ хууль эрхзүйн бүх шийдвэр гараад Хятадын Засгийн газартай хэлэлцээ хийж эхлээд байна. Бид 2011 онд амжаад барилгын ажлыг эхлүүлэхээр хөөцөлдөж байна.
-Хамтарсан Засгийн газар ажиллаад үүрэгт хугацааныхаа талаас илүүг нь элээж байна. Мөрийн хөтөлбөр боловсролын салбарт хэр биелж байна вэ?
-Хоёр л зорилт хараахан биелээгүй байна. Нэг нь багш бүрийг компьютертэй болгох байгаа. УИХ, Засгийн газрын зохих шийдвэр нь гараад энэ онд хэрэгжүүлэхээр зориод ажиллаж байна. Нөгөө нь үдийн цайг үдийн хоол болгох хөтөлбөр байгаа. Энэ оноос туршилт нь хийгдээд явна. Бодлогоо зарлаад хөрөнгө оруулалт хийхээр тооцоолж байна. Үйл ажиллагааны хөтөлбөр талаас нь зүйлчилбэл нэг иймэрхүү. Ер нь бол хамтарсан Засгийн газар ажиллаад хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Сургуулийн өмнөх боловсролын салбарт суудлын тоо нэмэгдэж байна. Жилд дунджаар 3000-гаар нэмэгдлээ. Үүнийг ирэх жил зургаан мянга болгох сонирхолтой байгаа. Төрөлт ч бас нэмэгдэж байгаа нь холбоотой. Хэдий чинээ хүүхдүүдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байна, төдий чинээ дараагийн шатны боловсролын ачаалал хөнгөрнө л дөө. Ерөнхий боловсролын тухайд Кембрижийн стандартад шилжих ажил үндсэндээ эхэлчихлээ. Эхний лаборитори сургууль үйл ажиллагаагаа эхлүүлчихсэн байгаа. Ирэх есдүгээр сарын 1-нд эхлэх хичээлийн жилд 1,6-р ангийн хичээлийн туршилтыг явуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна. Кембрижийн их сургуультай ерөнхий тохиролцоо хийсэн. Удахгүй гэрээнд гарын үсэг зурахаар хүлээж байна.
-Мэргэжилтэй ажилтан бэлтгэх ажил хэр байна вэ. Манайхан орд газар гэж хэрэлдсээр тэнд ажиллах ажилчдыг хангалттай бэлтгээгүй шүү дээ?
-Яахав, ахиц гарч л байна. Нэгэн үе мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд сурдаг хүн ховордсон нь үнэн. Төрөөс ч ямар нэг зохицуулалт хийлгүй орхигдуулсан байсан. Одоо бол байдал дээрдэж байна. Тэтгэлэг өгдөг болсноор суралцагчид нэмэгдлээ. Тэтгэлгээс гадна төгсөж гараад ажлын байр хангалттай байгаа нь сурах сонирхлыг нэмэгдүүлж байна. Яамны зүгээс төрийн санхүүжилтээс гадна олон улсын байгууллага, хөрөнгө оруулагчдын санхүүжилтийг татах алхам хийж байна.
Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн тоо ч нэмэгдэж байна. Сургуулиас шилжиж ирж байгаа хүүхдүүдээс гадна насанд хүрсэн хүмүүст сургалт явуулж байгаа. Энэ жил 3300 хүн сурна. Энэ хүмүүс бүгд Оюутолгой төслийн санхүүжилтээр сурч байна. Зөвхөн Оюутолгой гэхэд 100 гаруй тэрбум төгрөгийн санхүүжилтийг дараагийн хоёр жилд мэргэжлийн боловсролын салбарт хийхээр тохиолцсон. Бусад уул уурхайн том төсөл хэрэгжвэл түүнийг дагасан санхүүжилт ороод явах байх.
-Дээд боловсролын салбарт өрсөлдөх чадвар нэмэгдүүлэхийг Засгийн газар зорьж байгаа. Энэ ажил хэр явцтай байна вэ?
-Юуны өмнө дээд боловсролын шинэчлэлийн замын зураглалыг ирэх арван жилээр баталчихсан. Бүтцийн өөрчлөлтөө хийчихсэн, зах замбараагүй олон их дээд сургууль байна гэж шүүмжлэгддэг байсныг нэлээд цэгцэллээ. Хамтарсан Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа хэрэгжиж эхлэхэд 154 их дээд сургууль байсан бол одоо яг өнөөдрийн байдлаар 112 байна. Гадаадын хөрөнгө оруулалттай нэг салбар нэмж байгуулагдсан, одоо дахин хоёр байгууллага үйл ажиллагааныхаа зөвшөөрлийг хөөцөлдөж байна. Энэ нь дэлхийн боловсролыг Монголд нутагшуулах, тэгснээрээ энэ салбарт өрсөлдөөн бий болгох зорилтын хүрээнд хийгдэж байгаа ажлууд юм.
-Соёл болон шинжлэх ухааны салбарт хийгдсэн гол ажлаас нэрлэхгүй юу?
-Соёлын салбарт менежмэнтийн шинэчлэл эхэлсэн. Энэ оноос эхлээд мэргэжлийн соёл урлагийн байгууллагууд орлогоо улсын төсөвт тушаахаа больж байгаа. Орлогоороо өөрсдийгөө санхүүжүүлэх зарчимд шилжсэн нь энэ салбарыг хөгжүүлэх үндэс юм. Түүнчлэн соёлын томоохон өвүүдээ ЮНЕСКО-д бүртгүүлэх ажил нэлээд урагштай байлаа. Дэлхийн хэмжээнд нийт 84 өв бүртгэгдсэнээс найм нь Монголын өв байлаа. Урд хөрштэй маргаан үүсгээд байсан биет бус өвүүд ч манайд ашигтай шийдэгдсэн. Харин шинжлэх ухааны салбарын мененжмэнтийн шинэчлэлийн бодлогын талаар Засгийн газар баримт бичиг батлагдсан. Энэ оноос эхлээд шинжлэх ухааны салбарыг инноваци руу, өөрөөр хэлбэл эдийн засагт өгөх үр өгөөжөөр нь хэмждэг бодлого руу шилжиж байгаа. Тодорхой хугацааны дараа үр дүн харагдана гэдэгт итгэлтэй байна.
Э.Адъяасүрэн
URL: